Categories
мэдээ цаг-үе

Э.Минжинсор: Эх нутагтаа гүйгүүл морь шиг тэмүүлсээр ирлээ

Дуучин Э.Минжин­сортой ярилцлаа.

Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Эх орондоо ирээд арав хонож байна.

Бүр ирэв үү, түр ирэв үү?

-Бүр ирлээ.

Та эх орондоо хэдэн жилийн дараа ирж байна вэ?

-Энэ сарын сүүлээр охид маань долоон нас хүрнэ. Тэгэхээр би Америкт найман жил болсон юм байна шүү.

Өнгөрсөн хугацаанд хаагуур амьдарч байсан бэ?

-Нью-Йорк, Нью-Жерсид амьдарч байсан. Миамид хэсэг хугацаанд амьдарсан ч тэндхийн агаар нь таарахгүй байсан болохоор буцаад Нью-Йорк руу очсон.

Тэнд ямар ажил эрхэлж байв?

-Бусдын жишгээр л амьдарч эхэлсэн. Бааранд бартендер хийж байлаа. Тэгээд удалгүй хөл хүнд болоод, хүүхдүүдээ өөрөө өсгөе гэж шийдсэн. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд нэг хэсэг ажил эрхлээгүй. Сүүл рүүгээ нэг компанид бичиг цаасны ажил түр хийж байгаад гарсан.

Таныг ихэр охидтой болсон, Америкт амьдарч байгаа талаар фэйсбүүк хуудаснаас тань хардаг байлаа. Таныг Грек залуутай сууж байгаад хоёр тийш болсон гэж дуулсан?

-Тэгсээн. Грек залуу байсан. Бүтээгүй ээ. Их хурдан салсан. Ээжтэйгээ ойрхон байж, ээжтэйгээ хамт охидоо өсгөлцөж байгаад ирсэн.

Та Америк явахаасаа өмнө залуусын дунд од байж, хэвлэлийн хуудсыг чимдэг уран бүтээлч байсан?

-Тийм байсан уу, бүр мартчихаж. Ер анзаардаггүй байжээ. Би 2006 оны наймдугаар сард явсан юм байна.

-“Spike” хамтлаг анх яаж байгуулагдаж байсан бэ. Тэр түүхийг өнөөдөр яривал дурсамжтай юм?

-Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны ангид хамт сурдаг байсан Уянгаа гэдэг найз маань надад “Хамтлагт орох уу” гэж хэллээ. Би тухайн үед ганцаараа уран бүтээл хийдэг юм уу гэж бодож байсан юм. Тэгээд Маралаа (Д.Маралгуа), Туяа (Б.Мөнхтуяа) хоёртой танилцаад гурвуулаа хамтлаг байгуулсан. Дараа нь Номикоо (Э.Номин-Эрдэнэ) маань нэмэгдсэн. Номико, Маралаа, Туяа гурав маань Хөгжим бүжгийн коллежийн нэг анги байсан юм. Ингэж л хамтлагаа байгуулж байлаа. Жаахан охид байжээ. Дөнгөж л 18 настай байж.

Нэг хамтлаг гэгдээд явж байсан тэр сайхан үеийн сэтгэлээс гардаггүй мөчүүд олон л байдаг байх?

-Бид дөрөв хамт амьдарч байсан. Тэр мөч их гоё. Их дэлгүүрийн хойно байранд амьдардаг байлаа. Хамтдаа хоолоо хийж иднэ, дөрвүүлээ хамт унтана. Бэлтгэлээ хамт хийнэ. Оюутан байсан болохоор хичээлийн хажуугаар хамтлагийн ажлаа зохицуулахад жаахан хэцүү байлаа. Бүгдээрээ шөмбийтлөө турцгааж билээ (инээв).

Манай үеийнхэн биднийг зөндөө л их сонирхдог байлаа. Зарим нь дэмжинэ. Бахархацгаана. Бид чинь Монголын анхны охидын хамтлаг гэж явдаг шүү дээ. “Spike” бол Монголын анхны охидын хамтлаг.

1997 онд хамтлаг маань байгуулагдаад “Пентатоник” наадмаас Шинэ, шилдэг хамтлагийн шагналыг авч байсан. Бид гадаад дуу дуулж эхлээд дараа нь өөрсдөө дуугаа зохиодог болсон. Дандаа л өөрсдийн зохиосон дуугаа дуулдаг байв.

-“Spike” хамтлаг дахин тайзнаа гарах уу?

-Яагаад болохгүй гэж. Маралаа энд хүрээд ирэх юм бол дөрвүүлээ дурсах маягаар ганц хоёр уран бүтээл хийж болно л доо.

Америкт байхдаа Монголын рок попын ертөнцийг ажиглаж харж л байсан байх?

-Гоё санагддаг байсан. Монгол маань хөгжчихсөн байна. Шинэ хамтлаг, дуучид их гарч ирсэн байна. Бахархаж байна аа.

Дуучин Ж.Чингэстэй хамтарч дуулсан “Дөрвөн улирал хоёр амраг” дуу тань одоо ч дуулагддаг. “Зүүдэнд ургасан тэр минь” дуу ч тэр?

-Тийм үү. Гоё дуунууд шүү. Миний дууг сонсч, дагаж дуулдаг байсан фенүүд маань одоо гуч дөнгөж гарч байгаа залуус болсон байх аа.

Уран бүтээлүүдээс тань түмэнд хүрсэн гэвэл ямар дуунуудаа нэрлэх вэ?

-“Нууцхан хайр”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Нүцгэн байхыг минь битгий хараарай” гээд л дуулсан дуу болгон маань хүнд хүрдэг байжээ, одоо бодоход.

Охид тань Монголд ирээд хэр дасч байна вэ?

-Монгол орчин дутаад байсан болохоор бүр зориуд эх орондоо авчирлаа. Тэнд нэгдүгээр ангид сурч байсан юм. Хичээлдээ гайгүй байсан л даа. Одоо Монгол сургуульд яваад хэл ус сураад болчих байх аа. Охид маань Монгол яасан гоё үзэсгэлэнтэй юм бэ гээд л байгаа. Би охиддоо “Ээж нь Монголоо санаад байна” гэж дандаа хэлдэг байсан. Дандаа Монгол эх орноо ярьдаг байсан болохоор охид маань Монголын талаар сайн мэднэ. Тэднийгээ өөр шигээ Монголдоо сэтгэлтэй хүмүүс болгож өсгөмөөр байна. Би Америкт амьдаръя гэж яваагүй. Хөгжье, судалъя гэж явсан. Тэндхийн рок поп гэж юу байдаг юм. Орчинд нь очиж мэдэрье. Яаж сэтгэж байна, түүнийг судалъя л гэж явсан. Сайн ч судаллаа, ойлголоо. Сонирхолтой л юм билээ. Түүнээс биш Америкт үлдье, харлая, амьдаръя гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй. Тийм учраас эргэж ирсэн.

Таныг олон хэл судал­сан. Энэ тал дээр нэлээд боловсролтой гэдэг?

-Олон хэлээр ярьдаггүй ээ. Сурч байсан гэвэл Орос, Франц гээд европ хэлнүүд байна.

Эх орноо санах үед танд юу хамгийн түрүүнд санагддаг байсан бэ?

-Хэцүү ш дээ. Гэнэт гэнэт л нутгаа санана. Унтаж байгаад л гэнэт сэрэхээр цээж хөндүүрлэчихсэн байна. Тэгээд л нүдэнд Монголын минь ус уул, тал, байгаль, сайхан газрууд нүдэнд үзэгдээд санана. Урлагийнхан чинь эх оронч хүмүүс байдаг юм байна гэж надад санагдсан. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьцгаадаг. Энэ үг надад таалагддаггүй. Эмэгтэй хүн ч гэсэн гүйгүүл морь шиг эх нутаг руугаа тэмүүлдэг гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Би тэмүүлсээр байгаад л нутагтаа ирлээ. Нутагтаа газардах мөчид нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн. Би тэгнэ гэж хэзээ ч бодоогүй. Огшоод л явчихдаг юм билээ. Ингээд ярихаар л нулимс өөрийн эрхгүй гарах гээд байна (Нүдэнд нь нулимс цийлэгнэв).

Манай монголчууд их зөөлөн харьцаатай хүмүүс юм. Үйлчилгээ нь ч сайхан болчихож. Их хөөрхөн юм. Бие биенээ гэсэн сэтгэлтэй, нэг гэр бүл шиг юм гэдэг нь анзаарагдаж байна. Бие биенээ муулдаг гэцгээдэг. Тэр бол яах вэ, байх л асуудал. Стресстэй болохоор л тэгж байгаа юм. Түүнээс биш жинхэнээсээ, үнэн сэтгэлээс тэгж байгаа юм биш ээ гэж бодож байна.

Монголчууд маань хөгжих явцдаа дайрч гарах ёстой саад бэрхшээлээ даваад л гарч байна. Бид илүү эвтэй байж гэмээнэ хүчтэй байна. Монголчууд монголчуудаа л хайрлана. Монголчуудыг өөр хэн хайрлах юм бэ. Ийм л зүйлс надад гүн гүнзгий орж ирсэн. Үүнийг л бүгд ойлгоосой.

Тайзаа хэр санав. Уран бүтээлч хүн үзэгчдийн алга ташилтаас урам авдаг?

-Урлагт нэг л орсон бол гарч чаддаггүй гэдэг чинь үнэн юм байна. Яагаад гэвэл дотроос шинэ дуу гаргамаар, шинэ юм хиймээр хүсэл төрөөд байдаг болчихдог. Тэрийгээ хаачихаар бөглөрөөд байдаг юм байна. Тэрийгээ гаргая гэж бодож байна. Тэнд байхдаа шинэ жил болгоноор хотуудаар явна шүү дээ. Шинэ жил дөхөхөөр л дуудацгаана. Жилдээ нэг тайзан дээрээ гарчихдаг байсан. Урлагийн хүн болохоор уран бүтээлээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн байдаг ч юм уу, тоглолтоор явахад нэг л гоё байдаг. Гэхдээ хүүхдүүдээ өсгөх их ажлын хажуугаар Америкт байхдаа уран бүтээлдээ төдийлөн анхаарал хандуулж чадсангүй. Хоёрын хоёр хүүхдийг өөр хүнээр харуулж, өсгүүлэхийг хүсээгүй. Төрснөөс нь өдийг хүртэл өөрөө сэвлэгийг нь үнэрлэн байж өсгөж байна. Би анхнаасаа л хүүхдүүдээ ингэж өсгөнө гэж өөртөө амласан байсан.

Охид тань таны дуулах авьяасыг өвлөж үү?

-Хоёулаа урлагийн авьяастай. Нэг нь урлаг талдаа, нөгөө нь компьютер график сонирхож байна.

Таны “Залуу нас” дуу шуугиан тарьж, хүүхэд залуус гэлтгүй бүгд сонсдог байлаа. Та ингэхэд нийт хичнээн дуу, цомог гаргаад байгаа вэ?

-“Шидэт тагтаа”, “Ил далд”, “Цэнхэр алим” гээд зургаан цомог гаргасан. Хичнээн ч дуу гаргасан юм бэ дээ. Тоог нь сайн мэддэггүй ээ. “Залуус нас” дуу бол сэтгэлээс гарсан уран бүтээл.

…Цаг агаар тааруу байна гээд

Цонх ширтэн зогсохгүй хэрэггүй…гэж гардаг. Энэ мөртүүд надад үргэлж бодогддог. Цаг агаар ямар байх нь хамаагүй. Үргэлжлүүлээд л явах хэрэгтэй, амьдралд. Сэтгэл санааны байдалдаа битгий захирагд л гэсэн үг шүү дээ.

Урлагийн хүн болохын тулд та ямар саад бэрхшээлүүдийн ард гарсан гэж боддог вэ?

-Ерөөсөө бууж өгөөгүй. Үргэлж тэмцсэн. Дуртай байсан болохоор намайг юу ч зогсоогоогүй.

Та 2000 оны эхээр билүү дээ. Нүүрний арьсаа солиулсан гэх шуугиан тарьж билээ?

-Зун гэрийнхэнтэйгээ ойрхон, хөдөө яваад ирсэн чинь тэгээд борлочихсон ш дээ. Бов бор болчихсон (инээв). Найзууд маань чи яачихсан юм бэ гэж асуугаад л. Хүүхдийн тос түрхээд байсан чинь тэгээд борлочихсон ш дээ. Үнэн түүх нь гэвэл тийм л байна.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Дэлхийн түүх, улс төр сонирхож уншина.

Нааш ирэхээсээ өмнө Монголд очоод хамгийн түрүүнд юу хийнэ, юу иднэ гэж төлөвлөж байсан бэ?

-Элэгний нухаштай талх иднэ дээ гэж бодогдоод байсан. Бас маслотой талхи иднэ гэж бодсон. Бууз, хуушуур гээд л монгол хоолнууд гоё шүү.

Та хотын уугуул хүүхэд билүү?

-Тийм. Би Улсын их дэлгүүрийн энд төрсөн. Дөчин мянгатын хүүхэд.

Аав, ээж тань аль нутаг усны хүмүүс юм бэ?

-Аав маань Ховдынх. Манай ээж Улаанбаатарынх.

Та урлагийн чиглэлээр ямар сургууль дүүргэсэн юм бэ?

-Урлагийн чиглэлээр сураагүй. Ерөөсөө байгалиас заяасан авьяасаар л дуулаад явж байгаа. Намайг урлагт чиглүүлж, зааж сургасан хүн бол Офицеруудын ордны хормейстэр Нандиа багш. Мөн “Хөх тэнгэр” хамтлагийн Буян-Өлзий ах байна. Манай “Spike”-ийн нөгөө гурав маань хөгжим бүжгийнх болохоор тэднээсээ их юм сурсан. Аав маань эх баригч мэргэжилтэй ч урлагийн их авьяастай өөрөө тоглолт найруулаад, дунд нь орж жүжиглэж дуулаад л явдаг хүн байсан гэдэг.

Би өөрийнхөө амьдралд баярлаж явдаг юм. Хоёр сайхан охинтой боллоо. Өмнө нь ганц бие байхдаа гэр рүүгээ төдийлөн яардаггүй байлаа. Ажлаа тараад гэр рүүгээ харина гэхээр ганцаараа байх хэцүү. Гэтэл одоо болохоор охид руугаа яаран яаран харьж байгаа юм чинь, гоё.

Миний хувьд монголчууд хамгийн гоё ард түмэн. Үнэхээр сайхан хүмүүс байдаг юм. Хүн нутгаасаа гарч байж нутгаа их үнэлдэг юм байна. Эх орондоо ирээд анхныхаа ярилцлагыг “Өдрийн сонин”-д өгч байгаадаа баяртай байна. Ингээд монголчууддаа ирж буй шинэ ондоо санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, бүгдээрээ эв эетэй байгаасай гэж хүсч байна. Миний хувьд тун удахгүй уран бүтээлдээ ханцуй шамлан орж олон сайхан дуугаар бэлэг барина гэдгээ хэлье.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *