Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, өрсөлдөөн бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахаар тусгажээ. Мөн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Зарим аймгийн нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ” хэмээн заасан байна.
Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Ховд аймаг дахь “Ховд”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн 4С ангиллын болгох төслийг концессын Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр тогтсон юм.
Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран өнөөдөр/2023.10.13/ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд Концессын сонгон шалгаруулалт зарлаж, нисэх буудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийлээ.
Тус Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхол бүхий хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ,
“Зам, тээврийн салбарын ажлууд нь хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг.Тиймээс төрд дарамт багатай, хувийн хэвшлээ дэмжин оролцуулах бодлого барьж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх дөрвөн байршил бүхий нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлыг олон жилийн дараа амжилттай эхлүүлж байна” хэмээн онцоллоо. ИНЕГ-аас танилцуулснаар эхний ээлжинд Концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудал нь худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутгийн олон улсын зангилаа нисэх буудлууд болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Тухайлбал,
- Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг өргөжүүлснээр төв болон дундад ази руу баруун бүсийн мах экспортлох,
- Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг дэлхийн хамгийн цэнгэг хоёр нуур болох Хөвсгөл, Байгаль нуурыг холбон аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх,
- Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг зүүн өмнөд азийн ачаа тээврийн зангилаа бүс болгон хөгжүүлэх боломж бүрэн дүүрэн байгааг ИНЕГ-аас хийсэн судалгаа харуулж байгаа юм.
Цаашид агаарын тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч, нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд хүчин чармайлт гаргаж, бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа илэрхийллээ.