Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнг 2022 оны тавдугаар сарын 31-нд дэлхий даяар танилцуулсан. Манай улс энэхүү судалгаанд 8 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2006 оноос эхлэн нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.
Судалгаанаас харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 оноо авсан бол, олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 оноо авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ.
Д.Оюунбадам ( Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежир): Иргэдийн оролцооны төсвийн төсөлд нь санал авах аппликэйшн бий болгоод иргэддээ мэдээлэл өгөх ёстой. Ийм юмыг улсын төсөвт санал болгоод, ийм боломжуудыг бий болгосон шүү гэх мэтээр иргэддээ мэдээлэл өгөх хэрэгтэй.Эхэлж боломжоо бий болгоод дараа нь мэдээллээ өгч байж иргэдийн оролцуулах ажлыг төр засгийн зүгээс хийх хэрэгтэй байна.Мөн Монгол Улсын хувьд өөр нэг анхаарах асуудал нь төсвийн мэдээллээ excel программаар гаргах. Тэгвэл судлаачид маань хурдан хугацаанд дүн шинжилгээ хийх боломжтой.
Төсвийн ил тод байдлаар Монгол Улс 2017 онд 46 оноо, 2019 онд 56 оноо тус тус авч байсан бол 2021 оны үнэлгээгээр 60 оноо авчээ. Мөн 120 орноос 38-д эрэмбэлэгджээ.
Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэдэг бөгөөд Монгол улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтийн төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна.
Харин хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын хувьд эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа бөгөөд Улсын Их Хурал 72 оноо, Төрийн аудитын байгууллага 83 оноо тус тус авчээ.
Төсвийн нээлттэй байдлын 2021 оны судалгааг зөвхөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олон нийтэд зориулан нийтэлсэн баримт бичиг, болж өнгөрсөн үйл явдал, өрнөсөн үйл ажиллагаа болон гарсан өөрчлөлтүүдэд суурилан хийжээ.
М.САЙНЗАЯА