Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Төлөөлөл алдагдсанаас нийслэлийн асуудлууд шийдэгдэхгүй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн юм. Тэрээр “2008 оны үед бол 800 мянга орчим хүнтэй байсан хотын хүн ам хамгийн сүүлийн тооллогоор нэг сая 314 мянга болсон. Гэтэл төлөөллийн мандат нь 2008 оныхоороо хадгалагдаад явж байна. Манай нийслэлийн 500 гаруй мянган иргэдийн төлөөлөл байдаггүй гэсэн үг. Орон нутгаасаа шилжээд ирсэн ч дагаж мандат нь ирээгүй. Нийслэлээс УИХ-д 800 гаруй мянган хүнийг төлөөлсөн төлөөлөл байгаад байгаа юм. Тэгэхээр парламент ард иргэдийнхээ төлөөллийг хангаж чадахгүй байна. Нийслэл дээр маш том хэмжээгээр алдагдаад байна гэж үзэж байгаа. Мөн УИХ-ын гишүүд тойргоо өмчилж авах хандлага хүчтэй болчихож. Учир нь тойрогт бага хүн байх тусмаа ажиллахад хялбар болно. Тийм учраас орон нутгийн тойргууд тэр УИХ-ын гишүүн сайн муу ажилласнаас үл хамаараад гишүүндээ иргэд нь барьцаалагдчихсан байдалтай байна. Яг үнэндээ төлөөлөл алдагдсанаас орон нутгийн феодалууд үүсч байна шүү дээ. Тойргоо өмчилсөн гэдэг нь нууц биш болчихлоо. Сүүлийн сонгуулийг харж байхад гишүүдийнхээ хариуцлагыг ярьж, төлөөлөл өөрчлөгдөх хандлага нийслэлд л гарсан. Цаашдаа энэ хэвээрээ байвал ардчиллын өөрийнх нь ард түмнээ бүрэн төлөөлж, тэдний хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргах үйл явц муудна” хэмээж байсан юм.

Мэдээллийн дараа түүнээс дараахь асуултад хариулт авсныг хүргэж байна.

-МАН-аас Улаанбаатар хотод УИХ-ын мандат нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл байна?

-Үүнийг би гайхаад байгаа юм. Ардын намаас нийслэлийг удирдаж байсан М.Энхболдоос эхлээд Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар аль ч үед “Манай нийслэлийн мандат иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй байна. Үүнийг нэмэгдүүлээч” гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл одоо гэнэтхэн үгүй ээ гээд суучихаж байгаа нь ойлгогдохгүй байгаа юм. Ийм хоёр нүүртэй баймааргүй байна. Үнэхээр л төлөөллийг хадгалъя гэж байгаа бол нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 76 гишүүний тоог нэмэгдүүлсний дараа энэ асуудлыг тавих байсан юм биш үү. Аймгуудад нэг л төлөөлөл үлдэх болоод байх шиг?

-Манай НИТХ-ын дарга саяхан л нэмэгдүүлье гэсэн хүсэлт явууллаа шүү дээ. Бид Үндсэн хуульд бараг оны өмнө өөрчлөлт орох гээд байна. Мандат нэмэгдэнэ гэсэн байдал байхаар нь хүлээгээд суугаад байсан. Тэгтэл тийм юм болсонгүй. Тэр битгий хэл Сонгуулийн тухай хууль үндсэндээ хуучин маягаараа ороод ирсэн. Орон нутгийн төлөөлөл парламентад дандаа гуравны хоёрт нь байж ирлээ шүү дээ. Үүний цаана манай нийслэлийн өөрийнх нь бодлого хаягдаж байгаа юм. Нийслэлийн хүн ам нийт Монгол Улсын хүн амын 48 хувь байна. Гэтэл 20 хувийн төлөөлөлтэй суугаад байна шүү дээ. Ардчиллын зарчим нь шийдвэр гаргахдаа хүн амаа төлөөлж, оролцоог нь хангаж байх ёстой байдаг.

-Нийслэлд Ардчилсан нам байнга давуу байж ирсэн. Үүнийгээ улам баталгаажуулах гэж нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх гээд байна уу гэсэн хардлага байна?

-Ямар ч асуудлыг аль ч өнцгөөс нь тайлбарлаж болно. Ямар судалгаагаа иш үндэс болгосныг мэдэхгүй. Манай намын хийсэн судалгаагаар бол орон нутагтаа хүчтэй, дэмжлэгтэй байна. Намайг хэлэхээр мэдээллийн хэрэгсэл ашиглаж худлаа хэллээ гэх байлгүй. Шууд хэлье. Яг үнэндээ бид аймгуудын 60 хувьд дэмжлэгтэй хэвээр л байгаа. Тэгэхээр асуудлаас зайлсхийхийн тулд ийм яриа гаргаад байгаа байх. Манай судалгаа гээд юу ч яриад байж болно шүү дээ. Хамгийн гол нь 500 мянган хүн орон нутгаас ирсэн болон шинээр мэндэлсэн байна. Тэдгээр хүмүүс төлөөлөлгүй болчихоод байгааг яах юм гэдгийг л ярих хэрэгтэй. Зарим нутагт сумынх нь хүн ам хоёр дахин цөөрсөн. Аймгийнх нь хүн ам эрс багассан байгаад байдаг. Тэр хэмжээгээр хүмүүс аймгаас шилжиж ирсэн. Ирчихээд төлөөллөө алдчихаад байгаа юм.

