Засгийн газрын хуралдаанаас Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх, судалж шийдвэрлэх, олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судалж танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан байдаг.
Энэ талаар АТҮТ-ээс тодрууллаа.
Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Олон улсын худалдаа логистикийн төв, шинэ авто вокзалын шавыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолборт” тавилаа. Энэхүү төв нь олон улсын транзит тээвэрт чухал үүрэг гүйцэтгэхээс гадна олон улсын зорчигч тээврийн төвүүдийг төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Авто худалдааны төв дэх шинэ вокзал ашиглалтад орчихвол Драгоны авто вокзалыг шилжүүлж таарна. Гэхдээ шилжүүлэх, шилжүүлэхгүйг шийдээгүй байна. Хэрэв шилжүүлвэл орон нутгаас ирж байгаа иргэд Авто худалдааны төвөөс хот руу орж ирэх асуудал үүснэ. Тиймээс хамгийн гол нь Авто худалдааны төвөөс хотын төв рүү орох шуурхай тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Логистикийн төвийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих болохоор хот, яам хоёр ярилцаж байгаа. Эцсийн шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргана.
Засгийн газрын хуралдаанаар Драгон төвийг шилжүүлж болох эсэх асуудлыг судалж, танилцуулахыг ЗТХ-ийн сайдад үүрэг болгосон” гэлээ.