Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн Засаг даргын орлогч асан Ш.Энхбатыг авлигын хэргээр шалгаж байна

-ТҮҮНИЙГ ХУВЬ ХҮМҮҮСТ ЖОНШ ОЛБОРЛОХ ГАЗАР ОЛГОЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВСАН ГЭЖ БУРУУТГАЖ БУЙ ГЭНЭ-

Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбатыг  бусдаас авлига авсан хэргээр Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьжээ. Түүнийг бусдаас авлига авсан гэх мэдээллийн мөрөөр шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ сарын эхээр харин шүүхийн шийдвэрээр түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ. Түүний оронд О.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг  Засаг даргын орлогчоор томилсон бололтой. О.Бат-Эрдэнэ энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн II сургуулийн захирлын албыг хашиж байсан аж. 

“Уг нь Засаг даргын орлог­чийг ИТХ-аар оруулж томилох ёстой. Гэтэл өчигдрийн 11.00 цагийн Засгийн газрын теле хуралд оролцохоор О.Бат-Эрдэнэ орж  ирсэн. Үүнээс нь аймгийн удирдлагууд Ш.Энхбатын оронд О.Бат-Эрдэнэ болсныг мэдсэн. ИТХ-д түүний талаар ямар нэгэн асуудал орж ирэлгүй томилсон байх. Аймгийн Засаг дарга ямар шийдвэр гаргасныг одоохондоо мэдэхгүй” гэж ИТХ-ын зарим төлөөлөгч ярьж байв. Тэдний нэгнээс “Ямар учраас Ш.Энхбатыг ажлаас нь чөлөөлсөн юм бол” гэж асуухад “Бид нарийн ширийн зүйл мэдэхгүй байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш түүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл аймгаар яригдах болсон. Хуулийн байгууллага болон аймгийн Засаг даргаас Ш.Энхбаттай холбоотой албан ёсны мэдээлэл ирээгүй учраас хэлж мэдэхгүй байна. Гурван сарын эхээр аймгийн эмнэлэгт хэвтэж, дараа нь “Оргил” сувилалд хэвтэж буй сураг гарсан. Тэгээд л чимээгүй болсон” гэв.  Хуулийн эх сурвалж харин Ш.Энхбатыг хувь хүмүүст жонш олборлох газар олгож  хариуд нь их хэмжээний мөнгө авсан гэж буруутгаж буй тухай хэлэв. 

Ш.Энхбатаас хэргийнх нь талаар тодруулахад “Энэ талаар би мэдээлэл өгөх боломжгүй байна. Прокурорт шилжихээр нь ярья” гэв.

Ш.ЭНХБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Ам бүл тав. Эхнэр хүүхдүү¬дийн хамт амьдардаг. Малын их эмч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1972-1982 онд дунд сургууль, 1982-1984 онд ЗХУ /хуучнаар/ Ойн ТМС , 1987-1995 онд ХААИС, 2003-2004 Удирдлагын академи төгсчээ. 1984-1987 онд Дундговь аймгийн Ойн аж ахуйд техникчээр ажлын гараагаа эхэлж байсан байна. Дараа нь 1995-1998 онд аймгийн ХХААГ-т мал эмнэлэгт ариун цэврийн их эмч, 1998-2001 онд аймгийн ХХААГ-ын дарга, 2001-2006 онд аймгийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, -2006-2008 онд “Наранцацралт” сангийн Дундговь аймаг дахь төлөөлөгчийн газрын захирал, 2008-2013 онд Өлзийт сумын Засаг дарга,  2013 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв.  2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд “Нарны хүлэг” уяачдын холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдсон байна. 2006 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль”, 2007 онд МоАХ-ны дээд шагнал “Эрх чөлөөний одон”, 2011 онд “Алтан гадас” одон, 2012 онд МоАХ-ны “Тусгаар тогтнол” одон зэрэг шагналаар шагнагдаж байжээ.

 Г.ЯЛГУУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *