Categories
мэдээ цаг-үе

Э.Бямба-Эрдэнэ: Тээврийн хэрэгсэлдээ дохиолол тавих нь гэмт халдлагаас сэргийлж өгнө

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Э.Бямба-Эрдэнэтэй ярилцлаа.


-Нийслэлд хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг бол хулгай. Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 19222 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүний 6274 буюу 32.6 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ нь урд оны мөн үеийнхтэй харьцуулахад 2779 буюу 30 орчим хувиар буурсан үзүүлэлт. Хулгайлах гэмт хэргийн дийлэнхийг буюу 90 орчим хувийг өмчийн хулгай эзэлдэг. Үүний хоёр хувийг тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Он гарснаас хойш 127 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэг бүртгэгдсэн.

-Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж байгаа шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Иргэд сонор сэрэмжгүй байна уу?

-Иргэд тээврийн хэрэгслээ камерийн хяналтгүй газар орхиж явах, хаа тааралдсан зогсоолд нь үлдээж удаан хугацаагаар орхиж явах зэрэг нь хулгайчдад боломж олгож байна. Манайхан ч хэнэггүй. Тээврийн хэрэгслээ асаалттай нь орхиод дэлгүүр орчихно. Энэ мэт хайхрамжгүй үйлдлүүд нь гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байгаа юм. Мөн он хуучин тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж хулгайлсан тохиолдол бүртгэгдсэн. Архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ хаана байрлуулснаа мартчихаад “хулгайд алдлаа” гэж дуудлага мэдээлэл өгөх тохиолдол байдаг. Мөн банк бус санхүүгийн байгууллага болон авто ломбардуудад тээврийн хэрэгсэл барьцаалагдсан байж байгаад гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас эзэмшигчид мэдэгдэлгүйгээр ачиж явах асуудал гардаг.

-Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүдийн насны ангиллаар авч үзвэл дийлэнх хувийг насанд хүрээгүй хүүхдүүд эзэлж байна. Өсвөр насныхан зарж борлуулах зорилгогүйгээр, машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгай хийсэн байдаг. Тээврийн хэрэгсэл унаж яваад шатахуун нь дууссан газар орхиж явах тохиолдол байдаг. Мөн зам тээврийн осол гаргаад хаяж зугтаасан хэрэг гарсан.

-Гол төлөв ямар маркийн авто машин хулгайд алдагдаж байна вэ?

-Приус маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдах тохиолдол их байна. Гурвалжин шилийг хагалаад л чип тааруулаад хулгайлаад явчихаж байгаа юм. Приус машины сэлбэг эрэлт хэрэгцээтэй байдаг нь үүнтэй холбоотой. Гэмт этгээдүүд хулгайлсан тээврийн хэрэгслээ задалж зарах, арлын дугаарыг нь сольж цааш зарж борлуулсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг 22:00-09:00 цагийн хооронд үйлдэгддэг. Өвлийн цагт, автомашины толь, хучлага яндан зэрэг зүйлс хулгайд алдагддаг. Иргэд гэрэлтүүлэгтэй давхар хяналтын камертай газар тээврийн хэрэгслээ байрлуулах хэрэгтэй. Гэмт этгээдүүд үзэгдэх орчин хязгаарлагдмал булан тохойд тавигдсан тээврийн хэрэгслийг тонодог. Мөн тээврийн хэрэгсэлдээ дохиолол тавьж өгөх нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлж өгнө.

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт ямар байна вэ?

-127 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хулгайд алдагдсан 19 тээврийн хэрэгсэл олдоогүй, хэргийг шалгаад явж байна. Нийт 24 гэмт хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа. Бусад тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийн эзэн холбогдогчийг нь олж тогтоосон.

-Орон байрны хулгай их гарч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлсэн байна лээ?

-Нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн тал хувийг орон байрны хулгай эзэлдэг. Хулгайч нар гол төлөв, зурагт, зөөврийн компьютер, алт мөнгөн эдлэл авдаг. Хулгайчид тээврийн хэрэгсэл ашиглаж бөөнөөрөө явж зохион байгуулалттайгаар хулгай хийдэг болсон байна. Хулгайлдаг хүмүүс нь тусдаа, зарж борлуулдаг хүмүүс нь тусдаа байдаг болсон.

-Орон байрны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар арга зам байна?

-Хөршийн харилцаа холбоо хэрэгтэй. Хажуу, ойролцоо айлдаа захиж үлдээх нь чухал. Хулгайн гэмт хэрэгтэй айл хөршөөрөө, гудамжаараа нийлж тэмцэх хэрэгтэй. Ингэсэн цагт та орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломжтой. Өнөөдөр хажуу хөрш айлаа таньдаг хүн ховор болсон байна. Хажуу айлаас нь гараад компьютер тэврээд явж байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэх сэтгэлтэй хөрш цөөн болсон байна. “Миний юмыг хулгайлсан юм биш, надад хамаагүй” гэсэн хар амиа бодсон сэтгэхүйтэй болчихож. Хулгайн гэмт хэрэгтэй олуулаа тэмцье гэсэн ухамсар алга байна. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн хэргээс нь шалтгаалаад мэдээллээр хангасан иргэнийг урамшуулж өгдөг. Мэдээллийн нууцыг хадгална. Мөн амралт зугаалга эхэлж, хүний хөл татарсан үед машины эд анги хулгайлах гэмт хэрэг олон үйлдэгдэж байна.

-Урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар албан хаагчид айл өрх бүрээр л орж анхааруулдаг. Цагдаа нарын үгийг тоож сонсож байгаа хүн цөөхөн шүү дээ. Улиг болсон юмаа ярьж явна уу эд нар гэсэн байдлаар хүлээж авна. Харин хулгайд эд зүйлсээ алдчихсан хойноо бол “Одоо олж өг” гээд л хашгираад орж ирнэ. Хэргийн мөрөөр нь орж хөрш айлуудаас нь мэдүүлэг авахад “Нэг хүн хашаагаар нь ороод зурагт тэврээд гарч байх шиг байсан. Өөрсдөө юм болов уу гэж санасан. Би мэдэхгүй” гэх тайлбар хэлж байгаа юм. Ингээд илрүүлэлт удааширна. Өнөө хулгайчид нь аль хэдийнэ хувийн машиндаа ачаад, эсвэл такси бариад явчихсан, борлуулчихсан байдаг. Цагдаад хэр шуурхай мэдэгдэнэ, төдий хэмжээгээр түргэн илрүүлнэ. Иргэний үүрэг гэж байгаа шүү дээ. Саахалт айлаас нь эд хогшил тэврээд гарч байхад хэл чимээ өгч, цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх хэрэгтэй. Орон байрны хулгайн гэмт хэрэг нийслэлд үйлдэгдэж буй хэргийн 60 гаруй хувийг эзэлдэг. Хамтраад үүнтэй тэмцвэл гэмт хэргийн тоо статистик буурах гээд байна шүү дээ. Цагдаагийн ерөнхий газраас мөн барьцаалан зээлдүүлэх газруудтай хамтарч, хяналт тавьж ажиллаж байгаа.

-Хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдсэн хэрнээ худалдаж аваад байдаг хүмүүс бий. Энэ иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хулгайчидтай удаа дараа хамтарч ажиллаж эд зүйлсийг нь худалдаж авсан бол Эрүүгийн хуулийн 18.6 буюу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага тооцдог. Хулгайн эд зүйлсийг удаа дараа худалдаж авсан бол амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалт бий. Зах зээл байгаа учраас л хулгайчид өдөр тутам айл ухаад байна шүү дээ. Бид ченж гэх улсуудтай тэмцэж шинэ Эрүүгийн хуулинд заалт оруулж өгсөн. Өмнө нь бол торгоод өнгөрдөг байсан. Одоо тийм зүйл байхгүй.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *