Ус, цаг уур орчны шинжил¬гээний газрын мэдээлснээр энэ сард дуу цахилгаантай бороо ихээр орох төлөвтэй байна. Ялангуяа сарын эхний болон сүүлийн арав хоногт дуу цахилгаантай, ширүүн бороо ихээр орох аж. Бороо хур ихтэй байгаагаас ихэнх гол үерлэж байгаа мэдээ ч байна. Уржигдрын байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинд хүрчээ. Мөн Буянт, Ховд хот, Хөвсгөлийн уулсын Дэлгэрмөрөн, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Хэнтийн нурууны арын Хурх гол Өмнөдэлгэр сум, Барх гол Батширээт сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үеэрлэж байгаа аж. Тиймээс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Сүүлийн өдрүүдэд дуу, цахилгаантай бороо ихээр орсноос цөөнгүй газар аянга буужээ. Тодруулбал, Энэ сарын 2-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хуучнаар Дэнжийн 1000-ын авто баазын хойд хэсэгт байдаг байшингийн дээвэр дээр аянга бууж, гэрлийн залгуур нь бууджээ. Үүний маргааш нь Хан-Уул дүүрэгт нэг айлд аянга бууж гэрийнх нь бүрээс, цахилгаан хэрэгсэл нь шатсан байна. Дуу цахилгаантай бороо орсон үед гар утас, цахилгаан хэрэгслээ унтраахыг зөвлөдөг. Гэтэл хүмүүс хөлбөмбөг үзэхээр бороон дунд антеннаа оролдож, цахилгааны хэлбэлзэл үүсгэх болжээ. Тиймээс дуу цахилгаантай бороо орох үеэр цахилгаан хэрэгслээ түр зуур салгаж, гар утсаа унтраахыг онцгойгийнхон зөвлөсөн юм.
Мөн аялал, зугаалганд явахдаа гүүр, гармаар гол гаталж байхыг санууллаа. Өнгөрсөн долоо хоногт Туул голд машинаа урсгасан дуудлагын дагуу онцгойгийнхон очиж арав гаруй залуусыг аварчээ. Гүүр, гармаар гарахаас гадна голын ойролцоо амарч, зугаалахдаа болгоомжтой байж бага насны хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг усанд ойртуулахгүй байхыг зөвлөлөө.
Б.САРАНЦЭЦЭГ