-Улаанбаатарт мандатыг нэмэгдүүлснээр ямар ашигтай юм бэ. Бүтээн байгуулалт нэмэгдэх үү?

-Улаанбаатар хотод нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувь, хүн амын 50 шахуу хувь нь байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь нь энд байна. Гэхдээ хамгийн хүнд асуудлууд бас нийслэлд бий. Өнөө орчны бохирдлоос эхэлнэ. Улаанбаатар хот руу гарах л юм бол хэт төвлөрөлтэйгөө уялдаад бүхий л асуудал бий болчихсон байгаа. Яагаад шийдэж чадахгүй байна вэ. Яагаад гэвэл төлөөлөл хангагдаагүй, 500 мянган хүн хаягдсан байдлаар шийдвэр гараад байгаа учраас асуудлууд орхигдоод байна шүү дээ. Энүүхэндээ хэлэхэд сайн харах юм бол бараг хүнд хэрэглэгддэггүй маш их хөрөнгө оруулалт хийгээд явчихсан байдаг. Өдөрт 10-аад машин дээгүүр нь явдаг газар зам тавиад хаячихсан байх жишээтэй. Гэтэл Улаанбаатарт асуудал нь улам хүндрээд байдаг. Төлөөлөл алдагдсаны гай ингэж гараад байгаа юм.

-Төлөөлөл алдагдсантай холбоотой хор хохирол гэдгийг тодотгохгүй юу. Мандатыг 21 болгох нь хангалттай юу?

-Уг нь хангалтгүй. Хүн амын 48 хувь шүү дээ. Тэгэхээр 35 орчим гишүүн байж л хангагдана. Гэхдээ илүү тавьбал мэдээжийн хэрэг УИХ-ыг давж гарч чадахгүй. Ийм байдалтай байна шүү дээ. Би нэг юмыг ойлгуулж чадсан уу, яасан. Улаанбаатарт үүсч байгаа асуудал бол төлөөлөл алдагдсантай л холбоотой гэдгийг зориуд хэлье. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд 200-гаад мянган айл өрх, 800-гаад мянган хүн байна. Эдгээр хүмүүс эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүйгээр амьдарч байгаа гээд ойлгочих. Жишээ нь Чингэлтэй дүүрэгт есөн айл хашааныхаа газрыг нийлүүлээд 56 айлын таун хаус байгуулах бизнес төлөвлөгөө хийе гэж бодъё. Түүнийгээ хийх гэтэл харамсалтай нь хангаж өгөх санхүүгийн эх үүсвэр байхгүй. Байхгүй байгаа юм биш. Байлгахгүй байна. Юу гэж хэлмээр юм дээ. Энэ хүмүүс өөрөө өөрсдийнхөө эдийн засгийн эрхээ эдэлж чадахгүй хаягдаж ирлээ. Гэхдээ хичнээн их хөрөнгө мөнгийг яаж цацагдсаныг мэдэж байгаа шүү дээ. Асар их хэмжээний хөрөнгө мөнгийг цацсан хэдий ч тэр хүмүүс төлөөллөө алдсан болохоор хүртээлгүй байгаа юм. Хэрвээ төлөөллөө алдаагүй байсан бол дуу хоолойгоо хүргээд асуудлыг шийдчихсэн байх байсан. Одоо нэг юмыг ойлгох цаг болсон. Нийслэлийн гэр хороолол гэдэг бол Монгол Улсын ойрын 20 жилийн эдийн засгийн хөгжлийг хөдөлгөх гол хөдөлгүүр нь юм. 7,2 тэрбум ам.доллартай тэнцэх газар гэдэг актив үхмэл хөрөнгө болчихоод байна. Харамсалтай нь энэ хүмүүс төлөөллөө алдсанаас болоод энэ санхүүгийн, хөрөнгийн эх үүсвэрт хүрч чадахгүй байгаад байна. Би үүнийг ойлгоод өгөөч гэж гуйгаад байгаа юм. Энэ 7.2 тэрбум ам.долларыг л эргэлтэд оруулбал бид дэлхийн хамгийн хөгжилтэй, хурдтай өсч байгаа, эдийн засгийн эрэлт нь тогтвортой өсөх хандлагатай орон болно. 20 жилээр хязгаарлаж байгаа юм биш. Ийм боломж байна. Үүнийг ерөөсөө ойлгож өгөхгүй байна шүү дээ. Тэр үр ашиггүй болж байгаа хөрөнгө оруулалтаа болиоч. Энд эдийн засгийн эх үүсвэр байна, тийш нь оруулаач гээд дийлэхгүй байна шүү дээ. УИХ руу Д.Баттулга дарга бид хоёр байн байн захиа бичсэнийг санаж байгаа биз дээ. Дандаа л эсэргүүцээд, төсөв мөнгө булаацалдана. Тэгээд ялагдаад байгаа шүү дээ. Тэр тусмаа дээр нь ямар юм бий болчихоод байна гэхээр УИХ-д хэн их нөлөөтэй гишүүн байна тэр нь тойрог руугаа их юм авдаг бүр аюултай зүйл тогтчихсон. Энэ бүгдийг зогсоож, асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэдгийг л хэлмээр байна. Тиймээс мандатын эрхээ алдсан 500 мянган хүний мандатыг өгөөч гэж гуйх гэсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *