Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлажээ.
Тус шүүх хурлыг өнгөрсөн есдүгээр сарын 30-ний өдрийн 10:00 цагт товлосон боловч 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн юм.
Хэргийг сануулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.