Монголын Залуучуудын холбоо, “Оргил уулын дугуйн клуб”, “Монголын Залуучуудын Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийнхөн хамтран “Дугуйтай Санта-2014” сайн үйлсийн аяныг өчигдөр зохион байгууллаа.
Энэ удаад дугуйтай залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярт нь баяр нэмэхээр сайн үйлсийн аяны эздээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар тусгай сургуулийн 300 гаруй сурагчдын сонгон баярлуулсан юм.
“Дугуйтай Санта” сайн үйлсийн аян нь өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед 9 залуу энэхүү аяныг явуулж байсан бол энэ жил хүрээгээ тэлэн 100-н дугуйтай залуу нэгджээ. Тэд энэхүү аянаа жил бүр уламжлал болгон тэмдэглэж байх юм байна.
“Дугуйтай Санта”-д оролцсон залуус чимэглэсэн дугуй, сантагын хувцасаар гоён ижилссэн бөгөөд тэд Чингис хааны талбайгаас дугуйтайгаа парадаар хөдлөн Баруун 4 зам, Зүүн 4 зам, Багшийн дээд, Тусгай дунд 25 дугаар сургууль гэсэн маршрутаар хотоор аялсан юм.
Дугуйтай Санта нарт 25 дугаар тусгай сургуулийн сурагчид өөрсдийн бэлтгэсэн “Мини” тоглолтоо сонирхуулан “Дугуйтай санта” нарын мэндчилгээг хүлээн авч тэдэнтэй хамт хөгжөөнт тоглоом тоглон өвлийн өвгөн ааваасаа шинэ жилийн бэлгээ гардан авсан юм.
Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хандивын бэлэг ийнхүү цугларч сайн дурын залуусын нэгдлээр үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа юм.
Энэ жилийн “Дугуйтай Санта-2014” сайн үйлсийн аянд Нийслэлийн ЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Нийслэлийн замын цагдаагийн газар, “Залуу аялагч клуб”, “UB Social bike club”, “Залуу дугуйчин клуб”, “Тэнгис” кино театр, Монгол цэргийн музей, “Жүр үр” компани болон хувь хүмүүс дэмжин оролцсон юм.