Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугуй түгжигч нь “хэрхэн мөнгө салгах” уралдаанд түрүүлсэн санаа юу

Автомашины дугуйг түгжих тухай НИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ачаалал ихтэй Их, Бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн замын нэгдүгээр эгнээд машинтайгаа түр буюу удаан зогссон эсвэл ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон бол машиныхаа урд дугуйг түгжүүлнээ л гэсэн үг. Түүнчлэн жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслүүд ч үүнд хамаарч явах эрхгүй болно. 

Дугуйгаа түгжүүлсэн иргэдийн хувьд торгуулийн хуудас бичүүлж, 20 мянган төгрөг төлснөөр машинаа “өөрийн” болгох юм билээ. 

Энэ журмыг өнгөц харахад нийслэлийн удирдлагууд маань ядарсан муу иргэдээ “бодож”, шууд ачаад явчихаас арай хөнгөн “шийтгэл”-ийг оногдуулжээ гэмээр.

Гэхдээ ийм шинэ арга хэмжээ авлаа гээд машин ачих үйл ажиллагаа зогсчихгүй юм билээ. Дээрх тохиолдлуудаас арай хүнд буюу замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргасан үед ачна гэсэн.    

Автомашиныг ачиж байх үед хамгийн багадаа 80 мянган төгрөг, машины овор хэмжээнээс хамаарч түүнээс дээш төлбөр төлж байж машинаа журмын хашаанаас олж авч байв. Үүнээс хойш автомашин ачих үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэдэн саяыг халаасалж, энэ төрлийн бизнес цэцэглэсэн. Бүр ийм бизнес хийе гээд хэдэн зуугаараа хүсэлтээ ирүүлээд байгаа гэсэн шүү. Ингэж зөвхөн мөнгөний төлөө улайрсан компаниуд хэдхэн сартай нярай хүүхэдтэй машиныг ачаад явчихсан тохиолдол ч гарсан. 

Одоо харин дугуй түгжигч гэх шинэ бизнес гарч ирэв. Иргэд машинаа ачуулчихаад хаана хандахаа мэдэхгүй, цаг заваа алдаж бухимддаг байсан бол одоо дугуйгаа түгжүүлчихээд банк хайх, улмаар банкны урт дараалалд зогсох, эргэж ирж төлбөр төлсөн дансны хуулгаа өгөх гэсэн олон шат дамжлагыг давах хэрэгтэй боллоо. Магадгүй халаас хоосон нэгэн таарвал мөнгө хайж хаа нэг тийшээ гүйх ч хэрэг гарав шүү. 

Ер нь эдгээр арга хэмжээний эцсийн зорилго нь замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах гэж байгаа. Гэтэл яг үнэндээ дээр хэлсэн шат дамжлагуудыг дамжсаар явтал дор хаяж 30 минут болно. Тэгэхээр юун нөгөө замын хөдөлгөөнийг саадгүй болгох манатай болох биш үү.

Нөгөө талаас 20 мянган төгрөг төлж тайлуулах энэ түгжээ хэний бизнес вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Хэн, хэзээ, хичнээн ширхэг түгжээг Замын хөдөлгөөний удирдлагын төвд шахчихсан нь ийнхүү иргэдийн толгой дээр буув. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын мэр Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” компаниас нийлүүлж байгаа гэх юм. “Грандлайн” бол брокер диллерийн компани байснаа гэнэт барилгын компани болж БЗД-ийн гэр хорооллыг дахин төлөвлөх томоохон төслийг хэрэгжүүлэгч болсон билээ. Тиймээс бас л гэнэт үйл ажиллагаагаа өөрчлөн дугуй түгжигчийн бизнес эрхлэхээр болсон байж ч болох л юм.  

Мөн “Яаж сэтгэвэл иргэдээсээ мөнгө салгах вэ” гэдэг уралдаанд түрүүлсэн санаа мэт. Машиныг нь ачаад байхаар иргэд барагтай бол хүнд, ноцтой зөрчил үүсгэхээ больж, нийслэл болон автомашин ачигч компанийн орлого буурсан энэ цаг үед дахин мөнгө хайх боломжийг эрэлхийлсэн нь ийм шийдэлд хүргэсэн юм болов уу даа. Магадгүй жижиг, жижиг зөрчлүүдэд дөрөөлөн 20 мянган төгрөг салгах энэ арга хэмжээ нь автомашин ачихаас илүү орлогыг ч тэдэнд авчирч болох юм. Ингэж хардахаас өөрөөр замын хөдөлгөөнийг шуурхай, чирэгдэлгүй болгохын тулд хийж байна гэж огтхон ч харагдахгүй байна. Харин ч ойр зуурхны зөрчлийн улмаас дугуйгаа боолгуулсан хэдэн арван автомашин энд тэндгүй зогсож, хэдэн минутаар үргэлжлэх байсан түгжрэл хэдэн цаг болох бус уу. 

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга маань хотын төвөөр автомашинтай явбал 40-50 мянган төгрөг авна гэж жолооч нарыг бухимдуулж үзсэн. 

Энэ бүхнээс харахад төр засаг улмаар нийслэлийн удирдлагууд маань иргэдийгээ хэрхэн аюулгүй, эрүүл, сэтгэл санааны дарамтгүй орчинд амьдруулах вэ гэсэн улиг болсон “үүргээсээ” илүүтэйгээр жаахан ч гэсэн шалтаг, өө гарвал хэдэн мянган төгрөгөөр хэмжээд буцаагаад авчих вэ гэсэн бодлыг л өдөр шөнөгүй бодож суудаг юм шиг ээ. Ер нь энэ нийгэм хүнийг хүн гэж үзэлгүй мөнгө гэж хараад байгаа нь нийслэлийнхний энэхүү дугуй түгжих журмаас харагдаж байгаа юм.

Т.ГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *