ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Гандуулгатай “Ногоон бүс” төслийн талаар ярилцлаа.
-Ногоон бүс төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ. Энэхүү төслийн зорилго, ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Цагдаагийн байгууллагын зүгээс “Ногоон бүс” төслийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд нийслэл, аймаг, орон нутагт олон улсын стандартад нийцсэн камер байршуулах юм. Үүний гол зорилго нь ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах явдал.
-Уг төсөл нь хэдэн үе шаттай, ямар ажлууд хийгдэхээр байгаа вэ?
-Энэ төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээр шатны хэрэгжилтийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг 2022 онд бүрэн камержуулсан. Ингэснээр гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6, гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн гэсэн эерэг үзүүлэлт гарсан.
Хоёрдугаар шатны хэрэгжүүлэлтийн үр дүнд нийслэлийн гэмт хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгддэг 12 хороог сонгон авч, камержуулсан. Төсөл үргэлжлэх хугацаанд эдгээр хороодод шинээр 1714 камер суурилуулж,489 камерыг засварлаж, 476 камерын чиглэлийг өөрчилж, 800 анхааруулах тэмдэг нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан. Бид тухайн хороодын камер ашиглалтад нэгэн туршилт хийсэн юм. Уг туршилтаар нэг хүн нэг километр замыг туулахдаа. нийт 40 камерт бичигдсэн.
Хамгийн сүүлийн гуравдугаар үе шатыг 2024 онд багтаан аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг камержуулах, теле камерын хяналтын дэд төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулах зорилтыг тавин ажиллаж байна.
-Энэ ажил ямархуу явцтай байна?
-Өнөөдрийн байдлаар нийслэлд 32345, орон нутагт 23014, нийт улсын хэмжээнд 55329 камер байршуулсан нь зорилтот түвшний 73.2 хувьтай байна. Олон улсын туршлагаар 100 хүн тутамд 1-3 хяналтын камер ногдох ёстой гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ жишгээр манай улсад 84344 камер шаардлагатай. Монгол Улс нийт 23 мянга гаруй барилга байгууламжтай гэдэг. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар тухайн барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд хяналтын камер байршуулах, арчлах, хамгаалах үүрэгтэй. Нэг барилгын гадна дөрвөн хяналтын камер байршуулахад манай улс нийтийн эзэмшлийн талбайгаа 92804 ширхэг камертай болгох бүрэн боломж байгаа юм.
-Мэдээж камержуулснаар гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлтэд ахиц гарах нь тодорхой байх. Одоогийн байдлаар камерын тусламжтайгаар хичнээн хэрэг илрүүлчихээд байна вэ?
-Камерын хяналтыг ашиглаад энэ онд 1652 гэмт хэрэг, 8398 зөрчил илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоосон. Мөн оршин суугаа газраасаа алга болсон 200 гаруй хүүхдийг олж тогтоож, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Тийм ч учраас хяналтын камер нь иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх технологийн чухал хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй.
-“Ногоон бүс” төслийн хүрээнд буюу камержуулалтад энэ онд нийт хэдэн төгрөг зарцуулсан бол?
-Энэ онд улсын хэмжээнд камержуулах ажлыг явуулахад, Теле камерын хяналтын дэд төвийг байгуулахад нийт 117.6 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 87.9 тэрбумыг нь нийслэлд, 29.6 тэрбумыг нь орон нутагт зарцуулаад байна.
-Хяналтын камерууд ямар стандарт шаардлагыг хангасан байх ёстой байдаг вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хяналтын камерын стандарт (MNS 6423:2019) гэж байдаг. Энэ стандартаа барьж камержуулалтын ажил хийгдэж байгаа.
-Хяналтын камерын багтаамж ямар байдаг вэ. Байршуулсан камерыг эвдсэн тохиолдол бүртгэгдсэн үү?
-Хүчин чадлаасаа шалтгаалаад камерын үнэ өөр, өөр байдаг. Бид аль болох ААН, байгууллагуудаа чанартай, сүүлийн үеийн, багтаамжийн хувьд хамгийн багадаа нэг сарын бичлэгийг хадгалдаг камертай байхыг зөвлөдөг. Камертай байх нь ААН, байгууллагууддаа ч ашигтай. Гадна орчноо хянаж байна гэдэг өөрсдийн аюулгүй байдлыг хянаж байна гэсэн үг. Камержуулалт нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчны баталгаа болдог учраас камерыг эвдэх гаргадаггүй. Одоогоор камер санаатайгаар эвдэлсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
-Аль дүүрэгт хамгийн их гэмт хэрэг, зөрчил бүртгэгддэг вэ. Тэдгээр дүүргүүдийн нутаг дэвсгэрийг бүрэн камержуулсан уу?
-Хүн амын нягтаршил ихтэй нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт их байдаг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хамгийн их гэмт хэрэг бүртгэгддэг. Одоогоор Баянзүрх дүүрэгт 8570 камер, Сонгинохайрхан дүүрэгт 5740 камер суурилуулаад байна. Уг төслийн хүрээнд камержуулалт нэмэгдэж байгаа.
Ө.АНХЗАЯА