Categories
мэдээ нийгэм

Долоон иргэний амийг аварсан албан хаагчдад талархал илэрхийлэв

 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “Range Rover” маркийн автомашинтай залуус гарамгүй газраар Туул гол гаталж байгаад голын усны хайрганд идэгдсэн гүн рүү орон улмаар живэх шахсан талаарх мэдээлэл гарсан. Тухайн үед голын ус тэдний сууж явсан автомашины оройг давж, дотор нь сууж явсан зургаан том хүн, хоёр сартай бяцхан хүүхэд амиа алдах аюулд орсон байна. Энэ үед жолоо барьж явсан М.Золбоо бусдыгаа цаг  алдалгүй машиныхаа дээр гаргаж чадсан ч өөрөө гар алдан голын хүчтэй урсгалд урссан гэнэ. Голын эрэг дагуу амарч байсан амрагчид тэднийг харсан даруйдаа Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэсийн харьяа Гачуурт тосгонд ажиллаж байсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр, ахлах ахлагч Л.Мөнхбат нар ослын газарт очсон байна. Тэднийг ирэхэд голын эрэг орчмоор 20 гаруй хүн байсан хэдий ч яахаа мэдэхгүй, сандралдан ийш тийш гүйж байсан аж. Энэ үед нэгэн залуу амь тэмцэн голын дундах жижиг мөчирнөөс зүүгдсэн байхыг харсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр сэлж очин түүний амийг аварчээ. Үүний дараагаар гол дунд “Range Rover” маркийн автомашин дээр усны мандалтай зэрэгцэн цухуйж байсан таван том хүн нэг нярай хүүхдийг эсэн мэнд аварч, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр, Л.Мөнхбат нар долоон иргэний амь насыг усанд живэхээс аварсан учир үүргээ амжилттай биелүүлсэн алба хаагч нарт иргэдийн гэр бүлийн зүгээс талархал илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *