Коронавирусын тархалт ажил, бизнес, сургалтын уламжлалт хэв маягийг өөрчилсөөр байна. Дэлхий нийтээрээ ажлаа онлайнаар хийх, онлайнаар суралцах хэлбэрт хэдийнээ дасжээ. Бид “Boloroo and Ariunaa” онлайн англи хэлний сургалтын багш, coach, “Гэр бүл ба гэрэлт ирээдүй” ТББ-ын үүсгэн байгуулагч, “Эрх зүйт ёс сан”-ийн гэрээт орчуулагч Э.Ариунаатай уулзаж ярилцлаа. Нийтийг хамарсан хөл хорионы үед англи хэлний онлайн курс нээн ажиллуулна гэдэг бол залуу хүний хувьд нэг талдаа зорилго, нөгөө талдаа зориг юм. Ингээд түүний ярилцлагад анхаарал хандуулъя.
-Бүх хүн бизнесээ зогсоож байгаа хөл хорионы үед онлайнаар хэлний курс хичээллүүлж байгаа танай хамт олон сонирхол татаж байна. “Boloroo and Ariunaa” онлайн англи хэлний сургалтын танхимын сургалтаас ялгарах онцлог, давуу тал юу вэ. Сурагчдад хэр өгөөжтэй байх бол?
-Коронавирусын халдвараас сэргийлээд хэсэг хугацаанд нийгмээрээ хөл хорионд орох ийм зүйлтэй бид нэг биш удаа таарч магадгүй болоод байна. Гэхдээ бид халдварын дэгдэлт буурахад нэмэр болоод гэртээ өнжиж байгаа ч цаг хугацаа, амьдрал үргэлжилсээр л байна. Хүн гэртээ удаан байхаар уйддаг, найз нөхөд, ангийн болон ажлын хамт олноо санах гэх мэт янз бүрийн л бодол хүмүүсийн тархинд эргэлддэг. Энэ мэт боломжгүй бодол, гарч ирсэн цаг заваа зөв ашиглах нь хөл хорионы давуу тал юм байна гэдгийг өнөөдөр өөрийгөө хөгжүүлнэ гэж боддог хүмүүс бол олоод харчихлаа. Тийм учраас англи хэлний сургалтыг онлайнаар явуулж эхэлсэн. Нөгөө талаар би өөрөө хүүхдүүдтэй ажиллах дуртай. Энэ хүслээ дагаад багшлахаар шийдэж, Австралийн томоохон байгууллагад төдийгүй Монголдоо сургалтын чанараараа дээгүүрт ордог “British school of Ulaanbaatar”-т багшилж байсан, хүүхдэд хичээл заах арга барил сайтай Ц.Болорчулуун багштай хамтраад “Boloroo and Ariunaa” нэртэйгээр онлайн англи хэлний сургалтыг явуулж байна.
Онлайн сургалтын танхимын сургалтаас ялгарах нэг онцлог бол дэлхийн хаанаас ч холбогдож, сурах боломжтой. Жишээ нь, манай анхан шатны ангид Солонгост сурч, амьдардаг хүүхэд хамрагдаад, бусад найз нартайгаа өөрийнхөө сонирхол болон амьдарч байгаа улс орныхоо соёлын талаар олж авсан мэдлэгээ хуваалцаж байна. Багш нарт хэдэн насны, хэдэн хүүхдэд ямар арга барилаар ямар агуулгатай хичээл заах вэ гэсэн тусгай сургалтын хөтөлбөр байдаг. Манай сургалт ч бас үүний нэгэн адил өөрсдийн бэлдсэн хөтөлбөрийн дагуу хичээлээ ордог. Хичээл маань 1 цаг 30 минутаар Zoom онлайн прогграмаар явагддаг ба эхний 30 минутанд дүрмийн хичээл, үлдсэн цагуудад яриа, дуудлага, сонсгол сайжруулах хичээлүүд дэс дараатайгаар ордог.
Гэхдээ бидэнд цөөн тооны хүүхэдтэй тулж ажилладаг, хаанаас ч хуулж орчуулаагүй, өөрсдөө бэлдсэн ном, гарын авлага байдаг учраас энэ программ хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Энэ л бидний бусдаас ялгарах гол онцлог болов уу гэж бодож байна. Манай хүүхдүүд хичээл дээрээ бүгд англиар ярьдаг. Гэхдээ би хүүхдүүдийн ээж аав нарт нэг л зүйлийг маш их онцолж хэлмээр санагддаг. Дэлхийн бүх орнууд тодорхой хэмжээгээр англи хэлийг ашигладаг. Бид энэхүү хэлийг сурах ёстой юу гэвэл ёстой, бүр тийм шаардлага бий болсон. Гэхдээ эхлээд Монгол хэлээ маш сайн сурах хэрэгтэй гэдгийг л хэлмээр санагддаг. Алдаагүй бичдэг болж, зөв бичгийн дүрмээ сайн сурах хэрэгтэй. Эх хэлээрээ хүнтэй нэг үг солихдоо утгыг нь маш сайн ойлгуулж чадахгүй мөртлөө бусад хэлээр чөлөөтэй ойлголцох хүүхдүүд олон болсон. Дэлхий дахины бусад улсын хэлийг эх хэл дээрээ хөрвүүлж ойлгох, ярих нь хамгийн чухал ур чадварт тооцогддог шүү дээ.
-Глобалчлалын нөлөөгөөр англи хэл сурах хандлага ихэссэн. Өнөөдөр албан бус ч хоёр дахь хэлний хэмжээнд яригдаж байна. Яагаад залуус заавал англи хэл сурах шаардалагатай гэж боддог вэ?
-Глобалчлалын тухай ойлголт өнөөдөр гарч ирж буй цоо шинэ зүйл биш, хөгжлийн үйл явц гэж боддог. Бүр 19-р зууны үе, түүнээс өмнө ч олон улсын төвшинд худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлахад чиглэгдсэн дэлхий дахины чиг хандлага байсан. Харин энэ зуунд глобалчлалын нөлөөгөөр дэлхийн улс орнуудад эдийн засаг, улс төр, боловсрол, хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай явагдаж, бид түүнтэй хөл нийлүүлэх шаардлага үүссэн. Наад зах нь онлайн худалдаа энэ цаг үед маш хурдацтай хөгжиж байгаа. Дуртай бараагаа, хүссэн зүйлээ эрж хайгаад, захиалах гэвэл бидэнд нэн тэргүүнд хэлний мэдлэг тэр дундаа англи хэлний мэдлэг хэрэгтэй болно. Цаашлаад олон улсын нэр хүнд бүхий сургуульд элсэн орохын тулд өргөдлөө илгээх шаардлага гардаг, энэ үед хамгийн түрүүнд хэлний мэдлэг хэрэгтэй. Хэлний мэдлэгтэй залуучууд бусдыгаа бодвол илүү өргөн хүрээний мэдлэг, мэдээллийг олж авдаг. Энэ давуу талаа ашиглаад гаднын томоохон компаниудтай холбогдож, өөрсдийн санаа, старт аптаа хөрөнгө оруулалт татаж чадаж байна. Хэлгүйгээсээ болоод маш том том боломжийг алдах нь энэ цаг үед элбэг болжээ. Мөн заавал хүнд хөдөлмөр эрхлэх шаардлагагүй бараг бүрэн цахимжсан учраас хэлтэй л бол бүх зүйл компютерийн дэлгэцийн араас явагдах боломжтой болсон байна.
–Эргээд сургалттай холбоотой асуулт асууя. Танай эрчимжүүлсэн англи хэлний онлайн сургалт хэр удаан явагдах вэ. Нууц биш бол цаашдаа ямар ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Ойрын хугацаанд хүүхдүүдийн тархины потенциал болон сурах хандлага, идэвхэд үндэслэн улам бүр өргөжүүлээд, улам бүр чанаржуулаад илүү шинэлэг арга барилаар, илүү сайн хөтөлбөр бэлдэж сургалтаа явуулах төлөвлөгөө бий. Цаашдаа илүү нарийвчилсан судалгааны материал ашиглаж, эрдэмтэн, багш нартай хамтарч хийх ажлууд яригдаж байгаа. Гэхдээ үүнийг нууцалсан нь дээр гэж бодож байна. Яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа учир хэрэгжээд, үр дүнгээ өгөөд эхэлсний дараа ярих нь зөв болов уу.
-Уншигчид залуу багштай танилцахыг хүсэж байгаа байх. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Би 1992 онд төрсөн. Таван настайдаа сургуульд орсон учраас Их сургуулиа ч эрт төгсөж, 19 настайдаа “Рафлес” олон улсын институтэд Боловсролын зөвлөхөөр ажиллаж, ажлын гараагаа эхэлж байсан. Үүний дараа 2015-2019 онд УИХ-ын гишүүний туслахаар ажилласан. Одоогоор хүүхдээ асарч байгаа ч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ч.Өнөрбаярын тэргүүлдэг “Эрх зүйт ёс сан”-д гэрээт орчуулагч хийж байгаа. Одоо бол “Nutrition” буюу “Шим тэжээл” цувралыг орчуулж байна. Энэ номын орчуулга дээр ажиллаж байгаадаа би үнэхээр баяртай байгаа. Ном тун удахгүй уншигчдын гар дээр очно. Мөн сургалтын болон бизнесийн англи хэлний хэд хэдэн ном орчуулсан байгаа.
“Эрх зүйт ёс сан” бол дэлхийн их дээд сургуулиудад бэстселлэр болсон эрх зүйн онол, сэтгэлгээний гол гол сонгодог бүтээлийг эх хэлнээ орчуулан хэвлүүлж, Монголынхоо уншигчид ялангуяа хуулийн сургуулийн оюутнууд мөн практик хуульч, шүүгчдийн гарт хүргэдэг. Мөн дотоодын эрдэмтдийн бүтээлийг гадаадад таниулах гүүр болон ажилладаг. 2014 оноос хойших бүтээлийн тоо өнөөдөр 30 гаруйд хүрсэн байгаа. Түүн дотроо Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг Very short буюу Товч танилцуулга цувралыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн хэвлүүлж байна. Надад ойрын хугацаанд болон ирээдүйд хийхээр төлөвлөсөн олон ажлууд байгаа учраас зав чөлөөгөө ашиглаад эхнээс нь амжуулахыг хичээж байна.