Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” хоршоо бүх гишүүдийн хурлаа хийж, хоршооныхоо нэрийг “Буянт хайрхан” хэмээн өөрчлөх шийдвэр гаргажээ. Хоршоо нь гишүүдийн сайн дурын үндсэн дээр байгуулдаг, ардчилсан удирдлага, хяналтын тогтолцоотой хуулийн этгээд юм. Манай улсын хувьд социализмын үед сум бүрт байсан хөдөө аж ахуйн нэгдлүүдийг 90-ээд оны эхээр өөрчлөн “хоршоо” байгуулсан ба энэ нь хоршооны “сайн дурын үндсэн дээр байгуулах” зарчимтай нийцдэггүй. Тиймээс ингэж байгуулсан олон хоршооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Ийнхүү гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангадаг, олон улсын хоршооны зарчимд нийцэж ажилладаг хоршоо Дундговь аймагт тийм ч олон байдаггүй. Хоршоо гишүүдийнхээ төлөө ажилладаг байгууллага. Тиймээс хоршооны зарчимд нийцэж, гишүүдийнхээ төлөө ажиллаж, амжилтад хүрч болдгийн жишээг “Давших зам” буюу ирээдүйн “Буянт хайрхан” хоршоо ийнхүү харуулж байгаа аж.