Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтаар Эрчим хүчний сайд П.Ганхүү “Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбиныг шинэчлэх” санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлэхдээ, “Монгол Улсын эрчим хүчний салбарыг ОХУ-ын дэмжлэгээр байгуулсан. ОХУ-д сурч төгссөн боловсон хүчнүүд Монголын эрчим хүчний системийг авч явж байна. Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбины шинэчлэлийн талаарх санамж бичгийг байгууллаа. Ингэснээр дөрөвдүгээр цахилгаан станцыг найдвартай ажиллахад дэм үзүүлэх бөгөөд хүчин чадал 80-90 мВт-аар нэмэгдэх юм. Мөн станцын ажиллах насыг 30 жилээр уртасгах санамж бичиг байгуулав” хэмээн онцлов.
Дашрамд дурдахад ОХУ-ын эрчим хүчний яам, Монгол Улсын эрчим хүчний яамтай хамтарч ажиллах гэрээ, санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тохирлоо.