Ч.Мөнгөндалайн Монгол орныхоо баруун 15 аймгийн 210 сумаар нийт 6200 км замыг унадаг дугуйгаар туулсан аяллын тухай манай “Өдрийн сонин” цуврал тэмдэглэл хүргэж байв. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч, мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа тэрээр нурууны хүнд мэс засалд орж байгаа О.Ундрал охинд 100 мянган төгрөг хандивлаж, чин сэтгэлийн бэлэг, захидлын хамт өгчээ.
О.Ундрал охин төрөлхийн цээж цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй ч амьдралын эрч хүч, итгэл үнэмшлээ алдалгүй хүнд өвчинтэй тэмцэж буй юм. Охины нэг удаагийн хагалгааны төлбөр дунджаар 23-25 сая төгрөг, нийтдээ 200 гаруй сая төгрөг болох аж. Иймд сайхан сэтгэлт монголчуудаа нэгдэн бяцхан охинд сэтгэлийн дэм хайрлаж, хагалгааны зардлын хагасыг нь ч болов олоход туслахыг уриалжээ.