Эрчим хүчний сайд Д,Зоригт Европын холбооны сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Эрчим хүч, уул уурхай хариуцсан захирал Риккардо Пулити, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Мэтью Ле Блан нарыг хүлээн авч уулзаж, “Дулааны цахилгаан станц-V” төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, санал бодлоо солилцлоо.
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий “Дулааны Y цахилгаан станц”-ын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр зарласан. Уг шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлснээс урьдчилсан шалгаруулалтад 4 консорциум тэнцжээ. Тэднээс “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК концесс хэрэгжүүлэгчээр шалгарч, Засгийн газар гэрээ байгуулсан юм.
Одоо Засгийн газрын ажлын хэсэг концесс эзэмшигчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”- ний хэлэлцээрийг хийж байна. Мөн нүүрс нийлэх, ус хангамжийн гэрээ зэрэг дагалдах гэрээний хэлэлцээрүүд үргэлжлэн хийгдэж байна.