Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-SPEAK OUT: Улаанбаатар хотын иргэн та оройн хоолоо хэдэн цагт иддэг вэ?

Улаанбаатарын иргэд түгжрэлээс болж олон асуудал, бэрхшээл дунд амьдарч байна. Тэдгээр бэрхшээлийн нэг нь түгжрэлээс болж оройн хоолоо оройтуулах болжээ. Оройн хоол оройтох нь хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг билээ.

DNN-SPEAK OUT”-аар түгжрэл эхэлсэн энэ үед иргэд оройн хоолоо хэдэн цагт идэж байгааг тодрууллаа.


О (Бичиг хэргийн ажилтан, нас 48)

-Манайх ам бүл цөөн. Хувийн автомашингүй учир автобусаар ажилдаа явдаг. Сүүлийн үед түгжрэл эрс нэмэгдчихлээ. Өмнө нь ажлаа тараад гэртээ 19, 20 цагт орж ирдэг байсан бол одоо 21.00 цагт гэртээ орж байна. Мах гэсэхийг хүлээвэл хоолоо 23.00 цагт идэхээр байгаа юм. Эрт ирсэн нь хоолоо хийлээ гэхэд 20 цагт иднэ гэсэн үг. Манайх хотын захад учир автобусаар 2, 3 цаг явж байна. Оройтож хооллоод нойр булчирхай, цөс өвддөг болчихсон.


Х (Дөрөвдүгээр курсийн оюутан, нас 20)

-Өмнө нь аль болох оройн хоолоо эрт идэхийг хичээдэг байсан. Харин түгжрэл ихэссэнээс болоод оройн хоолоо 20, 21 цагт иддэг болсон. Хоолоо шингээх гэж буцалсан ус, хоол шингээдэг эм уудаг. Заримдаа оройн хоол идэхгүй тараг уугаад унтдаг.


С (Сэтгүүлч, нас 35)

-Ажлаа тараад 2-3 цагийг түгжрэлд зогсож өнгөрөөхөд оройн хоолны цаг хэдийнэ өнгөрчихдөг. Гэртээ ирээд хөнгөхөн маягийн юм идээд унтаж байна. Амралтын өдрөөр л оройн хоолоо эрт идэж байна. Амралтын өдрүүдээр шөл, устай хоол унд хийж иддэг. Хотын түгжрэл хүмүүсийн амьдралын хэмнэл, хооллох цагт асар сөргөөр нөлөөлж байна. Нэг хохирогч нь би. Түгжрэлд удаан зогсохоор шээс хүрвэл ямар ч авралгүй учир шингэн юм бага уудаг. Гэтэл саяхан эмнэлэгт очиж цусны шинжилгээ өгөхөд эмч “Та шингэний дутагдалд орсон байна, шингэн юм, тэр дундаа ус сайн ууж, цусаа шингэл” гэсэн. Түгжрэл хотын иргэдийн эрүүл мэнд, цаг зав, амьдралын хэв маягийг ч түгжиж, хохироож байна.


Д ( Эмч, нас 26)

-Ажлын ачаалал ихтэй үед хоол идэх байтугай. Ариун цэврийн өрөө ч орох завгүй үе байдаг. Ажлаа тараад гэртээ ирэх замдаа бэлэн гоймон аваад идчихдэг. Ядарсан хүн гэртээ ирээд мах гэсгэхийг хүлээсээр байтал шөнө дунд болно. Хоолоо оройтож иддэг болсноор миний хоол боловсруулах үйл ажиллагаа ерөнхийдөө муудсан нь ажиглагдаж байна. Хэрэв түгжрэлд дэмий 1, 2 цаг өнгөрүүлдэггүй байсан бол гэртээ сайхан хоол хийж иднэ шүү дээ. Эрт амарч байж маргаашийнхаа ажиллах эрч хүчийг олж авна. Тийм болохоор гэртээ амарсан үедээ 19 цагийн үед хооллодог. Бусад үед гадуур хооллодог.


Н (Гуравдугаар курсийн оюутан, нас 19)

-Би дүүтэйгээ хоёулаа амьдардаг. Байрны түрээснээс болоод сургуулиасаа нэлээн хол нүүсэн. Хотын төвөөр байрны үнэ хэтэрхий өндөр байгаа. Уг нь сургуульдаа ойрхон байхдаа гэр лүүгээ алхаад ирчихдэг түгжрэлд 2, 3 цаг зарцуулдаггүй байсан. Одоо сургуулиасаа 18 цаг гэж гарсан бол 30 минут зарим үед 1 цаг автобус хүлээгээд хамгийн эртдээ л гэхэд 21 цагт орж ирнэ. Аль түрүүлж ирсэн махаа гаргаж гэсгээгээд хоолоо хийдэг. Орой хоолыг тогтмол 22 цагт иддэг болчихсон. Өдөр сургууль дээрээ юм идэхгүй бол өлссөн хүн их иднэ. Мэдээж шөнийн 22 цаг болж байхад их хоол идчихээр унтаж болохгүй ходоод өвдөнө. Өглөө нь хичээлээсээ хоцрохгүй гээд эрт гарна. Өглөөний цайгаа ууж амждаггүй.


Б (Түгээлтийн ажилтан, нас 34)

-Оройн хоолыг 19:00 цагаас өмнө идэх ёстой. Гэвч хоол идэх 19 цагтаа гэртээ ч ирж амждаггүй. Гадуур бэлэн, ширхгийн хоол их иддэг. Түгжрэлд 2-3 цаг юу ч идэхгүй, уухгүй байж чадахгүй шүү дээ. Ажлын ачааллаас үүдээд таарсан газраасаа ширхгийн хоол аваад машиндаа иддэг.


А (Таксины жолооч, нас 48)

Би өглөө 10 цаг гэж гэрээс гараад өдөр 15 цагт өдрийн хоолоо гэртээ иддэг. Дуудлагаар цэцэрлэгийн хүүхэд зөөгөөд. 18 цагийн үед таксинд явж эхэлдэг хүмүүсийн ажил тарж байгаа цагаар аль болох олон хүмүүсийг гэрт нь дулаан хүргэж өгөхийг хичээдэг. Тэгж явсаар байгаад оройн хоол идэх цагаа ч мартчихсан байдаг. Нэг хүн суулгаад л түгжрэлд орчихно. Ойрхон 2, 3 буудал газар 1 цаг явж байна шүү дээ. Ид түгжрэлийн цаг эхэлчихсэн хэцүү л байна. Гэр лүүгээ явах замд хүн таарвал тэгээд л өөр тийш нь явчихна. Ингэж явсаар байгаад шөнийн 02 цагт оройн хоолоо иддэг дээ.


Ү (“Хар хорин” захын Худалдаачин, нас 31)

Манайх сүүлийн үед махнаас татгалзаж байгаа. Санхүүгийн хувьд хэмнэлттэй. Түүнчлэн ажлаа тараад Улиастайд очтол оройны 22 цаг болчихдог. Манай нөхөр бид хоёр хамт ажилладаг учраас гэрт хоол хийх хүн байхгүй. Гэртээ очоод мах гаргаад гэстэл 30-40 минут болно. Тэгээд шөнийн 23 цагт махтай хоол иднэ гэдэг их хүнд. Тийм учраас будаа их хэрэглэдэг. Хааяа гадуур хоол идээд очдог. Гэхдээ замдаа 2-3 цаг түгжрэлд суусаар байгаад хоол маань шингэчихдэг. Гэртээ очоод заавал юм идэж байж унтдаг. Ганц манай гэр бүл ч биш Улаанбаатарын түгжрэлд орж байгаа бүх хүн л ингэж хооллодог байх. Шөнө сайхан амарч, өглөө бие хөнгөн, сэргэг сэрэхийг хүсч байна. Тийм учраас аль болох хөнгөн хооллохыг сурч байна.


Г(Хувиараа бизнес эрхлэгч, нас 29)

-Би Баянбүрдээс Налайх руу явж ажилладаг. Ажил 18 цагт тараад гэртээ ирэх гэсээр байтал 22 цаг өнгөрчихдөг. Зарим үед шөнийн 23 цаг өнгөрүүлж ирнэ. Ар гэртээ цаг зарцуулж чадахгүй, түгжрэлд хамаг цагаа үрчихдэг. Гэртээ ирээд хоолоо идэх гэсээр байтал 23 цаг болчихно. Ингэж идсэн хоол хоол болох уу. Буруу хооллож эрүүл мэндээрээ хохирсоор л байна шүү. Иргэдээ зөв амьдралын хэвшилд оруулахад хэрэгтэй байна.


М (Хувиараа бизнес эрхлэгч, нас 36)

-Манайх хороололд байдаг. Гэр ойрхон болохоор 20 цагт оройн хоолоо иддэг. Харин нөхөр маань 22 цагт ажлаасаа ирдэг. Би хоолыг нь бэлдээд халуун саванд хийж тавьдаг. Халуунаар нь хадгалж байгаад өгөхгүй бол хоолоо халааж таарна. Шөнийн 22 цагт халаасан хоол идэх ходоодонд муу шүү дээ. Аль болох шарсан, хуурсан хоол орой иддэггүй.


О (Хоёрдугаар курсийн оюутан, нас 18)

-Манай гэр Хайлаастад байдаг. Хичээл тараад автобус хүлээгээд 22 цаг гэж харьдаг. Гэртээ очоод өөрийнхөө гар, нүүрээ угаагаад л хоолоо иддэг. Шөнийн 22 цагт хоолоо иддэг гэж болно. Унтахын өмнө их хоол идвэл ходоодны ажиллагаа хvндэрч тайван нойрсож чадахгүй юм байна лээ.


З (“Нарантуул” захад наймаа эрхлэгч нас 32)

-Орой ажлаасаа тараад 21 цагийн үед хоол иддэг. Манай эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ байдаг учир ажил тараад очиход халуун хоол, цай бэлэн байдаг. Харин манай хоёр хүү аавтайгаа хооллоно гээд хүлээж байдаг. Тийм учраас аль болох түгжрэл багатай замаар тойроод ч хамаагүй хурдан очихыг л боддог доо.


Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *