Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дулаан арал худалдаж авах “Өдрийн сонин”-ы санаа бараг 50 хувьтай биелж байна DNN.mn

“Өдрийн сонин” бол Монголын оюун ухааны “Оюу толгой” юм. Манай сонин анхны дугаараа уншигч та бүхэндээ өргөн барьснаас хойш өдгөө 30-аад жил болж байна.Үндэсний хэмжээний өдөр тутмын “Өдрийн сонин” нь монголчуудын оюун санааны чиглүүлэгч байж, нийгмийн дархлаа болдог.Тэр утгаараа бид өдөр бүр шинэ санааг нийгэмд гаргаж тавьсаар ирсэн билээ.Үүний нэг бол монголчууд дулаан аралтай болъё гэсэн санаачилга.Энэ тухай арваад жилийн өмнөөс бичиж эхлэв.Өнөөдөр толилуулж байгаа маань тав дахь удаагийнх болж байна.

Өвлийн хүйтэнд баагисан хар утаанд хордож байгаа монголчууд дулаан аралтай болбол хэчнээн сайхан бэ. Манай монголчууд намрын сэрүү орохоос эхлээд хавар шувтартал хүүхэд хөгшидгүй бүгд ханиаднаас ханиадны хооронд тамираа бардаг. Энэ хугацаанд өвдсөн шаналсан түмэн олон эмнэлгүүдийн коридорыг дүүргэнэ. Анзаараад байхад монголчууд өвлийн улиралд хамгийн их уур уцаартай болдог шүү дээ.Зам нь гулгаатай, амьсгалах агаар нь хүнд. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, халаалт дулааны доголдол хаа сайгүй, хэзээ ч хамаагүй тохиолдоно. Оны өмнө оросууд бензин, шатахуунаа өгөхөө багасгахад улсаараа яаж хэцүүдлээ дээ. Дээрээс нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого хамгийн их хумигддаг үе бол өвөл. Улирлын чанартай бизнесүүд зогсож иргэдийн орлого ч багасна. Айл өрхүүдийн хувьд түлээ түлш, ам бүлийн гишүүдийнхээ тоогоор дулаан хувцас хунар гээд хамгийн их зарлагатай сарууд өвөл байдаг. Ер нь жагсаал цуглаан элдэв улс төрийн акцууд хүртэл дийлэнхдээ өвөл өрнөдөг. Харин халуун зунаар бол бидэнд энэ бүх зовлон бэрхшээл байдаг бил үү. Дулаан байхад хүний сэтгэл санаа цаанаасаа тэнүүн амар тайван байдаг даа. Амьдралын тав тух, эрүүл мэнд, итгэл найдвар, өсөн дэвжих бүх боломж цаг агаар, орчин нөхцөлтэй зайлшгүй холбогдоно. Хэрэв бид дулаан аралтай болбол өвлийн хүйтэнд жаргалтай амьдрал тэнд л байх биз.

“Өдрийн сонин” анх дулаан арал худалдаж авч, улсаараа очиж өвөлждөг байя гэсэн санааг нийгэмд гаргаж ирэхэд хүмүүс их цочир хүлээж авсан. Яг үнэндээ биелэгдэшгүй хий хоосон мөрөөдөл дэвшүүллээ гээд биднийг эргүү мангараар нь дуудахаас холгүй шоолж байсан гэх үү дээ. Үүнээс улбаатай “Эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтаа монголчууд эрт цагаас нүүж, суугаад зохицож амьдарч болоод ирсэн.Энэ бол бидний хувь тавилан” гэж үл ойлгогсод ч байсан байх. Тэгвэл өнөөдөр эдгээр бодол өөрчлөгджээ. Монголчууд арал дээр өвөлждөг боллоо.Одоохондоо бид дулаан арал худалдаж аваагүй ч гэсэн өвлийн энэ хүйтэн өдрүүдэд дулаан арал руу тэмүүлдэг болсон байна.Өөртөө болон гэр бүлдээ хайртай, хөрөнгө чинээтэй хүмүүс л өвлийн хүйтэнд утаанаас зугтаж дулаан газарт өвөлжөөд, зундаа уудам сайхан нутгаа ирж уушгиа цэнэглэдэг гэсэн нийгмийн давхарга бий болжээ. Өнөөдөр монгол хүн бүхэн дулаан арал дээр очиж амарч, алжаалаа тайлахыг хүсдэг болж. Тэр байтугай жилдээ ганц авдаг ээлжийн амралтаа өвөл тааруулж, арал дээр очиж амардаг хувийн хэвшил олон болсон байна лээ. Хичээл сар гаруйн хугацаанд амардаг өвлийн улиралд өвөө, эмээ нар ач, зээгээ хөтлөөд дулаан аралыг зорьдог болжээ. Залуу хосууд, гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо гадагшаа аялж зугаалахдаа өвлийг зориуд сонгож, далайн эрэг дээр наранд биеэ ээж, тааваараа шоппинг хийхийг илүүд үздэг болов. Тэнд зах хязгаар нь харагдахгүй усан мандалд ойж буй жаргах нарны туяаг харангаа дурсамжаа бүтээх нь үнэхээр тансаг биш гэж үү. Тийм болохоор өнөөдөр монголчууд дулаан арал дээр хурим найраа хийж байна.Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж байна.Энэ маягаар монголчуудын бараг 30-аад хувь нь дулаан арал дээр өвөлжиж байгаа гэсэн судалгаа бий.Тэд доод тал нь 7-14, бүр цаашлаад сар гаруй болж байх жишээтэй. Эндээс “Өдрийн сонин”-ы нийгэмд гаргаж тавьсан, дэвшүүлсэн шинэ санаа, шинэ үзэл бодол бүр амьдралд биеллээ олдгийг харж болохоор байна.

Монголчууд энэ өвөл гурван улсын далайн эргийг үнэхээр эзэгнэх шиг боллоо. Пукет, Хайнань бас Фукок арал. Саяхны нэгэн судалгаанд монголчууд 300 сая ам.доллароор гадагшаа аялсан гэжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл нэг их наяд болж байгаа юм. Ганцхан жил гадагшаа аялахад ийм мөнгө зарцуулж байна.Тэгэхээр бид өөрийн гэсэн аралтай болмоор байна.Болж өгвөл худалдаж авах хэрэгтэй. Бүр чадахгүй бол бартерлаж бас болно. Сүүлийн үед аралын бизнес нэлээд өргөжиж байгаа.Гадаадын том баячуудын арал сонирхдог.Тэд хэн нэгнээс хараат бус бизнесийн яриа хэлэлцээ хийх юм уу интертаймэнт чиглэлээр цагийг зугаатай өнгөрүүлэхдээ хувийн арал дээрээ буудалладаг.Манайхан ч бас нэг үеэ бодвол хөрөнгөжсөн болохоор арал худалдаж авсан хүн мэр сэр байдаг гэх яриа ч бий. Тэгэхээр дулаан бүсэд арал худалдаж аваад улсаараа очиж өвөлждөг болмоор байна. Вьетнам, Филиппин, Япон, Солонгос  улс бол аралуудын эх орон. Тэндээс усанд орчихооргүй арлыг Монголынхоо энэ их газраас сольж бартерын гэрээгээр авъя. Манайд юу л байна, газар байна. Тэгэхээр заавал арал худалдаж авч дийлэхгүй юм аа гэхэд энэ их өргөн уудам газраасаа солилцож өөрсдийн гэсэн эзэмшил бүхий аралтай

болох талаар бодох цаг болжээ.

Одоо парламентад хамгийн их хэл ам дагуулаад байгаа хууль бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал. Монголчууд амтай болгон нь энэ хуулийг ярьж, уур омгоо нийгмийн сүлжээнд илэрхийлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр ерөнхийдөө уул уурхайн салбарт л зонхилдог.Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа эзэлж байна. Газартай холбоотой гадаадын хөрөнгө оруулалт гэвэл уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй салбар байж таарна. Манай улсад хаана л бол хаана хөдөө аж ахуй эрхлэх боломжтой. Яах вэ гаднын улсууд хангайд хүйтэн жиндүү гэх юм бол говийн энэ их газруудаасаа түрээслэе. Тэрэндээ тулбал Хэрлэн, Орхон голоос говь руу ус татахад болохгүй юмгүй. Шийдлүүд нь ч бэлэн байгаа. Энэ талаарх эрдэмтдийн багийн судалгаа өчнөөн бий.Дулаахан бас нарлаг говьд хөдөө аж ахуй эрхлэхэд таатай орчин бүрдүүлж болно.Хүн төрөлхтөн өнөөдөр химийн найрлагагүй органик бүтээгдэхүүнийг сонгодог болсон. Дэлхийд хамгийн үржил шим сайтай газраараа манай улс дээгүүр бичигддэг. Ийм эрүүл хөрсөнд ургуулж боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг гадаадынхан маш их сонирхоно. Энэ салбарт хөрөнгө оруулагч аль нэг аралтай улстай гэрээ хэлцэл байгуулж, харилцан ашигтай газраа солилцож эзэмших ажлыг УИХ, Гадаад харилцааны яам ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

Одоо дулаан арал руу монголчуудын 30 хувь явж байгаа юм чинь “Өдрийн сонин”-ы дэвшүүлсэн санаа 100 хувь биелэх боломжтой. Монголчууд маань өөрийн гэсэн аралтай болчихвол амьдралын чанар эрс сайжраад ирнэ. Дулаан арал руу хүүхэд хөгшидөө явуулаад томчууд нь Монголдоо ажлаа хийдэг баймаар байна. Иймд бид аралтай болох хамгийн дөт боломж нь тухай улстай газраа бартердах. Мэдээж газар тариалан эрхлэх баялаг уудам хөндий тал зөвхөн Монголд л байгаа. Тэгэхээр ийм боломжийг эрэлхийлсэн улсуудад газар хамгийн их хэрэгтэй. Харин бидэнд өвөл очоод амьдардаг байх дулаан арал чухал. Тэгээд ч монголчууд ямар газраа эдийн засгийн эргэлтэд оруулж тордож чаддаг биш. Хүн бүрд улсаас 0.07 га газар хөдөө орон нутагт үнэгүй ав гээд байхад тоодоггүй. Газрын асуудал яригдахаар манайхан үлгэр домог мэт яриаг хамгийн түрүүнд өлгөж авч харамладаг. Энэ нөгөө эхнэрийг нь гаднын хар юмнууд гуйхад өгчихөөд газар болохоор харамладаг домог байна. Энэ домгийг одоо бахархан яриад байдаг хүмүүс эхнэр охидоо хараад юу бодож байдаг бол. Энэ муусайн ч дээ нэг элстэй довцогийн үнэ хүрэх биш гэж л бодож суудагшүү л байх даа. Энэ бол тухайн цаг үедээ байсан нь л гэж итгэхээс. Харин дэлхий ертөнц глобалчлагдаж, хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтөн соёл иргэншил, амьдралын хэв маягаараа хил хязгаараас үл хамааран нэгдэж байгаа.Шинэ ертөнцөд хуучинсаг үзэл санаа, арга барилаасаа салах ёстойг энэ даяаршил өдөр бүр тод сануулаад байна. Тийм болохоор хэдүүлээ өөрийн гэсэн дулаан аралтай болцгооё.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *