Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулсан боловч Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг нэмж хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Засгийн газраас2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх тайланг Сангийн сайд Ч.Хүрэлбаатартанилцуулав. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд гаргасан гэдгээ тэмдэглэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 7,274.9 тэрбум төгрөгт хүрч, 108.8 хувийн биелэлттэй. Зарлага 9,017.3 тэрбум төгрөгт хүрч 95 хувийн биелэлттэй гарч улмаар нэгдсэн төсвийн тэнцэл 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнасан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 65,7 тэрбум төгрөг бол батлагдсан төсвөөс 3,2 тэрбум төгрөгөөр буюу 4.7 хувиар хэмнэгджээ. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгө 747,863.1 са төгрөг болж өмнөх оноос 63,696.5 сая төгрөгөөр буюу 9.3 хувиар нэмэгдсэн байна. Нийт авлага 502,432.8 сая төгрөг бол өмнөх оноос 3,821.8 сая төгрөгөөр, тайлант хугацааны нийт өр төлбөр 439,082.0 сая төгрөг болж, 9,155.02 сая төгрөгөөр тус тус буурсан байна.
Үндэсний аудитын газрын даргын орлогч дарга С.Бүрэнбат аудитын дүгнэлт танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 94 тайлан нэгтгэгдсэнээс 72 байгууллагад санал дүгнэлт гаргаж, 9 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, 13 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Санал дүгнэлт гаргасан 72 байгууллагаас 69 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” санал дүгнэлт өгсөн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар системийн хэмжээнд нийт 4,902.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс аудитын явцад 3,484.5 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.7 сая төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 313.5 сая төгрөгийн зөрчилд 22 албан шаардлага өгч, 1,087.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар холбогдох албан тушаалтанд 73 зөвлөмж хүргүүлсэн гэдгийг онцлов.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд тайлан нэгтгэгдсэнээс 37 байгууллага нь аудитад хамрагдаж, 32 байгууллага “Зөрчилгүй”, 3 байгууллага “Хязгаарлалттай”, 2 байгууллага “Сөрөг” санал дүгнэлт авсан байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 183,629.4 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 170,285.7 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.9 сая төгрөгийн зөрчилд 15 төлбөрийн акт, 1,446.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах 21 албан шаардлага өгч, 107.7 сая төгрөгийн зөрчил гаргасан 4 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлж, 11,772.0 сая төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгсөн гэдгийг Үндэсний аудитын газрын даргын орлогч дарга С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав нарын зүгээс дээрх салбаруудын төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхэлсэн асуудлын хүрээнд багтдаг аудитын “сөрөг”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэх, таван тэрбум төгрөг төсөвлөсөн хүр хорхойны эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнийүр дүн, үлийн цагаан оготно, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн өнөөгийн байдлын талаар илүүтэй тодруулав.
“Хязгаарлалттай”, “сөрөг” аудитын дүгнэлт авсан байгууллагын талаарх мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчдад нь хүргэсэн. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний дотор хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаараа ҮАГ-т мэдээлэх үүрэгтэй. Мөн үндэсний аудитын газраас давтан аудит хийж “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлтийн дагуу шалгалтын мөрөөр авсан арга хэмжээтэй танилцах болно гэж Ажлын хэсгийнхэн хариулав.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хариултдаа, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлт авсан таван байгууллагын гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, долоон албан тушаалтаанд арга хэмжээ авсныг тодотгохын зэрэгцээ 473 мянган га газарт үлийн цагаан оготныг устгаж, 756,8 сая төгрөгийг зарцуулсан гэж байлаа.
Монгол Улсын нийт газар нутгийн 76,8 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилттэй гэсэн судлагаа гарсан. Цөлжилт үүссэн шалтгааны 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувийг хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэсэн судалгаа гараад байна. Улсын төсвөөс судалгаа шинжилгээний чиглэлээр лхөрөнгө төсөвлөдөг. Тиймээс цөлжилтийн эсрэг тэмцэхдээ олон улс, гадаадын байгууллагын дэмжлэгийг авч ажиллаж ирсэн. Ирэх долдугаар сард гэхэд НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцид Монгол Улсын цөлжилтийн талаарх мэдээлэл, тайлангаа хүргүүлж, дэмжлэг авахаар ажиллаж байна гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваа хариулж байлаа.
Мөн 2018 онд 218 га газарт хүр хорхойг устгах төлөвлөгөөт ажлыг явуулж 4.5 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтайбайна. Ирэх долдугаар сараас эхлэн гэрээ хийсэн компаниудын хүр хорхойн устгал хийсэн үйл ажиллагаатай танилцаж,14 хоногийн мониторинг судалгаа хийнэ гэж тус яамны ажлын хэсгээс нэмэлт тайлбар өгөв.
Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.