Categories
мэдээ цаг-үе

Дөчин жилийнхээ ойг угтсан нэгэн ангийн андууд

10г ангийнхан өнөө үед

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа 1977 онд Улсын дэд үүр, Улаанбаатар хотын Тэргүүний хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээр шалгарч байсан нийслэлийн 17 дугаар дунд сургуулийг 1978 онд төгссөн Б.Солонго багштай 10г ангийнхныг урилаа. Хүүхэд насны гэнэн цайлган, хөгжилтэй дуртгалуудаа санагалзан, дурсамж дүүрэн зургуудаа дэлгэсээр 10г ангийн хэсэг нөхөд нь багшаа дагуулсаар бидэнтэй уулзсан юм. Тэртээ 1978 онд арав дахь хавраа гуниг, баяр хослуулан үдэж, үүрнээсээ ниссэн шувууд шиг тал бүр тийшээ тарцгаасан нэгэн жарны андууд өдгөө дөч дэх жилийнхээ ойг угтан цуглаж буй нь энэ ажээ. Нэг л мэдэхэд санчигны үс бууралтаж, сурагч ахуй насаа эргэн дурсах үе ирэх юм аа гэсээр ангийн охид нь дурсамжаа дэлгэлээ. Дөчин жилийн өмнөх энэ цаг дор Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, волейболын олон улсын хэмжээний мастер Б.Солонго багштай 10г ангийнхан 46-уулаа сургуулиа төгссөн байна. Тэр жил эдний ангийнхан сурлага, урлаг, спортоороо сургуульдаа тэргүүлж, 13 нөхөд нь онц дүнтэй төгсөж, гадаад, дотоодын их, дээд сургуульд дийлэнх нь элсэн оржээ. Тухайн үед Тэргүүний хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр анги болох болзол хангана гэдэг хүссэн сургуулийн сурагчдын хийдэг ажил биш ээ гэдгийг тавь, жараад оныхон сайн мэднэ. Сурагчдын сурлага, анги хамт олны хичээл зүтгэл, нийгмийн ажилд оролцсон үзүүлэлт, урлаг, спортоор сургуулиа тэргүүлсэн байдал, сахилга бат зэрэг олон шалгуурыг давуулан биелүүлсэн анги сая нэг тэргүүний үүрээр шалгардаг журамтай байж. Энэ бүх шалгуурыг 1977 онд Б.Солонго багштай 10г ангийнхан давуулан биелүүлж Улсын дэд үүр болсон нь тус хамт олны нэгэн бахархал яах аргагүй мөн билээ. Энэ талаар ангийн дарга А.Эрдэнэчимэг “Тэргүүний үүрээр шалгарч байсан цаг саяхан мэт санагдана. 1977 онд ХЗЭ-ийн үүрийн даргаар манай ангийн охин Г.Дашжаргал сонгогдон ажиллаж байх хугацаандаа тэр үеийн ЗХУ-ын “Орлёнок” зусланд сургалт семинарт оролцон зуслангийн мөнгө, хүрэл медальтай ирсэн нь бидний бас нэгэн бахархал юм. Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, багшийн алдар, багшийн гавьяат медальт Б.Солонго багш минь биднийг багшийн, эхийн, эгчийн хайраар хайрлаж, зөвхөн сургуулийн программт хичээлийг бус, амьдралын хичээлийг давхар зааж, сургаж байсныг бид мартахын аргагүй билээ” гэв. Эдний анги 37 охин, есхөн хөвгүүнтэй. Дал, наяад оны үед Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид эрэгтэй сурагчид цөөхөн байж. Учир нь тухайн үед хөвгүүд дунд ангиа дүүргээд ТМС-д орж, суралцдаг байсантай холбоотой аж. Нийгэмд ид бүтээн байгуулалтын ажил өрнөж, залуучууд сургуулиа дүүргээд шууд л мэргэжлийн ажилчид болох хүсэлтэй байсан нь үүнээс харагдана. Тэр үеийн хүүхэд, залуус хийж бүтээхийн ямар их хүсэлтэй байсныг хуучны зарим нэг монгол киноноос бид үздэг. Дал, наяад оны ийм л бүтээлч ах, эгч нарын хүчээр өдгөө Улаанбаатар хотын бүтээн байгуулалт илүү цэцэглэн хөгжих сууриа олсон болов уу.

ТООНДОО ТОЛГОЙ ЦОХИСОН 10Г-ИЙН ЕСӨН ӨРЛӨГ

Эдний ангиас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, хөдөлмөрийн хүндэт медалиар найм, алтан гадас одонгоор долоон нөхөд нь энгэрээ цоолуулж, төр, түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлсэн байна. Мөн Б.Солонго багшийн ангийнхан өдгөө төрийн болон, хувийн хэвшлийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэнэ. Мөн сурлагадаа онц, сайн хүүхдүүд байж. Ангийн хөвгүүд нь тооны хичээлдээ сургуульдаа толгой цохидог онц сурлагатнууд. Чингисийн есөн өрлөг шиг ангийн есөн хөвгүүний нэг С.Батсүрэн нь сурагч насандаа дүрсгүй ч сурлага, спортдоо тэргүүний сурагч байж. Багын л нисгэгч болох хүсэлтэй тэрээр сургуулиа төгсөөд хуучнаар ЗХУ-ын Украины Кировоград хотын Иргэний нисэхийн дээд сургуулийг төгсчээ. Улмаар Монголын Иргэний агаарын тээвэрт орж АН-24, ТУ-154, Бойнг-727 онгоцны хянагч нисгэгчээр ажилласан байна. Тэрбээр 1988 онд Улаанбаатараас Орос руу нислэг хийн явжээ. Ингээд Москва хотноо газардах үед түүний жолоодож явсан ТУ-154 онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч, аюултай нөхцөл байдал үүссэн байна. Энэ үед тэрбээр айж, сандралгүй нисгэгчийнхээ үүргийг нэр төртэй биелүүлж, олон арван хүний амийг эрсдүүлэлгүй хөлгөө амжилттай газардуулсан байна. Энэхүү гавьяаг төр засаг өндрөөр үнэлж салбарын тэргүүн, алтан гадас одонгоор шагнасан түүхтэй ажээ. 10г-ийн есөн өрлөгийн нэг М.Жаргалсайхан сурагч ахуй насандаа томоотой, даруухан хүүхэд байж. Хойно сургуульд явж, амжилттай төгсөж ирээд Багануурын нийтийн аж ахуйн үйлчилгээний газар ажиллаж байсан гэнэ. Мөн есөн өрлөгийн нэг Ц.Тогтохбаатар нь сурлага сайтай, томоотой хүү байж. Арваа онц төгссөн 13 хүүхдийн нэг тэрбээр ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгсчээ. Өдгөө эрчим хүчний засвар, угсралт тохируулгын чиглэлээр компани байгуулж, улс, нийгэмдээ нэртэй компанийн захирал болсон байна. Есөн өрлөгийн нэг Д.Цогбадрах нь шударга зантай, гүндүүгүй хөвгүүн байж. Сурлагадаа сайн, мөн тоондоо толгой цохидог хүү байсан байна. Улмаар НАХЯ-ны Хуулийн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Насаараа хууль, цагдаагийн байгууллагад ажилласан, төрийн хар хүн гэнэ. Тэрээр ангийнхаа ганц яруу найрагч нь ажээ. Олон охинд дөрвөн мөрт хайрын шүлэг сийрүүлж байсан нь тодорхой биз. Есөн өрлөгийн нэг А.Батаа нь даруухан ааштай, сурлага сайтай хүүхэд байж. Арван жилээ дүүргээд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Өдгөө алс холын Америк улсад ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Мөн есөн өрлөгийн нэг Г.Энхтайван нь насаараа тээврийн салбарт ажилласан хүн байдаг байна. Мөн алс холын Австрали улсад ажиллаж, амьдарч байгаа ажээ.

1978 оны гуравдугаар сарын 31. 10г анги

10Г-ИЙН ОХИД ХӨӨРХӨН, ДУУЛАХ ДУРТАЙ…

Б.Солонго багш залуудаа ёстой л намрын согоо шиг сайхан хүүхэн байж. Одоо ч дал гарсан гэж хэлэхээргүй ануухнаараа ажээ. Тухайн үед шавь нар нь багшийнхаа биеэ авч яваа байдал, ааш зан, бүсгүй хүнд байх бүхий л эрхэм чанаруудыг нь үлгэрлэн дуурайж байсан нь 10г-ийн охид сургуульдаа хамгийн хөөрхөн гэдэг тодотголыг зүүх шалтгаан болсон байна. Хөөрхөн охидын цуваа том алаг нүдтэй, хичээнгүй охин Д.Туяагаар эхэлнэ. Тэрээр сургуулиа төгсөөд химич мэргэжилтэй болсон байна. Улмаар хивсний үйлдвэрт олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарчээ. 10г-ийн хөөрхөн охидын нэг Г.Лхагвадулам нь сурлагадаа сайн, хичээнгүй охин байж. Наймдугаар ангидаа сэмхэн үерхэж байсан хөвгүүнтэйгээ хожим амьдралаа холбож, гэр бүл болсон хэмээн ангийн нөхөд нь дурслаа. Тэрбээр Хуулийн сургууль төгсөөд Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн үйлдвэрээс ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн байна. Хөөрхнүүдийн цувааг залгаад цэвэрхэн охин О.Отгонбаяр бичигдэнэ. Тэрээр сурлага сайтай, цэвэрхэн охин байж. Сургуулиа төгсөөд Санхүүгийн техникумыг төгсөөд хувийн хэвшилд насаараа ажилласан байна. Ангийн охид бүгд л эвлэгхэн хоолойтой, дуулах дуртай байж. Сургуульдаа ч тэр, гэртээ ч тэр хаа сайгүй л дуулж явдаг охид байжээ. Тиймээс сургуулийн урлагийн үзлэг болоход ямар ч асуудалгүй ангийнхаа нэрийг гаргадаг байсан гэв. Дуулах дуртай охидын нэг Б.Игиймаа нь агрономич мэргэжилтэй болж Дархан-Уул аймагт мэргэжлээрээ олон жил ажилласан гэнэ. Багшийнхаа мэргэжлийг өвлөн авсан С.Эрдэнэчимэг нь даруухан, томоотой охин байж. Өдгөө багш шигээ ардын хүүхдүүдэд эрдэм ном сурган, хүмүүжүүлж яваа ачтан ажээ. Сурагч байхдаа их чанга, чанга инээдэг охин байсныг ангийн андууд нь дурсан ярьж байв. Одоо ч тэр хэвээрээ гэнэ. Багын л шударга, сурлагатай охин П.Энхтуяа нь насаараа татварын газар ажилласан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэрбээр арван жилдээ дуугүй хэр нь духаараа хардаг охин байсан хэмээн үеийн нөхөд нь дурслаа. Эдний ангид Эрдэнэчимэг нэртэй гурван охин бий. Тэдний нэг Т.Эрдэнэчимэг Эрхүү хотын их сургуулийн түүхийн ангийг төгсчээ. Түүнд ангийнх нь Тогтохбаатар сайн байсан гэнэ. Тогтохоо тоонд сайн учир Чимэгээ түүнээс хуулдаг байсан гэнэ. Сурагч насны ийм л гэгээн цагаахан сэтгэлээр биесээ шохоорхож явсан учраас хожим бодоход дурсамжтай байдаг ажээ. Есдүгээр ангидаа Говь-Алтайгаас хөдөөний нэгэн охин хотод шилжиж ирсэн нь Д.Нарантуяа. Тэрбээр IV цахилгаан станцад насаараа инженер, эдийн засагч хийсэн байна. Сурагч байхдаа ангийнхаа хамгийн ухаалаг, намбалаг охин байсан тухай охид нь дурслаа. Сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга П.Саранчимэг өдгөө Удирдлагын академид профессорын багийн зохион байгуулагчаар ажилладаг байна. Ангийн ганц тагнуулч, нууц ажилтан А.Чанцал. Ангийн нөхдүүд нь түүнийг нууцлав. Сурагч байхдаа эршүүд охин байсан талаар нь дурслаа. Мөн адил сурлага, спортдоо сайн сурагч байж. Зочид буудлын зохион байгуулагч, менежер мэргэжилтэй Н.Батсайхан нь ангидаа их дуугүй охин байжээ. Түүнийг ангийнхан нь их найдвартай хэмээн тодотгосон юм. Дөчин жилийнхээ ойг угтсан нэгэн жарны андууд сургуулийнхаа тэгш ойн хүрээнд олон ажил, арга хэмжээ зохион байгуулж, хөрөнгө мөнгө, эд материалын том дэмжлэг үзүүлж байгаа аж. Мөн эдний төгсөлт сургуулийнхаа жаран жилийн ойд зориулж “Дурсамжаар хөглөгдсөн нэгэн жаран” хэмээх ном гаргасан байна. Нэгэн жарныг туулж яваа арван жилийн ангийн андууд гэдэг юутай сайхан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *