Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Сонгуулийн “халуун” ид үргэлжилсээр л байна. Та энэ дунд хаана нь явна. Нэр нөлөөтэй улстөрчийн хувьд сонгуульд идэвхтэй оролцогчоор байгаа байх?
-Мэдээж хэрэг АН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцож байгаа. Үүний хажуугаар өөрийн хувийн ажлыг амжуулж байна.
-“Ардын их хурал” байгуулж, ард түмэнд алдагдсан эрх мэдлийг олгож өгөх тухай та саяхан ярьж явсан. Энэ юу болсон бэ?
-Залуучуудын санаачилж байгуулсан энэ зүйлийг би энэ он гарснаас хойш дэмжиж яваа. Өнөөдөр манай улс төрийн тогтолцоондоо суурь өөрчлөлт хийх цаг болсон. Тогтолцоогоор нь өөрчлөхгүйгээр нийгмийн хөгжлийн тухай ярих аргагүй. Төрийн тогтолцоо буруу байгаа цагт сөрөг үзэгдлүүд амь бөхтэй оршдог. Тухайлбал, гэр хорооллын амьжиргааны түвшин ер дээшлэхгүй байгаа. Орон нутаг гэхэд хөгжлөөс бүр хаягдсан. Залуучууд маань хөгжил дэвшилд итгэх итгэл үгүй боллоо. Эдгээр бэрхшээлүүдийн угийг хөөгөөд үзэхээр төрийн тогтолцоо буруу учраас зохисгүй үйлдлүүд байнгын шинжтэй болдог. Төрийн тогтолцооны золиос болчихдог юм байна. Төрийн эрх мэдэл цөөнхийн гарт орчихоор нийгмийн ашиг тус цөөнх хэсэгт олгогдож, олон нийт ард нь хаягдаж үлддэг. Манай улс 1990-1992 онд Ардын их хуралтай байсан. УИХ-ын хоёр танхимтай байсан. Ардын их хуралд бүх хороо, сумаас орон нутгаас төлөөлөл оролцдог байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа парламентын хоёр танхимтай байхаар хуульчилбал Ардын Их Хурал нь УИХ-аа хянах боломжийг бий болгоно. Өнөөдрийн хяналтгүй төрд энэ хамгийн их хэрэгтэй. Ардын их хурлыг эргэж байгуулах тухай би 2000 оноос хойш ярьж бичиж байсны хувьд залуучууд маань санаачилж хөдөлгөөн байгуулаад ирэхээр би дэмжилгүй яахав.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө аясыг та хэрхэн харж байна вэ. Нэр дэвшигчид, намууд бие бие рүүгээ дайрсан сурталчилгаа, булай булхайг илчилсэн гэх мэдээллүүд хэрээс хэтэрлээ?
-Хүмүүс сонголт хийхдээ өөрийнхөө амьдралтайгаа холбож шийдвэрээ гаргадаг. Энэ сонгуульд сонголт хийхдээ миний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэдгээ сайн бод. Аль нэр дэвшигч бодитой үнэн, миний амьдралыг өөрчлөх гарцыг гаргах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Мөнгө, луйварт хууртах хэрэггүй. Манай зарим сонгогчид саналаа худалдаж байгаа тухай дуулддаг. Хэрвээ саналаа худалдаж буй бол маргаашийнхаа ирээдүйг худалдаж байгаагаас өөрцгүй. Тэгчихээд маргааш нь болохгүй бүтэхгүй байна гээд бөөн гомдол хэлээд үлддэг. Уг нь өөрчлөх бололцоог сонгогч олны өөрийнх нь гарт өгөөд байгаа юм шүү дээ.
-Хүүхдийн мөнгийг буцаан олгохоор боллоо, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаанаас иргэн бүрт эзэмшүүлнэ гэх мэт шийдвэрүүд сая гарлаа. Энэ бүхэн бодитоор хэрэгжих болов уу. Эсвэл сонгуульд санал татах гэсэн арга юм болов уу?
-Яг үнэндээ уржигдрын гаргасан шийдвэрүүд бол сонгуультай холбоотойгоор гаргасан. Зүй нь үнэн сэтгэлээсээ хийх ёстой байсан юм. Ардчилсан нам анх хүүхдийн мөнгө гэж ярьж байхад Ардын нам ямар их баалж, эсэргүүцэж байлаа. Тэгсэн одоо бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор болж байна гэнэ. Жинхэнээсээ өгвөл энэ нь их хэрэгтэй. Эдийн засаг, нийгмийг тогтвортой байлгахын тулд хүн амыг орлоготой байлгах ёстой байдаг. АН анх хүүхдийн мөнгийг санаачлахдаа орлогыг тогтвортой байлгахын тулд хүүхэд өсгөхийг хөдөлмөр гэж үзсэн юм. Зарим улсад хүүхэд өсгөсний төлөө цалин хүртэл өгч байна. Манайд хүүхдийн мөнгө буунгуут бараа борлуулалт сайжирч зах зээл сайжирдаг нь харагддаг. Үүнийг ойлгохгүй эсэргүүцээд байсан хүмүүс сая сайндаа ч биш сонгуульд дэмжлэг авахын тулд мөнгө олгох тухай ярьж байна. Уг нь хүүхдийн мөнгө чинь сонгуультай холбоогүй эдийн засгийн утга агуулгатай юм шүү дээ.
-Тавантолгойн хувьцааг ард түмэнд олголоо гэсэн. Ард түмэнд үр шимээ өгч наалдсан зүйл алга. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгоно гэх яриа бас үүн шиг хүртээлгүй болчих вий гэсэн болгоомжлол байна?
-Тавантолгойн хувьцааны хяналтын багц төрд байгаа. Эрхийг нь ард түмэнд өгөөгүйд гол учир байна. Харахад ард түмэн хувьцаатай юм шиг тэгсэн хэрнээ эзний эрх нь төрд байгаа учраас үр дүнтэй хэрэгжихгүй л дээ. Өнөөдөр Ардын нам юу гэж хуурах гээд байна вэ гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн нэг хэсгийг нь ард түмэндээ өгсөн юм шиг царайлаад үүнийхээ ард улстөрчид эрх мэдлээ авч үлдэх гээд байна. 51 хувийг эрх мэдэлтнүүд авч үлдэнэ. Би урьд нь тодорхой санал тавьж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ард түмний мэдэлд олгоё. Хувьцаагаар дамжуулж ард түмний өмчид өгье гэж хэлж байсан. Ард түмэн 51 хувийг эзэмших ёстой. Тэгж байж дарга нарын өмч биш болно. Англид 1972 онд Маргарет Тетчэр төрийн өмчийг төрд өгч болохгүй гэж үзээд ард түмэндээ бүх эрхийг нь шилжүүлж улс нь хөгжиж байсан түүх бий. Төрийн эрх мэдэлд байгаа өмч хэзээ ч ард түмний мэдэлд байдаггүй, улстөрчдийн өмч байдаг гэдгийг одоо ард түмэн ойлгох хэрэгтэй. Ердөө төрийн нэрийн өмнөөс дарга нарт луйвар хийх бололцоог л олгодог. Манай улс нийтийн өмчийн менежмэнтийг хуульчилж өгөх хэрэгтэй. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ард түмэн эзэмшиж байвал даргаа ард түмний саналаар сонгоно. Ард түмэн хувьцаагаа үнэтэй байлгахын тулд сайн түнштэй болохын төлөө явна. Дэлхийн брэндүүдтэй хөл нийлүүлэхийг хүснэ. Хэрвээ төрийн өмч хэвээрээ байгаад байвал очсон дарга нар идэж шамшигдуулахаа л бодно.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн шууд мэтгэлцээнийг үндэсний телевизээр үзсэн үү. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Мэтгэлцээнийг зохион байгуулсан Монголын олон нийтийн радио телевизийн өмнөөс би ичсэн. Дарга нарын захиалгаар ийм инээдтэй юм хийж олны өмнө шившиг болох ямар хэрэг байна вэ. Чөлөөт хэвлэл биз дээ. Харамссан зүйл гэвэл мэтгэлцээнийг хөтөлж буй хүмүүс нэр дэвшигчдийг улс орны бодлогын талаар ер яриулсангүй. Хов жив яриулаад л байх юм. Хувь хүнийг сайн, муу ч гэж байх шиг. Тэр хүүхдийн мөнгө олгох эсэхийг мэтгэлцээнийхээ үеэр ярихгүй яасан юм. Одоо тулгаж байж ярьдаг нь ямар учиртай юм. Санал л авахын тулд шүү дээ. Эрдэнэтийн хувьцааг өгөх эсэхээ тэр мэтгэлцээнээрээ ярихгүй яасан юм. Би мэтгэлцээнийг үзээд урьд өмнө болж байснаас хамгийн тааруу нь боллоо гэж дүгнэсэн. Урьд нь ядаж гадаад бодлогын тухай асуулт асуудаг байлаа. Одоо тэгсэн чинь “Та их зүгээр хүн юм шиг байна” гэж асуудаг болчихож. Ийм зүйл асуугаад байхдаа ч яахав дээ. Ёстой элэг авсаан.
-Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн хүлээлт байсан. Та яагаад нэр дэвшээгүй юм гэдгийг энэ дашрамд асуучихъя?
-Уг нь би сонгууль гэж яригдах үеэс л нийслэлийнхээ ажлыг хиймээр байна, надад Ерөнхийлөгч болох сонирхол байхгүй гэдгийг хэлж байсан. Хамтран тэмцдэг журмын нөхөд маань “Та нэр дэвш” гэсэн тулгалтуудыг ирүүлж байсан. Тэгээд л амыг нь дагуулчихсан чинь нэр дэвшинэ гэсэн яриа түгчихсэн. Манай намын журмын нөхөр Р.Амаржаргал “Бат-Үүлд татгалзах эрх байхгүй. Нэр дэвших ёстой” гэж хэлж байсан нь бий. Үнэндээ надад нэр дэвших дотоод сонирхол байгаагүй.
-Таныг хотын захиргааны байрыг зарчихсан гэж хотын дарга С.Батболд хэлсэн. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Хотын дарга С.Батболд намайг битгий хэл байгаль дэлхийг гүжирддэг хүн. Урьд ороогүй их цас орсон ч гэх шиг. 2016 оны сонгуулийн дүн гарч дуусаагүй байхад шахам бид ажлаа С.Батболдод маш хурдан хугацаанд хүлээлгэж өгсөн. АСЕМ болоход тулчихсан байсныг ч хэлэх үү. Хурдхан ажилдаа ороосой гэж хүссэндээ тэр. Би хотын дарга байсан хүний хувьд зовлонг маш сайн мэдэрнэ. Намайг анх ажлаа авахад Ардын намынхан дайсагнаж ажил хийлгэхгүй саад тотгор учруулахыг оролдож байсан. Зовлон мэдэх учраас хотын ажлыг урагшаа явуулаасай гэж бид хүссэн. Тиймээс бид нэг ч муу үг хэлээгүй, эсэргүүцээгүй. Тэгсэн чинь хотод очсон хүмүүс маань зогсолтгүй гүжир гүтгэлгээр булдаг болсон. С.Батболд хүнийг муучилж байгаад хүмүүсийг хуурч болно гэж бодоод байх шиг байна. Хотынхон хэзээ ч хууртдаггүй юм гэсэн хэллэг улс төрд байдаг. Хотын захиргааны байрыг зарах эрх мэдэлтэн гэж Монголд байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хотын захиргааны байрыг ашиглах нөхцөлгүй гэсэн шийдвэрийг 2008 онд гаргасан байсан. Тэгээд Иргэдийн хурал шийдвэр гаргаж, концессоор барих шийдвэр гаргасныг нь эргээд гүтгэлэг болгочихсон явна. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Сая Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг намайг гүжирдэхийн тулд, АН-ыг гүжирдэхэд зориулж ярьцгаалаа. Гол нь Бат-Үүл хотын захиргааг зарчихсан байна гэдгийг хэлэхийн тулд энэ хуулийн тухай хэлэлцлээ.
-Нийслэлийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр зарчихсан тухай 90 минутын бичлэг цацагдсан. Та үүнийг эвлүүлэг мөн биш эсэх дээр юу гэх вэ?
-60 тэрбум төгрөгийн тухай бичлэг эвлүүлэг биш гэдгийг шинжээч нар тогтоосон байна гэдгийг манай намын дарга С.Эрдэнэ хариуцлагатайгаар мэдэгдсэн. Би тэр бичлэгийг эвлүүлэг биш гэж бодож байна. Цахимаар явж буй мэдээллээс харж байхад ч тэр төрийн эрх мэдлийг зарж олсон гэдэг нь үнэн гэдгийг зарим хүмүүс баримттайгаар хэлээд байна шүү дээ. Зөвхөн Нийслэлээс 60 тэрбум төгрөг босгож байгаа юм чинь Засгийн газар, улсаас замгүй их мөнгө босгох нь ээ. Үнэхээр төрийн эрх мэдэл ингэж худалдагдаж байгаа бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд заналхийлсэн онц ноцтой аюултай гэмт хэрэг. Хэрэв төрийг ингээд худалдаад авчихаж болж байгаа бол Монголыг худалдаад авчихаж болно гэсэн үг болох нь. Сүүлдээ аж ахуйн нэгж шиг гадны хөрөнгөөр худалдаад авчихвал хэрхэх вэ. Аюул болно биз дээ. Миний байр суурь бол 60 тэрбум төгрөгийн бичлэгийг эцэст нь тултал нь шалгаж, заавал үнэнийг тогтоох ёстой.
-Цагдаа, хуулийн байгууллагаас эвлүүлэг мөн биш гэдгийг тогтоож чадахгүйд хүрээд байгаа юм биш үү. Улс төрийн нөлөөлөл хэтэрхий ороод байгаа гэсэн хардлага бий?
-Энэ эрх баригчид чинь мөнхийн албан тушаал дээр байхгүй байгаа юм биз дээ. Манай улс ардчилсан төртэй улс. Хэзээ нэгэн цагт хариуцлага тооцох байлгүй. Саяны сонгуулийн үр дүнгээс үзэхэд 2020 онд эрх барьж буй нам солигдох шинжтэй байна. Ардын нам Улаанбаатарт төдийгүй улсын хэмжээнд нийт сонгогчдын 30-аадхан хувийн саналыг авлаа. 70 хувь нь эсрэг байсан нь эрх баригчид солигдохын дохио. Хуулийн байгууллага хэрвээ үнэний талд зогсч чадахгүй байгаа бол нийгэм маань улс төрийн хүчээр асуудлыг шийддэг дэг жаяг руу шууд орно. Цагдаагийн удирдлагууд ичгүүргүйгээр нэг талыг барьж дайрч буйг хараад арай албан тушаалаа худалдаад авчихсан юм биш биз дээ гэж хүртэл бодогдох боллоо. Урьд нь цагдаа арай ч ийм улаан цаймдаа тулж байгаагүй юм шүү.
-Та хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд Улаанбаатар хотын буруу төлөвлөлт хаанаас эхлэлтэй гэж үздэг вэ?
-Улаанбаатар хотын төлөвлөлт анх хийгдэхдээ бүх айлын цонхонд нар тусахыг тооцоолж аяга шиг хэлбэртэйгээр төлөвлөсөн байдаг. Хаанаас нь ч уул сарьдаг нь харагдана. Уулаа дагаж өндөр хорооллуудыг барьсан. Зориуд төв талбайгаа Зайсан толгойтойгоо холбож өгсөн. Монгол нартай гэдгийг тооцож төлөвлөсөн байдаг юм билээ. Тэгсэн чинь төлөвлөлтийг нь алдуулж, эмх замбараагүй болгоод хаячихсан. Намайг хотын даргаар ажиллахад ордны хажуу талын хэвлэх үйлдвэрээс өөр газар хотын төвийн ойролцоо бараг үлдээгүй байсан. Дуудлага худалдаагаар тэр бага шиг газрыг 24 тэрбум төгрөгөөр үнэлж зарсан. Улаанбаатарын газрыг дуудлага худалдаагаар оруулсан бол гэж тооцоход 26 их наяд төгрөгийн орлого олох байсан.
-Зургадугаар сарын 26-ны өдрийн сонгуулийн дүнгээр МАН-ын нэр дэвшигч сугарч үлдэнгээ алдсан. МАХН-аас бидний саналыг МАН луйвардчихлаа гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан нь бий. Та энэ сонгуулийн дүнгээс юуг олж харсан бэ?
-Эрх барьсан намын өнгөрсөн нэг жилийн ажлын үр дүнд сэтгэл ханамжгүй байна гэдгийг харуулсан. Наад зах нь приус автомашины татварыг нэмчихээр хэн дуртай байхав дээ. Олон улсын Валютын сан хэзээ ч татварыг нэм гэж зөвлөдөггүй юм. Тийм эрх ч байхгүй. Орлого, зарлагынхаа зөрүүг багасгаж үр ашиггүй зардлаа багасга гэснийг нь манайхан сурснаараа зарлагаа багасгалгүйгээр орлогыг танах бодлого барьсан. Нөгөө 60 тэрбум төгрөгөөр зарчихсан албан тушаалаасаа таналт хийж багасгаж чадахгүй байгаа юм биш үү. Тийм учраас иргэдийнхээ орлого руу дайраад байгаа хэрэг л дээ.
-Та маргааш болох дахин санал хураалтын үр дүнг хэрхэн багцаалдаж байна. Анхны сонгуульд аль ч нэр дэвшигчдэд санал өгөлгүйгээр цагаан хуудас уншуулсан сонгогчдын тоо нэлээн өндөр гарсан?
-Хэнд ч санал өгөхгүйгээр цагаан хуудас уншуулах нь маш аюултай санал юм шүү. Яагаад вэ гэвэл сонгуулийг будлиантуулж луйвар явуулах боломжийг цагаан хуудсаар дамжуулан хийхийг үгүйсгэхгүй. Сонгуулийн дүн таалагдахгүй байна, гараар тоолъё гэсэн асуудал үүслээ гэхэд цагаан хуудсан дээр ямар ч тэмдэглэгээ явуулчих ч юм билээ. “Цагаан санал” луйварт ашиглагдах магадлалтай учраас маш аюултай. Тиймээс цагаан хуудас битгий уншуулаач гэж би уриалмаар байна. Хэрэв үнэхээр таалагдахгүй байгаа юм бол сонгуульд оролцохоо больчих. Будлиан, луйвар явуулах боломжийг сонгогч бид хэзээ ч өгч болохгүй. Би өмнөх сонгуулийн үед М.Энхболд хоёроор ч гарч ирж чадахгүй дээ гэж хэлж байсан. Одоо би нэг л зүйл хэлье. Сонгуулийн улайрал арай хэтэрлээ. Сонгуулиа сэтгэлд сэвгүйгээр шударга явуулъя. Хэн ялж, ялагдах нь чухал биш. Сонгуулиа шударгаар явуулаад араас нь амар амгалан өмнөх ажлаа хийцгээе дээ монголчуудаа.