“УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Уг асуудлаар “Веритас партнерс” хуулийн фирмийнхэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан билээ. Тус хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Хашчулуунтай ярилцлаа.
-Танай хууль зүйн товчоо Д.Гантулга гишүүнтэй холбоотой хэргийн хохирогч бүсгүйг өмгөөлж байгаа. Гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар та бүхэн Цэцэд хандсан. Уржигдар Үндсэн хуулийн Цэц хуралдаж шийдвэрээ гаргалаа. Чухам яагаад цэцэд хандахаар болсон юм бэ?
-Бид хуульч, иргэн хүнийхээ үүргийг биелүүлж Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Манай улсын Үндсэн хуулийн Цэц, шүүхийн онцлог гэвэл иргэдийн өгсөн мэдээллээр хэрэг маргааныг үүсгэж хянаж шийдвэрлэдэг. Их хурал үндсэн хуульд нийцээгүй тогтоол хууль баталлаа гэхэд тэрийг санаачилгаараа хянах боломж байхгүй. Хэн нэгэн мэдээлэхгүй бол энэ асуудал цааш үргэлжлэх хандлагатай гэдэг үүднээс Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Мөн манай хуулийн фирмийн ажиллаж байгаа хэрэг маргаантай холбогдуулаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага гарсан учраас үүнтэй холбогдуулж, Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байгаа.
-Хуулийн өмнө Их хурлын гишүүн иргэн хоёр тэгш эрхтэйг Үндсэн хуулийн Цэц баталлаа?
-Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зохицуулалт хангагдсан нь хамгийн том давуу тал юм. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхдээ УИХ-ын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 гэсэн зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Энэ хоёр зүйл заалтын агуулга нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй гэсэн утгатай зохицуулалт юм. Цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хоёр тоот тогтоолоор “Үндсэн хуулинд заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ өөрсдөө хэлэлцээд түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ хууль батлах замаар явцууруулсан байсан. “Зөвхөн гэмт хэрэг үйлдэж байх үедээ нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд” гээд хаалт тавьчихсан байсан. Тэгэхээр Улсын Ерөнхий прокурорын зүгээс Үндсэн хуульд заасны дагуу Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдчихлоо гэж үзээд түдгэлзүүлэх гэхээр “Наад хүн чинь яг үйлдэл дээрээ баригдсан юм уу. Гэмт хэрэг үйлдэж байгаад баригдахдаа нотлох баримттай байгаад баригдсан юм уу” гэх шаардлагыг тавих нөхцөл болчихоод байсан. Тэгэхээр халдашгүй байдал гэдэг бол хязгаарлалтыг нь хумисан шийдвэр байсан. Ер нь УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 9.1-ийг хүчингүй болгосноор “Үндсэн хуульд заасан нөхцөлийн өмнө гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх юм бол Ерөнхий прокурор УИХ-д санал оруулах, УИХ өөрсдөө гишүүнээ түдгэлзүүлэх үү” гэдгээ шийдвэрлэх алтан дундаж дээр очиж байгаа юм. Түүнээс биш шууд энэ шийдвэр гарсан нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэдэг мэдээлэл байх юм бол нэгжлэг хийгээд л гэр оронд нь дайрч орох асуудал байхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх үү үгүй юу гэдэг асуудал УИХ-д өөрт нь хадгалагдаад үлдэнэ гэсэн үг. Тэр том хана хэрмийг Цэцийн шийдвэр нурааж чадлаа.
-Д.Гантулга гишүүний хувьд түдгэлзүүлэх эрх нь Их хуралд байгаа гэж ойлгож болох уу?
-Ер нь бол Улсын Ерөнхий прокуророос зөвхөн Д.Гантулга гишүүн гэлтгүй гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулах эрх нь одоо нээлттэй болсон. Яг түдгэлзүүлэх эсэхийг Үндсэн хуульд заасны дагуу УИХ өөрсдөө шийдвэрлэнэ.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсаны дараа Д.Гантулга гишүүнийг явуулж, оронд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарч ирэх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Та бүхний үйл ажиллагаа цаанаа ямар нэг улс төрийн зорилготой юм биш биз дээ ?
-Бидний хувьд хардлагад их өртсөн. Д.Гантулга гишүүний хэрэг дээр анх ажиллаад эхлэхэд “Энэ хэргийн цаана Н.Энхбаяр байгаа, Хэнтийгээс нэр дэвших гэж байна” гэсэн. Ингээд Цэцэд хандсаны дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбогдуулж энэ асуудал гарч байсан. Харин Цэцийн шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбогдуулаад ярьж байх шиг байна. Манай байгууллага бол хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгч хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллах үүргийнхээ дагуу энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Тэрнээс бид энэ хэрэг дээр хэн нэгнээс шан харамж аваад улс төрийн нөлөөллийн хүрээнд хэрэг дээр ажиллаж байгаа юм байхгүй.
-Үндсэн хууль зөрчсөн өөр хуулийн зүйл заалтуудад анхаарлаа хандуулж байгаа юу?
-Бид эрхзүйт засаглалтай оронд амьдарч байна. Тиймээс зөвхөн УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг цэцэд өгөөд орхихгүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй холбоотой бүрэн эрх нь УИХ-ын гишүүдийн хүчингүй болдогтой ижил нөхцөлтэй байгаа. Энэ мэтчилэн зөвхөн халдашгүй байдлаас гадна хууль тогтоомж зөрчсөн асуудал мэр сэр бий. Үүнийг Үндсэн хуульд нийцүүлэх талаас нь ажиллаж байгаа. Үндсэн хуулийн Цэц бол онолын том шүүх. Цэцтэй холбоотой маргаан гаргахад онолын судалгаа их хэрэгтэй. Тэр хууль яагаад үндсэн хууль зөрчиж байгаа юм бэ гэдгийг гаргаж тавилгүйгээр ажиллах боломжгүй. Одоогийн байдлаар хоёр хуулийн зүйл заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр бэлдээд судалгааны ажил хийгдэж байна.
-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд ямар ажлууд хийх вэ?
-Бид Төрийн байгуулалтын байнгын хороонд Д.Гантулга гишүүний асуудлаар хандсан. Энэ асуудлыг хэлэлцэх процедур маань хуулинд байгаа. Гол нь хэлэлцэн шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань хараат байж чадахгүй. Үнэн зөв үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүй байгаа л асуудал. Хэрвээ ирээдүйд мундаг, олон улсад байдаг улстөрч гэсэн шаардлагад нийцсэн хүмүүс гишүүн болсон тохиолдолд яг энэ арга техникийг хэрэглээд асуудалд үндэслэлтэй хандах боломжтой. УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал том ойлголт. Ёс зүй зөрчиж байгаа үйлдлүүд их харагдаж байгаа.
-Цэцийн дүгнэлт гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм бол түүнийг сонгосон тойргийн сонгогчдын эрхэнд халдсан явдал болно гэсэн агуулгатай тайлбар хийж байна лээ?
-Бид институтийнх нь хувьд хамгаалж байгаа. Хувь хүнийх нь хувьд биш. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн бүх ард түмний төлөөлөл. Дөчин мянган хүнээс сонгогдсон ч гэсэн гурван сая хүнийг төлөөлөөд байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж байгаа 76 хүний нэг, хоёр нь гэмт хэрэг хийчихсэн бол тэрийг шалгах нь зөв. Сонгогчид төлөөлөлгүй болчихлоо гэж байгаа нь буруу. Зарим хүн Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг ойлгохгүйгээр тайлбар өгч байгаа харагдсан. Тойрог гэдэг бол үндсэн хуулиар эрэмбэлбэл нэн тэргүүнийх биш.