Хүмүүн заяанд анги хамт олон хэдэнтээ тохиож болох авч алсрах тусмаа ээнэгшин санагалзах балчир насны он жилүүд найман жилийн нэгэн ангийнхны сэтгэлд л мөнхөд хоногшин үлдэх бөлгөө. Ээжийнхээ мөөмнөөс гараагүй балчирхан наснаасаа авахуулаад өөрсдийгөө эрийн цээ, бүсгүйн зиндаанд хүрлээ гэж гэнэхэн сэтгэлдээ омогших хүртлээ бүтэн найман жилийг нэг танхимд үймүүлж бужигнаж, үсэрч наадаж өнгөрөөсөн болохоор арга ч үгүй биз ээ. Ийм нэгэн ангийнхан болох Ховд аймгийн Чандмань сумын найман жилийн сургуулийг 1969-1977 онд суралцан төгссөн хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд наймдугаар ангийн хоёр бүлэгт тавин тавуулаа төгсчээ. Үүнээс арваннэг нь аймгийнхаа ерөнхий боловролын сургуульд үргэлжлүүлэн суралцаж, тав нь техникумд, арав нь Техник мэргэжлийн сургуульд хуваарилагдаж, 19 сурагч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан байна. Энэ онд төгсөлтийнхөө 40 жилийн ойг ёслон тэмдэглэж, уулзалт зохион байгуулах тухай ангийн дарга Б.Сэмүүхэн хэлж байв. Ойн арга хэмжээнийхээ хүрээнд төрөлх сургуульдаа төгсөгчдийн нэрэмжит ногоон төгөл байгуулах, спорт урлагийн өдөрлөг зохиох зэрэг олон төрлийн ажлыг төлөвлөжээ. Тус төгсөлтийн хоёр анги сургуульдаа анх удаа төгсөгчдийн бүтээлч ажлыг санаачлан Л.Бэгз багштай наймын “А” ангийнхан сургуулийн цаг уурын ажиглалтын талбай, Р.Батдэлгэр багштай наймын “А” ангийнхан сургуульдаа ногооны зоорь хийж байгуулан хүлээлгэн өгч байжээ. Тэр үеийн хөдөөгийн сургуулийн ахлах ангийн сурагчид ямаа самнах, малын хашаа хороо засах, хадлан бордоо гээд нийтийг хамарсан ажилд нэг биш удаа оролцож явахдаа хөглөж, хөгжилдөж явснаа дурсацгаана. Эдний ангийн Б.Мөнхсайхан гэдэг нөхөр тухайн үед хүмүүсийн ам дамжин ярьдаг байсан “Хар гар” хэмээгдэх аймшгийн яриаг давс хачир нэмэрлэн ярьж охидыг нойргүй хонуулсан хийгээд, нутгийнхаа Цагаан голын хадлан дээр Б.Мэндбаяр “Цагаан тэмээ” гэж нэрлэдэг олиггүй муухай аалзыг оосорлож гэрийн баганаас уяж орхисноос болж, гал тогооны охид боорцгоо түлж сүйд болох шахсан хөгжилтэй дурсамж дэлгэв. Залуу байхдаа бие биетэйгээ уулзахдаа гэр бүлтэй болсон үгүйг нь, идэрхэн үедээ хэдэн хүүхэдтэй болсныг асуудаг байсан бол өдгөө ач, зээ нарынхаа тоог асууж, амар мэндээ эрэх болсон гэнэ. Багш, эмч, инженер, санхүүч, жолооч, холбоочин, мужаан, малчин гээд төрөл бүрийн ажил мэргэжилтэй энэ анги хамт олны дундаас од болж онцгойрсон нь үгүй ч салбар салбартаа нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн үр хүүхэд, ач зээ нараа тойруулан бусдын адил амьдарч яваа улсууд байдаг аж.
Нэг мянга есөн зуун далан долоон оны төгсөлтөөс өдгөө Д.Саруул, Ё.Наранцэцэг нар нь Дархан-Уул аймагт эмч, Ц.Батсуурь нь Эрдэнэт хотын дунд сургуулийн багш, Д.Цэрэн нь Зүүн-Хараад, Д.Бямбахамба, Б.Баасанхүү нар нь Батсүмбэрт таван хошуу малаа өсгөн аж төрөн амьдарч яваа юм байна. Бусад нөхөд нь Монгол орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч, хэд хэдэн нөхдүүд нь гадаадад амьдардаг ч үргэлж холбоотой байдаг гэнэ. Эднийг холбож байдаг чухал үүрэгтэй ангийн анд нь Дэмбэрэлийн Хүрэлцоож ажээ. Тэрбээр Улаанбаатар Төмөр замд вагоны машинистын ажилтай юм байна. Түүний санаачилгаар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн бэсрэг уулзалтыг зохион байгуулжээ. Анх нэгдүгээр ангид нь тосон авч мэлмийг нь нээсэн ачит багш Д.Нямжав, наймдугаар анги төгсгөсөн Р.Батдэлгэр багш нар нь гэр бүлийн хүмүүс аж. Өдгөө шавь нартайгаа үе тэнгийн юм шиг ануухан буурлууд байдаг гэнэ. Мөн ангийнхнаас нь Сэрж Цэвэлмаатай, Бямбахамба Баасанхүүтэй учир заяагаа холбосон өрх айл болжээ. Нэг ангиас төрсөн эдгээр гэр бүлд найз нөхөд нь хамгийн их очих дуртай гэнэ. Хүлээн авч байгаа ангийн хосууд нь ч хөөр баяр болж, хүүхэд ахуй насныхаа дурсамжуудыг ам булаалдан ярьж баясдаг бололтой. Харамсалтай нь ирж буцдаг хорвоогийн үйлээр Сэрж анд нь бурхны оронд залраад удаагүй байгаа юм байна. Сумынхаа баяр наадамд бүтэн долоон жил босоо байсан аймгийн начин цолтой сайн анд нөхрөө ангийнхан нь халаглан дурсацгааж байлаа. Эдний ангиас Б.Мэндбаяр, Ж.Энхтөр нар нь сурлагаараа сайн хүүхдүүд байсан тухай ангийн дарга Б.Сэмүүхэн дурсаж байв. Энэ үеэр ангийн анд Ж.Энхтөр “Гэхдээ сахилгын асуудал ярихад хоёулаа толгой дээгүүрээ сум тавиулсан тарвага шиг нугдайн, урд суудаг хүүхдийнхээ ардуур тонгойдогсон” хэмээв. Тэр айхтар сахилгын доголдол гэдэг нь хичээл дээр ярих, хааяа охидоо шоглох төдийхөн ажээ. Ж.Энхтөр нь төгсөлтийнхөө уулзалтад зориулж
Алдаа оноо хоёр минь
Аяны замын нугачаанд бий
Амьдрал дүүрэн нас минь
Алсаас ирсэн ухаарал байна
Ангийн минь мөнгөн цонхоор
Алтан наран мандана даа
Анд нөхөд минь бүгдээрээ
Ахин уулзаж жаргая даа гэсэн үгтэй дуу хийж байгаа гэсэн шүү.
Нэгэн анги хамт олон гэгдэж сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суусан цагаасаа тооцвол бараг хагас зууны туршид үерхэн нөхөрлөж алс буйдхан нэгнээ сураг тавин анирдах энэ эрхмүүдийн уулзаад ярилцдаг гол сэдэв нь эрдэм номын их өргөө төрөлх сургууль, үе үеийн багш нар, сурагч хонгор насны гэгээн дурсамжууд ажээ. Аль хэзээний өвөө эмээ болж, нас намба нь тогтсон нэгэн ангийнхан маань уулзахаараа яг хүүхэд насандаа очдог гэнэ ээ. Та бүхний төгсөлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэж хүүхэд насандаа эргэж очих тэр баярт учралыг эргэн сурвалжлахаа амлаж энэхүү тэмдэглэлээ түр завсарлая.
Э.МӨНХТҮВШИН