Categories
мэдээ цаг-үе

Э.Цолмонбаяр: Монголын “Яг түүн шиг” шоуг Азидаа шилдэг нь гэж гаднынхан дүгнэсэн

“Өдрийн сонин”-ы №158 дугаараас авч нийтлэв.


“Яг түүн шиг” шоуны хөтлөгч Э.Цолмонбаяртай ярилцлаа.

-“Яг түүн шиг” шоу олны талархлыг их хүлээж байна. Анх энэхүү нэвтрүүлгийг хөтлөх саналыг анх хэрхэн хүлээж авч байв?

-“Яг түүн шиг шоу”-г хөтлөхийг дуулаад өөр улс орны хийсэн нэвтрүүлгийг үзсэн л дээ. Яг л миний сэтгэлийн шоу байна даа гэж бодогдсон. Гадныхны нэвтрүүлгийг үзэж байхад их л мундаг, чадварлаг хүмүүс хөтөлсөн байна лээ. Хөтлөхөөр болсондоо их баяртай байсан. Quiza-тай уулзсан. Quiza текст дээр ажиллахдаа чадварлаг. Аягүй мэдрэмжтэй. Quiza миний хөтлөлтийн текстийг бэлдэж өгдөг. Мөн “Боловсрол” телевизийн хоёр редактор бид хэд нийлж ажилладаг.

-Тайзан дээрх таны хувцаслалт маш чамин, гоёмсог харагддаг. Та костьюмоо захиалж хийлгэдэг үү, худалдаж авдаг уу?

-Би нэвтрүүлэг болгоны өмнө дэлгүүр зорьж ороод сонголт хийж байгаад худалдаж авдаг. Улаанбаатараасаа л авдаг юм ш дээ (инээв).

-Та хөтлөгч. Гэхдээ хувь хүнийхээ үүднээс аль оролцогчийг дэмжиж байна?

-Найман оролцогчийг бүгдийг нь сэтгэл зүрхнээсээ дэмждэг. Хоёр загвар өмсөгч, жүжигчин Мөнхсоёл, ямар их авьяастай байна вэ. Урлагийн болоод жүжигчид дуулах хэцүү дууг хичээл зүтгэлийнхээ үр дүнд дуулж, өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж чадаж байна ш дээ. Нүүр хувиргалт, жүжиглэлтээрээ гаргаж байна. Зоригтой, дайчин чанар их харагдсан даа. Мөнхсоёлд мэдрэмж, авьяас байна аа байна. Дуучидтай бол юу ярих вэ. Энхзол ямар гайхалтай дуулдаг. Амархүүд бас нэг өөрийн гэсэн онцлог байна л даа. Классик, мэдрэмж сайтай. Үнэхээр гайхалтай. Баярцэнгэл гэж мундаг авьяастай хэрнээ энгийн залуу байна. Маралжингоогийн хоолой нь их өвөрмөц. Дуучин Маралжингоог хүмүүс нэг л төрлийн гэж ярьдаг байсан бол өнөөдөр шоугаар дамжуулж түүний авьяасыг биширч байна. “Камертон” хамтлагийн Ганаа байна. Бүр жаахан байхаасаа л сонсдог байсан. Тэгэхэд хамгийн ахмад нь гээд намба заагаад л явж байна. Энэ шоуг үнэлж дүгнэнэ гэхээр их хэцүү л дээ (инээв).

-“Яг түүн шиг” шоуг сайн болж байна гэх нэгэн байхад шүүмжлэх нэгэн ч байна. Харин таны хувьд шоуны тухайд ямар дүгнэлт өгмөөр байна ?

-Энэ шоуг манай “Боловсрол” суваг телевизийнхэн албан ёсны эрхийн дагуу хүргэж байна. Бид анхны туршилтын дугаараа гаргаж байна шүү дээ. Гаднын томчууд бүгд үзэж байгаа. Бидэнд гайхалтай үнэлгээ өгсөн л дөө. Америк, Орос, Испани, Голланд, Вьетнам, Тайвань гэх мэт улс орнууд зохион байгуулж хийсэн дээ. Тэгэхэд бидэнд нэг үнэлгээ өгсөн. Та нар Азидаа шилдэг нь байж чадаж байна. Тайз засалт, дууны сонголт, оролцогчдын эмоци бүх зүйл төгс байна гэж гаднынхан дүгнэсэн.

-Шоу цаашдаа үргэлжлэх болов уу?

-Би шоуг цаашид үргэлжлэх байх гэж бодож байгаа. Энэ шоунд оролцохыг хүссэн маш олон уран бүтээлч байна гэдгийг сонссон. Шоу ийм сайхан гэж үү гэдгийг монголчууд дотооддоо болон гадаадад мэдрүүлж чадлаа ш дээ. “Боловсрол” суваг телевизийн захирал, продюсер залуучуудад Монголын телевизийн энтертайнмэнт урлагийг хийж байгаа бүх хүнд баярлах хэрэгтэй. Энэ бол өрсөлдөөн. Үүний араас ямар шоуг хэн хийх, аль телевиз ямар шоу гаргахыг мэдэхгүй ш дээ. Бид өөрсдөө үүнээс илүү Монголдоо шоу хийж болно. Тэгээд дэлхийд гаргаж яагаад болохгүй гэж. Монголын шоуг дэлхийд гаргаж байна гээд төсөөл дөө. Үүний төлөө яв л даа. Энэ нэвтрүүлгийг хийснээр багаар ажиллах, яаж найруулах, яаж монтажлах, нүүр будалт хэрхэн хийх, олон чадварыг суралцах боломжтой.

Анхны юм бүхэн алдаа оноотой мөн амжилт дагуулж байдаг шүү дээ. “Яг түүн шиг” шоу бол ямар ч амбиц, пиар, улс төр байхгүй. Хамгийн олон үзэгчтэй цаг үеийн рекордыг тогтоож байна. Одоо “Яг түүн шиг” шоуны финалын дугаарууд үнэхээр гайхалтай болно.

-Цовоо сэргэлэн Цоомоогийн хүүхэд насны дурсамжаас хуваалцаж болох уу?

-Аав, ээж хоёр Архангай аймгийн хүмүүс. Би хотод төрсөн, өссөн газар Долоон буудал. Зургаа, долоон буудал хоёрын хооронд чулуугаар байлддаг уулын хажууд өссөн дөө. Айлын ууган хүүхэд. Тиймээс эрт биеэ даасан. Манай ээж үсчин байсан. Ээж маань их ажилтай байдаг байлаа. Аавынхаа талаар сайн мэддэггүй юм. Ээжийнхээ санааг зовоочихно гээд асуудаггүй байсан. Эртнээс хоёр эмэгтэй дүүгээ хараад өссөн дөө. Ах, эгч гэж байхгүй учраас багаасаа хүний арга эв олж явдаг, нийтэч хүүхэд байсан. Ээж ажилдаа явсан хойгуур гудамжинд тоглоод л өнжинө. Сүүдэртэй газар хоёр дүүгээ авч очоод тоглодог байсан. Нар тусахаар сүүдэртэй газар олж ширдэг дэвсээд, сагсны шийдэн дээр ах нарын тоглохыг харж, эсвэл дүү нартайгаа тоглоод л өссөн дөө.

-Та багадаа барилддаг байсан гэв үү?

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийг төгссөн. Багаасаа бөхийн дугуйланд явдаг байлаа. Өөрөө их барилдах сонирхолтой байсан. Гэвч багш нар хэлдэг байсан л даа. “За хүү минь, иймэрхүүү онц гойд бие, авьяасгүй хүн бөх болно гэж байхгүй. Спорт хөөгөөд хэрэггүй гэж хэлдэг байсан. Би өөрөө барилдах хүсэлтэй байлаа. Харин ээж маань СУИС-д оруулах гэж их зүтгэсэн. Тухайн үед дургүйд хүчгүй гэгчээр их ундууцна. Тэгээд СУИС-ийн шалгаруулалтад тэнцээгүй. Гэртээ ирээд “Ээж харж байгаа биз дээ. Угаасаа урлагийн хүн болохгүй” гэсэн. Нэг жил ажил хийсэн л дээ. Тэгээд Бооёо ахаараа бэлдүүлж байгаад орсон. Эргээд харахад ээжийнхээ үгэнд орно гэдэг үргэлж зөв сонголт юм билээ. Эх хүний зөн совин гэдэг ямар ч бөө, мэргэн ламаас илүү байдаг.

-Жүжигчин болоход ээжээс тань өөр ямар нэг зүйл нөлөөлсөн үү?

-Хүний хувь тавилан гэж их сонин юм байна лээ. Би гуравдугаар ангиас тавдугаар анги руу үсэрч орсон. Тав, зургадугаар анги хүртлээ их даруухан хүүхэд байлаа. Хичээл номоо их сайн хийдэг. Ээжийн бага дүү нь надтай чацуу. Сургуульд хамт явдаг байлаа. Тавдугаар анги хүртлээ нагацдаа хөтлүүлээд харьчихдаг байсан даа. Хүүхдүүд их шоолно. “Байнга хөтлүүлж явдаг, доожоогүй юм аа” гэнэ. Тэгээд зургадугаар ангид ороод гэнэт задарсан. Ангид нэг, хоёрдугаар атаман шалгаруулж, зодоонд оролцдог боллоо. Тэр жил манай багш намайг сургуулийн алиалагч бол гэж байсан. Сургуулийн алиалагч болсны дараа хөтлөгч болж байлаа. Мөн “Дэвжээ” тэмцээнд оролцдог. Энэ үеэр л жүжигчин болох эхлэл тавигдаж байж. Ээж маань харж, ажигласан байна лээ. Урлагт өөрөө дургүй, багш нар Цолмонбаярыг аваад ир, оруул гэдэг байсан.Тухайн үед урлагийн үзлэгийн шалгаруулалт явагддаг. Нэг мэдэхэд л оролцоод явж байдаг болсон доо.

– Хүүхэд байхдаа хамгийн анх “Би эндээс явахгүй” кинонд тоглож дүрээ мөнхөлсөн байдаг. Яаж яваад кинонд тоглох болсон тухайгаа хуваалцахгүй юу?

-Би анх найруулагч агсан Ганбаатар ахын кинонд тоглож байсан. 1993 онд гуравдугаар ангид байхдаа, “Би эндээс явахгүй” гэдэг кинонд дүрээ үлдээсэн. Ганбаатар ах мундаг, чадварлаг найруулагч байсан. И.Оюун гуайн зохиолоор хийгдсэн бүтээл. Монголын анхны видео кино л доо. Тэр кинонд өөрийнхөө бага насны дүрийг үлдээж, мөнхөлсөндөө маш баяртай байдаг. Ээж минь тэр үед магнайгаа тэнийтэл баярлаж байсан даа. Намайг дунд сургуульд байхад тэр кино гарсны дараа хүмүүс намайг их таньдаг болсон ш дээ (инээв). Автобусанд явж байхад чи нөгөө “Би эндээс явахгүй” кинонд тоглосон хүүхэд байна гээд. Би их ичимхий хүүхэд байсан. Үгүй гэдэг байлаа (инээв).

-“Тв коктейль” хамтлагийн дурсамж бүхэн таны амьдралтай салшгүй холбоотой болов уу?

-“Тв коктейль” хамтлагтай үлдсэн дурсамжууд минь их байна даа. Хамгийн анх “Guys” болон “Acapеlla” хамтлагийн гишүүд хамтарч хийсэн уран бүтээл бол “Сайн уу амьдрал минь” юм шүү дээ. Биднийг нийгэмд таниулсан гэж хэлж болно. Мөн ард түмэнд дохио өгсөн анхны бүтээл байлаа шүү. Дараа нь “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд” , “Босуул” гэх мэт бүтээл дээр ажиллажээ. Өскө, Аюуш бид хэд ярилцаж байсан л даа. Өөрсдийгөө таниулъя, телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг бэлтгэж гаргая гэж байсан. Гэхдээ бид телевизийн хамтлаг ч гэсэн урлагийнхаа тогоонд коктейль шиг байя гэж шийдсэн. Коктейль бол дарс бүхний амтыг нийлүүлж байгаад нэг дарс гаргадаг. Тайз, дэлгэц, шоу бүх л зүйлийг сонирхож хийе гэж шийдсэн л дээ. Францын шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” драмын сонгодог жүжгийг Ж.Сэнгэдорж найруулагчтайгаа хамтарч амжилттай гаргаж байсан.

-Сүүлийн үед продюсероор нэлээд ажиллаж байх шиг. Продюсер болох таны ирээдүйн зорилго уу?

-Сүүлийн үед продюсерын ажил надад тохирох юм шиг санагдсан л даа. Яваандаа продюсерын чиглэлээр номын дуу сонсоно гэж бодож байгаа. Кинонд тоглохоосоо гадна уран бүтээлийн арын ажлыг хийхийг хүсч байна. Залуу хүн учраас өөр зорилго ч байна. Монголчууд дэлхийн шоунуудыг албан ёсны эрхтэй гаргаж байна. Цаашид Монголын шинэ уран бүтээлчид гарч ирснээр Монголын гэсэн тодотголтой үндэсний хэв маягийг агуулсан шоу дэлхий нийтийг байлдан дагуулж байхыг үгүйсгэхгүй. Монгол кино дэлхийд гарах ч юм бил үү. Жүжигчин Амраа ах, Анхням, Цэрэнболд гээд жүжигчид минь Холливудын нэртэй кинонд тоглож байна. Монгол найруулагч, зохиолч, жүжигчид, операторууд багаараа дэлхийд гарах хэрэгтэй. Гол нь өөрөө гадагшаа яваад хэл сураад байхдаа биш. Гэхдээ хүн өөрийгөө хөгжүүлэх ёстой л доо. Сайн, муу ажиллах уу гэдэг бол хувийн Цолмонбаярын хариуцлагын асуудал. Хэн ч байсан хувь хүний амжилт шүү дээ. “Тв коктейль” хамтлагийн зорилго бол бид хувиа бодохоос илүүтэй том зүйл рүү зорьж тэмүүлдэг болсон. Бид монголд зөндөө л кино, уран бүтээл хийлээ.Болж л байна л даа. Гэхдээ илүү том сэтгэх хэрэгтэй. Гаднынхантай хамтрах хэрэгтэй. Монголыг харах, Монголын уран бүтээлчдийг харах өнцгүүд нээгдэж эхэлнэ. Монголчуудтай хамтарч эхэлнэ. Монгол ёс, хэл, заншил, түүхээрээ найруулгатай уран бүтээл гаргах бололцоо байна шүү дээ. Тэрийг дагаад Монголын дуу хөгжмийг сонсож эхэлнэ. Дөнгөж бид завиныхаа тавцан дээр гарч суусан байна. Одоо хоёр сэлүүрээ олж аваад сэлүүрдэж эхлэх гэж байна. Хаа хүрэх нь хязгаар үгүй юм шүү дээ.

-“Хот чинжүү” нэвтрүүлгийг хөтөлснөөр амьдралд тань их том өөрчлөлтийг авчирсан гэдэг?

-2002-2007 онд энэ нэвтрүүлгийг хөтөлж байсан. Ер нь миний амьдралд хоёр том өөрчлөлт орсон. Энэ нэвтрүүлэг бидэнд маш их хүч, зориг өгсөн. Дээд сургуулиа төгсөөд ямар нэг ажил хийвэл болох юм байна. Цаашид уран бүтээл хийе гэсэн хүсэл, эрмэлзэл, зоригтой болсон. Хоёрдугаарт автобусанд гүрийж болохоо байсан (инээв). Тэр үед бид оюутан байсан. Ээжийнхээ өгсөн автобусны мөнгөөр цайнд орно. Автобусны мөнгө байхгүй. Ихэнхдээ алхана. Аргагүйн эрхэнд харанхуй болохоорл автобусанд суудаг байлаа л даа. Автобусны төлбөр бол чимхэлт л байлаа ш дээ (инээв). Нэг удаа автобусанд кондуктор эгчид аймаар чимхүүлсэн. Тухайн үедээ анзаараагүй. Уулга алдтал чимхсэн дээ. Тэгээд Өскө болон анд нөхдөдөө хэлсэн. Хүүе манайхаан, биднийг хүмүүс таньдаг болсон байна. Кондуктор эгч намайг чимхэж байснаа “Зурагтаар гардаг байж ичээч” гэсэн. Тэр үед бүх хүн харахад аягүй их ичиж байсан даа. Телевизийн уран бүтээлчдийн өмнөөс ичсэн. Ийм л хөгтэй зүйл болж байсан юм даа.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Миний эхнэрийг Т.Өлзийсайхан гэдэг. Оюутан ахуй цагтаа танилцаж байсан. Анх ханьдаа ухаангүй дурлаж байв. Намайг тоох болов уу гэж бодож байсан ч удаатай. Хадам аав, ээж Архангай аймгийнх. Бид хоёр өөрсдөө хотод төрсөн, бусад эмээ өвөө бүгд Архангай аймгийн улсууд болж таарсан.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *