Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ЯРИЛЦЛАГА: Залуучуудын дунд цусны даралт ихэсдэг, даралттай гэдгээ мэддэггүй тохиолдол их байна

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Харвалтын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Хором бүрийг аврахыг хичээцгээе” уриан дор Тархины харвалттай тэмцэх өдөрлөгийг зохион байгууллаа.

Тархины харвалт юунаас болж бий болдог түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын төв хоёрдугаар эмнэлгийн мэдрэлийн эмч О.Одгэрэлтэй ярилцлаа


Тархины харвалттай тэмцэх өдөрлөг болсон. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулав?

Дэлхий даяар аравдугаар сарын 29-ний өдрийг “Харвалтын эсрэг өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа, үнэгүй оношилгоо үзлэгийг хийх боломж бүрддэг. Зүрх судас, мэдрэл, дотоод шүүрэл, ясны сийрэгжилт зэрэг гол тархины харвалтын шалтгаан болж байдаг өвчлөлүүдийг оношиллоо. Хэдий нэг өдөр болдог ч гэсэн харвалт гэдэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэхэд дуу хоолойгоо хүргэх нь гол зорилго юм.

-Харвалт гэдэг өвчний талаар яривал…?

-Харвалт гэдэг бол судасны шалтгаантай өвчин юм. Хүний тархины бүх үйл ажиллагаа судасны зохицуулалтаар явагддаг. Хэрвээ тархи судасны аль нэг тал нь бөглөрөх эсвэл судас хагарахаас болж хүний танин мэдэхүй, хөдөлгөөн, тэнцвэрийн үйл ажиллагаа алдагддаг. Үүнийг харвалт гэж нэрлээд байгаа юм.

-Тархины цус харвалт нь хичнээн төрөлтэй вэ?

“Цус хомсрох харвалт”, “Тархины идээт харвалт” гэж хоёр ангилдаг. “Цус хомсрох харвалт” нь тархинд хүчилтөрөгчийн хангамж дутагдаж судасны цус бөглөрч буйг хэлнэ. Харин “Тархины идээт харвалт” нь судасны хана гэмтэж хагарахыг хэлдэг. Судас хагарснаар тархины идээт голомтод өөрчлөлт үүсгэдэг гэсэн үг юм.

-Хүний биед ямар шалтгаанаас болж харвалт өгдөг вэ?

-Нэн түрүүнд цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнүүд харвалтын шалтгаан болдог. Хоёрдугаарт нь илүүдэл жинтэй буюу хэт таргалалттай байх. Өөх, тосны хэрэглээ өндөр, хөдөлгөөний дутагдалтай, чихрийн шижинтэй зэрэг нь харвалтын мөн шалтгаан болдог. Эдгээр нь судасны цусан хангамжид өөрчлөлт оруулж байдаг хүчин зүйлүүд юм.

-Ихэвчлэн хэдэн насныхан энэ өвчинд өртөж байна?

-Насны ангиллаар авч үзвэл 55-аас дээш, 65-аас дээш, дундаж насныхан гэж ангилдаг. Харин одоо залуучуудын дунд цусны даралт ихэсдэг, даралттай гэдгээ мэддэггүй тохиолдол их байна. Энэ нь олон шалтгаантай.

Тухайлбал, дээр дурдсанчлан чихрийн шижин сахарын өвчтэй түүндээ хяналт тавьдаггүй, хөдөлгөөний дутагдалтай, таргалалттай зэрэг маш олон шалтгаан байна. Үүнээс гадна нийгмийн харилцаанаас авах айдас, стресс, бухимдал нөлөөлдөг.

-Бага насны хүүхэд харвалт өгөх тохиолдол хэр их гардаг вэ. Гол хүчин зүйлийг юу гэж харж байна вэ?

-Үүнд нас, хүйс хамаарахгүй. Хэн ч харвалт өгөх эрсдэлтэй. Бага насны хүүхдийн хувьд насанд хүрсэн хүмүүст тохиолддог судасны хатуурал, даралт ихсэх гэсэн өвчлөл байдаггүй. Харин зүрхний гажиг, зүрхний хэм алдагдах, хавхлагын өөрчлөлт, удамшлын өвчин зэргээс хамаарч тархины судсанд бөглөрөл үүсгэх гэх мэт шалтгаанаас үүдэн харвалт өгөх тохиолдол гардаг.

-Ер нь хүний биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Урьдчилан сэргийлэх арга замын талаар ярихгүй юу?

-Харвалтыг урьдчилж мэдэх, эрт илрүүлэх, сэргийлэх гэдэг нь хамгийн чухал. Тиймээс жил бүр тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тал дээр өдөрлөг зохион байгуулж иргэдэд мэдлэг, мэдээлэл өгсөөр байна.

Харвалтыг эрт үед нь илрүүлэх нь хөдөлмөрийн чадамж алдах, нас баралтаас бүрэн сэргийлдэг.

Харвалтын шинж тэмдэг нь нүүрний нэг тал мурийх, нэг талын гар сулрах, юм барьж чадахгүй болох, хэл ээдрэх, хэл далдирах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд шууд л 103 руу залгах хэрэгтэй. Хэдий чинээ хурдан түргэн тусламж авч чадна дараа дараагийн гарч болох эрсдэлээс амь насыг нь аварч байна гэсэн үг. Мөн цусны даралт ихсэх өвчний үед хүзүү хөших, толгой өвдөх, толгой дүүрэх, нүд бүрэлзэх, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим хүнд артерийн даралт огцом өсөх тохиолдол бий. Эдгээр тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Эмчид хандсанаар харвалт өгч болох, өгч буй гол шалтгааныг оношилж мэднэ. Үүний дараа тухайн хүнд тохирсон эмчилгээг хийдэг.

-Ямар анхны тусламж үзүүлбэл зохих вэ?

Нэгэнт харвалт өгсөн хүнд нэн түрүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Хамгийн ойр байрлах эмнэлгийг бараадах нь хамгийн зөв алхам болно. Тархины цус харвалтыг хөдөлмөрийн чадамжаар нь хөнгөн, дунд, хүнд гэдгийг нь тогтоох үнэлгээ хийдэг. Дараагаар нь харвалт өгсөн шалтгааныг олж тогтооно. Гол шалтгааныг нь олсноор хоёрдогч эрсдэл буюу давтан харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Мөн тухайн өвчтөнд тохирсон эмчилгээг хийж дараа дараагийн арга хэмжээг авч эхэлнэ. Хөдөлгөөн засал, хэл засал гэсэн эмчилгээг байнгын хийх шаардлагатай.

-Харвалтын дараахь нөхөн сэргээх эмчилгээнээс хүн хөдөлмөрийн чадамжаа бүрэн олж авах боломжтой юу?

-Тухайн хүний харвалтын хэлбэр, нас, дагалдах хууч өвчин, эмгэгээс хамаарч тодорхойлдог учраас шууд хэлэх боломжгүй.

Таныг мэдрэлийн эмчээр ажиллах сүүлийн гурван жилийн хугацаанд харвалтын тохиолдол нэмэгдсэн үү. Аль эсвэл буурсан уу?

-Ерөнхий үзүүлэлтүүдээс харахад дэлхий даяар 100 мянган хүн амд 300 шинэ тохиолдол гардаг бол Монголд 100 мянган хүн амд 290 тохиолдол гардаг гэж үздэг.  Харвалт, зүрх судасны өвчин нас баралтаар тэргүүлж байна. Тэгэхээр манай улсын хувьд тохиолдлын тоо хамгийн их буюу хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд ордог. Жил ирэх тусам ихсэх магадлалтай байна.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгөөч?

-Хэрвээ даралттай бол эмээ тогтмол ууж, зүрхний хэм алдагдалтай бол эмчийн хяналтад байх шаардлагатай. Амьдралын зөв хэмнэлээ анхаарч илүүдэл жингээ хасах, өөх тосны хэрэглээгээ багасгах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хорт зуршлаас татгалзах зэргийг анхаарах хэрэгтэй.


ТАРХИНЫ ХАРВАЛТ ӨВЧНИЙ СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙН (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020он)

-Тархины харвалт өвчин нь манай улсад болон дэлхийн орнуудад өвчлөлийн байдлаар, мөн нас баралтаар эхний 3 байранд явж байна.

Үүнээс болж жил бүр 14 сая хүн харвалтанд өртөж, 5.5 сая хүн нас барж байна. Манай улсын хувьд нийт өвчлөлийн 12 хувийг зүрх болон тархины судасны өвчин эзэлж, 2011-2021 оны 10 жилийн судалгаагаар 100 мянган хүн амд 6.6 буюу 2011 оноос 1 пунктээр өссөн байна.

Нас баралтаар харвалт болон зүрх судасны өвчний улмаас нас баралт тэргүүлж байна. 2020 оны байдлаар нийт нас баралтын 34.2 хувийг зүрх ба тархины судасны өвчлөл, үүнээс 24.5 хувийг тархины харвалт эзэлж байна. Тархины цус харвалтын үүсэх үндсэн суурь өвчний нэг болох цусны даралт ихдэлт 2011 оноос 1.6 дахин нэмэгдсэн байна. Тархины судасны өвчлөл 2011 оноос 0.8 хувиар нэмэгдсэн байна.Тархины харвалт, зүрхний судасны үхлээрнас баралтын дунд эрэгтэйчүүдийн тоо илүү давамгай байна. 2020 онд тархи болон зүрх судасны өвчнөөр нас барсан хүмүүсийн 95.2 хувь нь 40 өөс дээш насны хүмүүс байгаагаас эрэгтэйчүүдийн 43 хувь нь, эмэгтэйчүүдийн 18 хувь нь ид хөдөлмөрийн насандаа нас барсан байна.


Н.ЦОГЗОЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *