Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас санаачлан Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцах “Мендезийн зарчим”-ыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
ХЭҮК-ийн эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн: Бид эрүүдэн шүүх асуудлыг гаргуулахгүй байх энэ нөхцөл байдлыг аль аль салбартаа энэ байдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай шүү гэдэг дээр нөлөөллийн арга хэмжээ эхэлсэн. Үндэсний хэмжээн дахь ажиллагаа бол тодорхой хугацааны төлөвлөгөөнд явна. Эрүү шүүлт гарж байгаа, эрүү шүүлтэд өртсөн талаар гомдол мэдээлэл гаргадаг, мэдээлэл өгдөг гомдлууд олон улсын нэлээдгүй орнуудад тасралтгүй гарч байна. Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарал татсан ийм асуудлууд ч байна.Тэр нь тогтолцооны асуудал гэж харагдаж байгаа. Нөгөө талаас байгууллагуудын засаж залруулах боломжтой дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байна. Ялангуяа хууль сахиулах байгууллагуудын өөрсдийн ажлын үзүүлэлт гэх зүйлүүдэд асуудлууд байгаа. Үүн дээр нэмж хэлэхэд хэрэг илрүүлэх асуудал мэдээж чухал. Гэхдээ илрүүлэхдээ бид эрүү шүүлтээс ангид байх эрхийг хүн бүхэнд эдлүүлж явах ёстой.
Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Дэлхий нийтээрээ хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй байхын эсрэг нэгдэж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 52/149 дүгээр тогтоолоор жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгосныг улс орнууд тэмдэглэн, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх сайн дурын тусламжийн аян өрнүүлдэг байна.
Ч.Жаргалбаатар (Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар): Монгол улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт орох үед эрүү шүүлтээс ангид байх тэр тусмаа цаазаар авах ялыг Монгол Улсын хэмжээнд тавьж байгаа хэр нь өнөөдрийг хүртэл үндсэн хуулиасаа яагаад халаагүй байгаа юм. Энэ боломж бололцоогоо яагаад ашиглаагүй байгаа юм. Энэ мэтээр маш олон асуудлууд хөндөгдөж байгаа учраас энэ хурлаас тодорхой хэмжээнд үр дүнтэй шийдлүүд гарах байх гэж итгэж байна. Мөн Монгол Улсын хувьд хүний эрхийг хангах талаар тодорхой хэмжээнд үр дүн, амжилт гаргаж байгаа. Үүнийг дэлхийн улс орнууд ч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүн төрөлхтөн 14-р зуунаас эхлүүлээд шулмын ав буюу бусдыг эрүүдэн шүүх, цаазаар авах зүй бус үйлдлүүд гарж байсан. 300 жилийн дараа буюу 1986 онд тухайн хүмүүсийг цагаатгах ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүнтэй адилхан бид хууль бус үйлдэл хийж ирээдүйн үр хойчийнхоо өмнө зүй бус санал гаргаад түүхэнд үлдэх ёсгүй. Эрүүгийн хариуцлагыг зөв болгох хэрэгтэй. Гэмт хэргийн шинжийг оновчтой болгох шаардлагатай. Бусдыг эрүүдэн шүүдэг хууль бусаар ял шийтгэл оногдуулдаг энэ байдлыг халах ёстой.
Эрүүдэн шүүгдсэн этгээдэд хохирлоо арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах, тэр тусмаа эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрөх нь төрийн үүрэг юм. Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран халамжлагч нөхөн төлбөр авах эрхтэй.
М.САЙНЗАЯА
Г.ЧИМЭДЦОГЗОЛ
Т.ИЧИНХОРЛОО