Энэ жил Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд нийтдээ 850 гаруй хуушуурын гэр гарах юм байна. Үүн дээр бусад үйлчилгээнүүд нэмэг дээд нийт дээ 1000 орчим цэг болох аж. Эдгээр хуушуурын цэгүүдийн талбайг олгох эрхийг дүүргүүдэд нь шилжүүлсэн байна. Ойролцоогоор нэг дүүрэг 100 орчим хуушуурын цэг гаргах эрхтэй гэсэн үг. Дүүргүүдийн зарим нь зургадугаар сарын 20, нөгөө хэсэг нь зургадугаар сарын 25 орчмоос эхэлж иргэдээс өргөдөл, хүсэлтийг нь авчээ. Наадмыг тохиолдуулсан амралтын өдрүүд олширсонтой холбоотойгоор хуушуурын цэг ажиллуулах хүсэлтэй иргэд ихээр хандаад байгаа аж. Мөн ноднин жилээс эхлэн зөвхөн аж ахуйн нэгж гэлгүй иргэдэд хуушуурын асар гаргах эрх өгсөнтэй ч холбоотой гэнэ. Өдөрт л 100 хүсэлт ирж байснаас шалтгаалж дүүргүүд нэмж өргөдөл авахаа зогсоогоод байгаа юм байна. Сүхбаатар дүүрэгт гэхэд л хуушуурын 85 гэр гаргах эрх байгаа атал 165 өргөдөл ирээд байгааг албаны хүн нь хэлж байлаа. Өнөө жилийн нэг онцлог нь хуушуурын цэгүүдийг дүүргүүдийн тодорхой газруу дад ажиллуулах аж. Тодруулбал, Бөхийн өргөөний ард, Гачуурт чиглэлд Амгалангийн зам дагуу, Төмөр замын дээд сургуулийн дэргэд, X хорооллын зам дагуу, III, IV хороолол Байгаль эх цог цолборын дэргэд, Морин тойруулгын талбай, Цамбагаравын талбай, Сонгино хайрхан дүүргийн гуравдугаар үйлчилгээний төв, Драгон төвийн дэргэд, Тусгаар тогтнолын талбайд тус тус хуушуурын асар, гэрүүд гарах нь. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд тусгай талбайд Монгол хуушуур фестиваль болох юм байна. Долдугаар сарын 11, 12ны өдрүүдэд болох тус арга хэмжээгээр “Хамгийн том хуушуурыг хэн хийх вэ”, “Хэн хамгийн хурдан хуушуур чимхэх вэ”, “Хуушуурын
урилыг хэн хурдан элдэх вэ”, “Хамгийн цэмцгэр асар” зэргийг тодруулах аж. Гадаадад байдаг пиццаны фестиваль зэрэгтэй дүйцэх үйл ажиллагаа болгох зорилготой гэнэ. Наадмын талбайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 200 гаруй байцаагчид ажиллана. Тэд зөвшөөрөлгүй хүнсний худалдаа эрхэлсэн тохиолдолд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн шүхэр, цув зарахад л зориулж худалдааны цэг гаргах бөгөөд бусад бэлэн хувцас ч юм уу өөр төрлийн бараа байвал зөвшөөрөлгүй гэдэг үүднээс торгуультай аж.
Энэ талаар НЗАА-ны Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуушуурын асар гаргах эрхийг хэдэн төгрөгөөр авах вэ?
Үнэ өртгийг төв комисс хараахан өгөөгүй байна. Миний ажлаа авсан гурван жилийн хугацаанд бол асрын зөвшөөрлийг Хүй долоон худагт 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 20 мянган төгрөгөөр л өгдөг. Энэ жил үнэ нэмэгдэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ үүн дээр цахилгаан, хогны мөнгө авна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилгоор хараагүйчүүдийн үйлдвэртэй хамтарч байгаа. Тэдний хийсэн цаасан уутыг хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст өгнө.
-Сонгинохайрхан дүүрэг хариуцаж Хүй долоон худагт хуушуурын гэр гаргадаг байсан. Энэ жил солигдсон байна?
Сонгинохайрхан дүүрэг олон жил Хүй долоон худгийг хариуцаж байсан. Ноднингийн наадмаар 200 гэр гаргах байсныг 70 гаруйгаар хэтрүүлсэн. Тэгээд хооронд нь шавуулж бариулсан нь аюулгүй байдал талаасаа Онцгой байдлын газраас заасан стандартыг зөрчсөн ноцтой зүйл. Ноднингийн наадмаар хэт ачааллуулснаас цахилгааны гэмтэл гарч осолтой нөхцөл үүссэн. Тиймээс энэ жил дүүргүүдийг сольж байгаа. Хүй долоон худагт Баянгол, Сүхбаатар дүүрэг хуушуурын цэгүүдээ гаргана. Сонгинохайрхан дүүрэг Төв цэнгэлдэх хүрээ лэнд байх юм. Ингэж солбихгүй бол нэг нь олон жил болохоор янз бүрийн заль, дунд нь зөвшөөрөлгүй гэр бариулах явдал гаргадаг юм байна.
-Шүхэр, цувнаас өөр зүйл худалдуулахгүй гээд байгаа?
Жилийн жилд л тийм шаардлага тавьдаг. Хэрвээ бороо орвол шүхэр, цув хэрэгтэй. Гадуур, дотуур хувцас аваачаад тавибал хүн авахгүй шүү дээ. Наадмаар иргэд хүнсний бүтээгдэхүүн, айраг, ус, ундаа л түлхүү авдаг шүү дээ.
-Тоглоом, соёлын бараа худалдаж байгаа хүмүүсийг яах вэ?
Хүүхдийн тоглоом, соёлын зүйлийг худалдахыг зөвшөөрнө. Гэхдээ эрэлт хэрэгцээ их байдаггүйгээс тийм ч их гардаггүй юм.
-Наадмын талбайд шүхэр, цув наас өөр юм худал даж яагаад болохгүй гэж?
Төв цэнгэлдэх хүрээлэн тал талаасаа барилгуудад шахуулаад талбай нь багасаж байна. Үүн дээр хуушуур, хүнсний бүтээгдэхүүн ихээр гаргах хэрэгцээ бий. Иймээс зай талбайгаа л бодож байгаа хэрэг. Ер нь тэгээд наадмаар зүгээр нэг хэрэглээний бараа, цахилгаан бараа бариад очвол хэн авах билээ дээ.
Ц.БАЯРСАЙХАН