Академич Д.Цэвээндоржоор удирдуулсан судалгааны багийнхан 2017 онд хийсэн ажлынхаа тайланг гаргажээ.
“Монголын эртний түүхийг хүн, малын ясны судалгаагаар тодруулах нь” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 16 сумдын 10 гаруй багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийснээс гадна Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Майхан уулын шинэ чулуун зэвсгийн дурсгалт газарт бэсрэг хэмжээний малтлага явуулж, түүвэр олдвор цуглуулжээ.
Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул судалгааны үр дүнд өмнө тэмдэглэгдээгүй 6 дөрвөлжин булш, 1 чулуун байгууламж илрүүлэн олж баримтжуулсан байна.
Дээрх сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн хайгуул судалгаа нь цаашид Монголын зүүн бүс нутагт явагдах шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны ажлын үндсэн эх хэрэглэгдэхүүн болж байгаагаараа чухал ач холбогдолтой аж.