Монгол Улсад хөл хорио тогтоогоод нэлээд хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цагийн хуваарь оруулаад байгаа юм.
Тэгвэл Засгийн газар, УОК, НОК-оос гаргасан шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар иргэдээс тодрууллаа.
Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Дүүрнээ:
-Манайх хатуу хөл хорио тогтоохоос өмнө хөдөөнөөс өвлийн идэшээ авсан ч олуулаа болохоор амархан дуусчихсан. Эгч маань ажилтай болохоор би хүүхдээ, дүү нартайгаа хамт хараад гэртээ байдаг. Тэгээд эгчийн цалин буухаар нэг килограмм хонины мах авна. Мөн тахианы мах ахиухан аваад л өдрийн хоолоо хийж байна даа. Мах үнэтэй болохоор тахианы махаа голлоод авчихдаг. Манайх ч яахав ингээд болоод байна. Харин дэлгүүрт өртэй хүмүүст үнэндээ л хэцүү тусаж байгаа байх. Цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл иргэдийн амьдрал тартагтаа тулахад бэлэн шүү дээ. Тэтгэврийн хэдэн төгрөгөө буухаар муу хөгшчүүл нь махаа аваад өөрсдөө ч идэлгүй үр хүүхдүүддээ л өгөх гэж яардаг хүмүүс их бий.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Мягмарнаран:
-Ер нь хөл хорио сунгаснаас хойш амьдрал жаахан хүндхэн болсон. Ганц ажил хийдэг охины минь компани цалингаа тавьж чадалгүй цомхотголд ороод ажилгүй байгаа. Сургуулийн насны 5 хүүхэдтэй болохоор өдөрт хоёроос гурван удаа хоол хийж, хүүхдүүдийнхээ хичээл номонд анхаарна. Манай хадам аавынх хөдөө нутгийнх. Өвөл хөл хорио сулавтар байхад явж өвлийн идшээ авчирсан, одоохондоо арай л дуусчихаагүй байгаа.
Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Цэлха:
-Гудамжинд архи уугаад явж буй хүмүүст арга хэмжээ авмаар юм. Мөн ард түмнээ өвдүүлж үхүүлж байж хэдэн бизнесмэнүүдийг дэмжих хатуу бодлого гаргаад байх шиг. Өдөрт ард иргэд нь цар тахлаар 300-400-гаараа өвдөөд хүнд, хүндэвтэр болон маш хүнд хүний тоо өсөөд байхад яагаад тараах бодлого бариад байна. Уг нь өрх бүрт нэг саяыг өгөөд хэд хоног ганц ч хөдөлгөөнгүй нам хорьсон бол яг болох байлаа. Энэ хугацаандаа ёстой нэг ч хүн үлдээлгүй шинжилгээ аваад сэжигтэй хүмүүсийг түүж аваад тусгаарласан бол болох байв. Хорио тогтоох нь зөв боловч орлогогүй хүмүүс л хэцүү байна даа. Өдрийн орлогоо яая гэж буй олон хүн бий. Манайх ажил тасалдчихгүй бол нөхөр бид 2 ажиллаад л хоногийн хоолтойгоо сууна. Хэрэв энэ эрчээрээ явбал иргэдэд маш их хүндээр тусна.
Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн П.Оюунгэрэл:
-Шулуухан хэлэхэд дорой буурай амьдралтай иргэд төрд ямар ч хамаагүй. Хоногийн хоолоо олох гэж хэрэндээ л зүтгэх юм. Төр нь харж үзэж байгаа зүйл огт алга. Энэ хөл хорионы үеэр өнөөх л хэдэн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, дэлгүүр хошоодын цагийн хуваарийг ойртуулж байна. Хөл хорио тогтоогоогүй ч тогтоосон гэж ойлгож болно. Манай гэрийн хувьд манай нөхөр, том хүү маань ажилтай. Би бага насны хүүхдээ хараад гэртээ өнждөг. Хүнсний хувьд дэлгүүрээс бага багаар махаа авчихдаг. Одоо нөөцийн мах худалдаж байгаа учир нөөцийн мах авна. Ер нь жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Бид түүгээр л амьдралаа залгуулдаг шдээ. Амьдралаа байгаагаар нь ярихаар биднийг тэтгэмж нэхлээ гэнэ. Ярихгүй бол бид чинь хэцүүдэх нь.
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Ганболд:
-Дэлхийн улс гүрнүүд аль хэдийн энгийн амьдралдаа ороод жигдэрээд удаж байна.
Монгол тэгтэл гацаанаасаа гардаггүй. Хорино хаана бооно гээд яриад сууж байхдаа ичих хэрэгтэй.
Бүтэн жил хориод юу ч өөрчлөгдсөнгүй. Иргэдийн амьдрал туйлдаж гүйцлээ. Үүнийгээ дээдэс нь мэдэхгүй байна. Доодсын амьдрал дээдэс ч хамаагүй мэт л үзэх юм. Ядаж л захын айлуудаараа орж үзэх хэрэгтэй. Тэнд жинхэнэ болит төрх харагдана. Иргэдийн амьдралын бодит төрхийг харуулсан зураг, мэдээ, сурвалжлага харж байхад л сэтгэл сонин болох юм.