Categories
мэдээ цаг-үе

Э.Бүрнээбаяр: “Амьдралаа би чамд хайртай” дуу минь сайхан хувь заяагаар л надад ирсэн гэж боддог

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа.


-Таны амьдрал, уран бүтээл Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатай салшгүй холбоотой. Анх Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад яаж орж байв?

-Би 1979 онд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дагалдан жүжигчнээр орж ажиллаж байлаа. Энэ албанд дуучнаар дөчин жил ажилласан. Энэ олон жил олон ч дууг урын сандаа оруулж. Ойрын үед уран бүтээлүүдээ эмхэлж цэгцэлж, заримыг нь клипжүүлэх зорилготой байна. Учир нь энэ оны аравдугаар сарын 16-нд дөчин жил дуулсны ойн баярын тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Үзэгч түмэндээ өдий хүртэл миний дуунуудыг сонсож, надад урам хайрладагт талархал илэрхийлье гэсэн зорилготой.. Би хоёр л цомог гаргасан. Одоо харин хүмүүсийн сонсох дуртай шилдэг дуунуудаа шинэчлээд дахин цомог гаргана.

-Хилийн цэргээр явж цэргүүдэд тоглолт хийх үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-1979 оноос 1994 он хүртэл Монгол Улсынхаа хилийг тоо томшгүй тойрсон. Жилд гурваас дөрвөн удаа хил рүү явдаг. Бүх отряд, заставуудад очиж тоглоно. Манай хилийн цэргийнхэн хүнийг угтаж авах, зочлох талаар гарамгай улс. Хязгаар нутагт амьдарч байгаа ард түмэн, хилчдэд урлаг соёлын тоглолт үзүүлж оюун сэтгэлгээг нь сэргээх энэ үүргийг хорин долоон жил биелүүлжээ. Очих бүрт цэргүүдийн гутал хувцас толь шиг гялалзана шүү дээ. Шинэ цэргүүд ачаалалтай байдаг учраас тоглолтоо үзэж байхдаа үүрэглэнэ. Үзчих гээд л нэг сэрээд л, нэг унтаад л хөгжилтэй зүйл их гарна. Хилийн цэргийнхэн чинь бие биендээ их хайртай халуун дотно гэр бүл гэсэн үг л дээ.

-Үг утга яруу, хүмүүст хэлэх гэсэн санаатай дуунууд таны урын санд арвин. Тэр олон дуунуудаас таны өөрийн сэтгэлд тодхон үлдсэн нь дуу бий юү?

-Үргэлж дуулдаггүй, хүмүүс ч сайн мэддэггүй хэрнээ миний сэтгэлд байдаг киноны дуунууд бий л дээ. Жишээлбэл “Амин мөр”, “Нүцгэн уулын бэлд” гээд киноны дуунууд байна. Эдгээр дуунууд миний идэр залуу үед дуулж явсан уран бүтээлүүд. “Амин мөр” киноны дууны аяыг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноров гуай бүтээсэн юм. Тухайн үед энэ дууг хуучин кино үйлдвэрийн студид бичиж билээ. “Амин мөр” киноныхоо энэ дууг дахин шинэчлээд тоглолтон дээрээ дуулна.

-Энэ удаагийн тоглолт урьд нь хийж байсан тоглолтуудаас юугаараа онцлогтой вэ?

-Энэ удаагийн тоглолтыг урьдынхаасаа өөр, арай шинэлэг хийнэ гэж төлөвлөөд байгаа. Зүгээр л нэг дуунууд цуваад гардаг биш. “Одоо юу болох бол оо” гэсэн хүлээлттэй нэлээн найруулгатай, зохиомжтой, шоу энтертаймент талдаа хийнэ. Мөн Өнцөг.мн сошиал телевизтэй хамтарч ажиллахаар төлөвлөсөн.

-Танд олон сайхан уран бүтээл бий. Гэхдээ түүний дундаас “Амьдралаа би чамд хайртай” дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Энэ дуу бүтсэн түүхийн талаар хуучлаач?

-Сайхан хувь заяагаар ирсэн дуу л гэж боддог. Ёндонгийн Сүхбаатар багш маань “Санаанд илхэн хань” дууг надад өгөх гэж дуудсан л даа. Тухайн үед Үндэсний телевизийн “Найм дахь гариг” нэвтрүүлэгт гэр бүл хосын дуу дуулах хэрэгтэй байна гээд “Санаанд илхэн хань” дууг нэг залуутай хоршиж дуулахаар боллоо. Тэгээд дуугаа авчихаад л гарах гэсэн ахиад нэг дуу байна авах уу л гэж байна. Хоёр гурван жилийн өмнө биччихсэн “Амьдралаа би чамд хайртай” гээд дуу. Тухайн үед багш маань өөрөө намуухан сайхан дуулж үзүүллээ. Ингээд сонссон их сайхан үгтэй дуу байна. Би бас өөрөө уран бүтээл авахдаа аялгуунаас л илүү үгийг нь чухалчилдаг л даа. “Амьдралаа би чамд хайртай” дуу таван мөртэй маш сайхан утга агуулгатай. Уг нь дуунууд чинь дөрвөн мөртэй байдаг. Тэгсэн атлаа их гоё болоод байна. Дуу бүтсэн түүх ердөө л энэ дээ. Хоёр долоо хоногийн дотор хит болж байсан. Тухайн үед надад маш сайхан захианууд ирдэг байсан.

-Тэр олон захидлаас сэтгэлд үлдсэн нь ямар захидал байв?

-Хөдөө орон нутаг, цэргийн анги мөн засан хүмүүжүүлэх газруудаас ихэвчлэн ирдэг байсан. Тэр дундаас “Хэрвээ өнгөрсөн онд энэ дуу гарчихсан байсан бол би одоо энд биш ээжийнхээ дэргэд байх байсан” гэж засан хүмүүжүүлэх газраас ирсэн захидал сэтгэлд одоог хүртэл байдаг. Үүнээс үзэхэд энэ дуу маш олон хүмүүст ухаарал өгсөн. Амьдралын утга учир үнэ цэнийг хүмүүст мэдрүүлж чадсан дуу. Хүмүүсийн дутагдалтай тал байна шүү дээ. Элэг бүтэн, аз жаргалтай, аав ээж нь байгаа энэ үеэ үнэлж, цэгнэж мэддэггүй. Мөнхийн л хажууд байх юм шиг боддог. Сүүлд Данзангийн Нямаа найрагч маань ярьж байсан л даа. Баянхонгорт хөдөө аавыгаа нутаглуулаад буцахдаа “Амьдрал яах аргагүй миний толгой дээр ирлээ, ээж дүү нартаа өмөг түшиг нь болох цаг боллоо доо” гэж би ухаарч бодохын зэрэгцээ “Амьдралаа би чамд хайртай” дууны шүлэг орж ирсэн гэдэг. Яруу найрагч хүн их торгон мэдрэмжтэй санагддаг. Сэтгүүлч нар бас адилхан энгийн хүнээс илүү амьдралыг мэдэрч, нандин зүйлсийг олж хардаг гэж би боддог.

“-Амьдралаа би чамд хайртай” дуу “Морин хуур” наадамд шагнал хүртсэн уран бүтээл байх аа?

-Тийм. Үзэгчдийн тэргүүн шагнал хүртсэн.Тайзан дээр Д.Нямаа найрагч, Ё.Сүхбаатар багш бид гурав гурван талаас уригдаж гарч ирээд тайрсан юм шиг намхан гэж шоолуулж билээ. Гурван намхан хүний ганц том бүтээл болж гээд л танхим дүүрэн инээдэм болж билээ. Ямар ч байсан бид нэг сайхан том уран бүтээл хийлээ, дахин гурван том уран бүтээл хийнэ ээ гээд амлалт өгч байсан. Хоёр дахь уран бүтээлээ хийгээд Ёндонгийн Сүхбаатар багш минь зуурдаар нас барсан даа.

-Гадаадад тоглолт хийхэд энэ дууг л дахиулах, дуулуулах хүсэлт ирдэг байх даа?

-Хаана ч явсан энэ дууг л хүлээдэг дээ. Одоо ерөөсөө “Амьдралаа би чамд хайртай” дуугүй хандивын тоглолт гэж байхгүй боллоо л доо. Би тэгээд заримдаа “Хүүе ээ надад нэг хандивын элч дуучин гээд нэр өгчихдөггүй юм байх даа” гээд хүмүүсийг инээлгэж байдаг байхгүй юу.

-Энэ дууг дүрсжүүлнэ гэж өмнө жил ярьсан байсан. Дүрсжүүлсэн үү?

-Амжаагүй л байна. Хоёрын хооронд юм хийхгүй гээд зүтгэчихсэн жаахан хойшлоод байна л даа. Сайн ивээн тэтгэгч хайж байгаа. Би чинь өөрөө социализмын үеийн хүн болохоор шууд энийг ивээн тэгээд өгөөч гээд очиж чаддаггүй. Одоо харин суралцаж байгаа. Уран бүтээлийнхээ төлөө их дайчин явах ёстой юм билээ. Аз заяа түшээд их сайхан клип болох болов уу гэж найдаж байна.

-Эмэгтэйчүүдийн баяр болон цэргийн баяраар тоглолт төлөвлөсөн үү?

-Халдварт өвчин гарчихсан байгаа учраас яг болох үгүй нь тодорхойгүй байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн баяраар Ховд аймагт хамтарсан тоглолт хийнэ. Харин цэргийн баяраар өөрийнхөө тоглолтыг Хөвсгөл аймгийн төв дээр тоглохоор төлөвлөж байна.

-Интернэт орчинд хэр их цагийг өнгөрүүлж байна вэ?

-Интернэт орж мэдээлэл л харна уу гэхээс нэг их ашигладаггүй. Эрдэнэдалай Бүрнээбаяр гэсэн хуудсаа л ашиглана.

-Сүүлийн үед та ямар хөгжим, ямар дуучид сонсож байна вэ?

-Машинд явахдаа гадаадын болон дотоодын дуунуудыг ялгахгүй сонсдог доо. Хишигдалай, Наран, Гантогоо, Наагий гээд залуу дуучдаа их сонсох дуртай.

-Би чинь загвар талдаа их сонирхолтой гэж байсан. Танай охин ч бас загвараар ажилладаг гэсэн үү?

-Би Сэлэнгэ аймагт төгсчихөөд европ хувцасны оёдол эсгүүрийн ангид заавал орно гээд багшаасаа зөрүүдэлсээр байгаад ирсэн. Яваад очсон хүүхэд нь дүүрчихсэн авахгүй гэж байна. Тэгээд үсчин, фото зургийн ангид орсон. Төгсөөд Сэлэнгэ аймагтаа хоёр жил үсчинээр ажилласан даа. Бага охин хувцас загвараар төгссөн. Хоёр охин минь хоёулаа миний мэргэжлийг өвлөсөн.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *