Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-SPEAK OUT: Та юунд бухимдаж байна, бас юунд баярладаг вэ? DNN.mn

Энэ удаагийн “DNN-SPEAK OUT” булангаар Ялалтын талбайгаар зөрж өнгөрч буй иргэдээс юунд бухимддаг, юунд баярладаг талаар асуулаа.


Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэндмаа: “UBcab”-ийн хамт олонд их талархдаг. Машингүй бидний байнгын хэрэглээ байдаг даа. Мөн “CU” үйлчилгээний байгууллага, онлайн шопуудын хүргэлтэд баярладаг.

Ер нь тэгээд хүний цаг завыг хэмнэсэн хялбар үйлчилгээнүүдэд баяртай байдаг. Харин хүнийг дэмждэггүй өөнтөгчдөд бухимддаг. 

Нийгмийн даатгал нь цалингийн талыг нь авчихдаг. Шударгаар хөдөлмөрлөж яваа нэгний урдуур, арын хаалгаар, долиглосон нь илүү амьдардаг. Зээл л хийхгүй бол одоо байгаагаасаа илүү зүйл хийхэд энэ нийгэм нь хэцүү байна шүү дээ. Тэгээд зээлээ хуваагаад төлөхөд хүүг нь төлчихсөн байх жишээний. Ийм л байна.

Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн Ч.Мягмарсүрэн: Манай улсад чинь тэгээд болдгоосоо болохгүй зүйл л их ярих юм даа. Үр хүүхдээ сайн сайхан нийгэмд амьдруулчих гээд л ажиллаж хөдөлмөрлөх юм. Томчууд нь идээд, дундаж амьдралтай иргэд нь зүтгээд, үлдсэн хэд нь халамждаа л амьдарч байна. Гуравхан сая иргэнээ сайхан аваад явчих толгойтой хүн гарч ирвэл баярлах зүйл нь тэр юм даа.

Иргэн З.Болдмаа: Үр хүүхэд, амьдралаа энгийн сайхан авч явж байгаадаа л баярладаг. Хувьдаа баярлах зүйл маань энэ. Ер нь гурван сая иргэнээ олигтойхон амьдруулж чадахгүй байгаад л маш их бухимдалтай явдаг. Энэ байтугай олон хүн амтай улс сайхан амьдраад л байна. Манайд бол ажилгүйдэл нэмэгдсээр. Улам л доройтоод…

Иргэн н.Доржханд: Сайхан сэтгэлтэй, ноён нуруу, буурьтай зан чанартай хүнтэй ярилцахад тэр өдөртөө л баяртай явдаг. Харин өөдгүй хулчгар, муу санаатай хорон хүнд хамгийн дургүй. Нийгмийн болж бүтэхгүй зүйлийг шүүмжилж суухаас яриагүй нь бараг дээр байх гэж боддог. Сүүлийн үед гадаад л явах мөрөөс боллоо.

Чингэлтэй дүүргийн иргэн н.Даариймаа: Нийгэм гэхээр захын хүн л шүүмжилнэ. Тиймээс би шүүмжлэхгүйгээр зарим нэг зүйлийг нь магтмаар байна. Хуучин автобусаа шинэчлэн шинэ автобус оруулж ирж байгаад мөн иргэн төвтэй байх гэж хичээж байгаад баярлаж байна. Саяхан төрийн ордны хашааг будсан байна лээ. Түүнийг фэйсбүүкээр бүгд л шүүмжлэх юм.

Нэг зүйл хийхээр бүгд л хошууран шүүмжилж байх юм. Тэгж өөрсдийгөө  бухимдуулж яадаг юм. Түүний оронд хааяа нэг магтчих хэрэгтэй. Хийх нь хийж л байна. 

Аливаа асуудалд хандах хандлага тань амьдралын чанарыг нь тодорхойлдог. Өөрийгөө хайрлаж халамжилж хамгаалж чаддаг хүн чанартай амьдралтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-SPEAK OUT​: Та юунд бухимдаж байна, бас юунд баярладаг вэ? DNN.mn


Энэ удаагийн “DNN-SPEAK OUT” булангаар иргэдээс юунд бухимдаж, бас юунд баярладаг талаар тодруулснаа хүргэж байна.


Иргэн Д.Банзар: Төрийн өндөр албан тушаалтай хүмүүс монголоо тонодогт л их бухимдалтай явдаг. Бидний үед ийм байгаагүй. Мөн зарим хүүхдүүд аав, ээж, ахмад настай хүний үгийг үл тоодог болж. Намайг багадаа багшдаа толгой руугаа цохиулчхаад ирэхэд аав ээж “чиний буруу, чи зүгээр байгаагүй” гэдэг л байлаа. Одоо бол ганц ширүүн дуугарахад л та миний эрхэд халдаж байна гэдэг болж дээ.

Нийгэм нь тогтвортой, хууль нь чанга байгаа цагт л хөгжинө. Орчин үед технологи хөгжиж, хүмүүсийн мэдлэг ч нэмэгдэж байна.  Миний хувьд үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн байгаа даа л баярладаг.

Иргэн Б.Цоодолсүрэн: Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг бодолгүй өөрийн амьдралаа болгоод л, аз жаргалтай байхад болно шүү дээ. Эрүүл байх л сайхан. Ажиллах насандаа ажиллачихсан одоо хийе гэсэн бүхнээ хийгээд л амарч байна. Бүжиглээд л, дуулаад л, аялаад л… Эрүүл бүх зүйл бүтнэ.

Мөн иргэдийг эрт илрүүлэгт их хамруулж байгаа. Үүнд их талархууштай байгаа. Иргэдийн сайн сайхны төлөө үүнийг санаачлаад хийж байгаа байх. Ер нь тэгээд эрүүл л байвал тэтгэврийн насны хүмүүст юу хэрэг байхав дээ.

Иргэн Д.Гунгаа: Хүн ер нь үр хүүхдүүдээ хараад л баярлана. Тэдний жаргалтай царай чинь тэр чигтээ л жаргал, баясал. Нийгэм өөрөө хар бараан, хулгайгаар дүүрэн байхад нийгмээс харж баярлах зүйл тун ховор байна шүү. Би 70 гарсан тэтгэврийн хөгшин. Сардаа сая гаран төгрөгийн тэтгэвэр авдаг. Хүнс, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд одоо энэ тэтгэврийн мөнгө нь амьдралд хүрэлцэхээ больж байх шиг. Надаас бага тэтгэвэртэй иргэдэд тун бэрх байгаа биз. Төр иргэдээ боддог бол би юу гэж нийгмээ муулж суухав.

Иргэн П.Амгалан: Сүүлийн үед эрт илрүүлэг, дугуйтай өдөрлөг, технологи гээд иргэдэд зориулсан арга хэмжээ ихээр зохион байгуулдаг боллоо. Үүнд л их баярлаж байна. Мөн манай улсын сагсан бөмбөгийн тамирчид Азийн аварга болсон. Дэлхийд нэрээ гаргаж байна гэдэг үнэхээр талархууштай явдал юм. Харин ам дүүрэн амлалт, магтаалаар сонгогдчихоод хэдэн их наядаар нь иддэг улстөрчдөөс ичиж, бас бухимдаж байна. Өөр юунд бухимдах юм бэ. Амьдарч байгаа орчиндоо аюулгүй зорчиж амьдрах боломжоор хангаасай л гэж хүсье.

Иргэн Д.Бадралмаа: Элэг бүтэн, эрүүл саруул өглөөний нарыг, шөнийн сарыг харж чадаж байгаадаа баярладаг. Зүгээр л амьсгалж энэ орчлонд оршиж байгаадаа жаргадаг.

Бухимдах зүйл олон л бий. Ганц өгүүлбэрт багтаах юм бол ажил хийгээд ажилтай тулдаа өртэй байгаадаа л жаахан сэтгэл гонсгор байдаг даа.

Иргэн Ж.Сүхбаатар: Хүн гэдэг тэгээд л сэтгэлийн амьтан дөө. Нэг өдөр амьдрал сайхан болно гээд зүтгээд байдаг орсон орлого нь зарлагаа ч дийлэхгүй байна. Байрны мөнгө, лизинг гээд өрийн сүлжээгээр сарын цалингаа зохицуулж амьдарна гэдэг бэрх юм. Энэ Монголд…

Гэхдээ л өөрөө хөдөлмөрлөж зүтгэж, олон жил хураасан хөрөнгөөрөө шинэ байранд орж үр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Гэр бүлээс гадна нийгмээ яривал бухимдах зүйл маш олон. Харин сайн талыг нь харъя гэвэл яахав ээ бага багаар хөгжиж л байна.

Иргэдийнхээ үзэл бодлыг сонсоод нүүрсний хулгайчтайгаа тэмцэж, авлига хээл хахуулиа багасгах гээд зүтгэж байгааг харах аятайхан л байна. Өөр ч юу хэлэх билээ ах нь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *