Categories
мэдээ цаг-үе

Дэмбэрэлцэрэнгийн Мөнхбаатар: Аавыг минь Монголын шүүхэд хувь заяагаар төрсөн хүн гэдэг

Монголын шүүхийн нэгэн цагийн нэрийн хуудас болсон эрхэм хүн бол Монгол Улсын гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн юм. Тэрээр Улсын дээд шүүхийн дарга, ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Мөн 2000-2004 онд Их хурлын гишүүний албыг хашиж байсан төрийн түшээ билээ. Энэ удаа “Миний аав” буландаа Дэмбэрэлцэрэн агсны хүү “Сити” их сургуулийн дэд захирал Д.Мөнхбаатарыг урьж ярилцлаа.


-Дэмбэрэлцэрэн гуайг Монголын шүүхийн байгууллагаас салгаж бодохын аргагүй. Далаад оны дундуур хойно сургууль төгсч ирээд л Улсын дээд шүүхийн босгыг алхсан байдаг?

-Аав маань бага залуу наснаасаа л Монголын шүүх байгууллагатай амь амьдралаа холбосон хүн юм. 1970-1976 оны хооронд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд суралцан хуульч эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Ингээд Монгол Улсын дээд шүүхийн зааварлагчаас ажлын гараагаа эхэлсэн байдаг. Дараа нь Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, шүүхийн орлогч даргаар ажилласан. 1981-1990 онд Ардын Их хурлын тэргүүлэгчдийн референт, улмаар хэлтсийн дарга болтлоо ажилласан. 1990-1993 оны хооронд Монгол Улсын дээд шүүхийн даргаар ажилласан. Ерэн оноос өмнө Монголын шүүх засаглал нэг намын харьяанд байсан. Үндсэндээ хувьсгалт намын аппаратад шүүх засаглал байсан гэсэн үг. Ерэн онд ардчилсан хувьсгал гарч нийгэм солигдож, зах зээлийн чөлөөт нийгэмд шилжихэд шүүх засаглал системээрээ өөрчлөгдөх шаардлага тулгарсан. Ерэн хоёр онд шинэ Үндсэн хууль батлагдаад бүх зүйл үндсээрээ өөрчлөгдсөн он жилүүдэд аав минь Монголын дээд шүүхийг толгойлж байв. Нийгэм солигдсон хариуцлагатай, адармаатай хүнд бэрх жилүүдэд Монголын шүүхийн шинэчлэлийг нэр төртэй гардан явуулсанд ааваараа бахархдаг. Аавыг минь Монголын шүүхэд хувь заяагаар төрсөн хүн гэж хүмүүс хэлдэг, үнэн байх аа. Аав ардчиллыг маш их дэмждэг байсан. Тухайн үед өөрөө “Ху” намын гишүүн байсан байх. Гэхдээ ардчиллын үнэт зарчмыг ихэд дэмждэг, элэгтэй хүн байсан. Ер нь аав аль нэг намыг дэмжээд намчирхаад талцаад байдаггүй, улс эх орноо гэсэн алтан зарчмыг л амьдралынхаа туршид хатуу мөрдлөг болгож явсан даа. Аавынхаа тэр үнэт зарчим, үйл хэргээр нь би маш их бахархдаг.

-Танай аавын зарчимч, шударга зан, төрийн хүнд байх ноён нурууг мэдэх хүмүүс нь үнэхээр хэлдэг юм. Яалт ч үгүй төрийн хар хүн байжээ?

-Аав гэрийн хаалгаар ороод ирэхэд нь нэг л сайхан. Уул шиг өндөр том хүн ороод ирдэг. Гэртээ байхдаа дуу цөөтэй, олон таван үггүй. Үр хүүхдээ загнаж зандраад байдаггүй. Хаа нэг жинтэйхэн үг хэлнэ. Тэр нь оюун ухаанаас хэзээд ч мартагддаггүй. Ээжтэй бага залуугаасаа танилцсан. Олон сайхан нөхөд нь гэр орноор үргэлж ирнэ. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар олон жил ажилласан Ш.Отгонбилэг гуай байна. Аав тэр хоёр их сургуулийн нэг өрөөний найзууд юм билээ. Ёстой хувцсаа сольж өмсөөд явж байсан дотны андууд гэдэг. Цаг уурч гавьяат Дамбын Шагдарсүрэн байна. Халхын хар аварга гэгддэг Дашдоржийн Цэрэнтогтох аварга байна. За тэгээд ангийн нөхөд, нутаг усныхан гээд олон хүн бий дээ. Аавын минь хэзээд ч нуруу алддаггүй, ханилахад түшигтэй, хүнийг голж шилдэггүй, хэнтэй ч гэсэн хүндэтгэн харилцдаг олон сайхан чанар нь найз нөхдийнх нь хүрээллээр хэмжигддэг. Мөн ч олон нөхөдтэй хүн байсан даа. Аливаад зарчимч, шулуун шударга занг нь олон хүн хэлдэг. Аавтай минь хамтран ажиллаж байсан, багш нь гэж хэлж болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд агсан их сайхнаар дурсан ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ “Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг билээ. Он жилүүд жирэлзэн өнгөрч олон сайн нөхөд солигдох цагт Д.Дэмбэрэлцэрэн хүний хувьд нэг л зан төрхөөрөө байдаг, сүрхий ноён нуруутай, сүржигнээд байдаггүй даруухан мөртлөө төр, улсын ажил хэрэгт чанд чиг бодолтой хүн гэдэг нь надад лавтай харагдсан юм. Бид хоёр хууль боловсруулах хамгаалах нэгэн шугамд тэр дундаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга, орлогч, Дээд шүүхийн дарга, Хуулийн хэлтсийн ажилтан гэх мэтээр хорь гаруй жил хамтран зүтгэсний хувьд ийнхүү мэдэмхийрч хэлэх үндэстэй” гэж хэлсэн байдаг. Аавыг минь Ардын Их Хурлын аппаратад жирийн ажилтнаас сайдын дайтай гэж үздэг байсан хэлтсийн дарга хүртэл, Дээд шүүхийн орлогчоос Улсын ерөнхий шүүгч хүртэл алдаа эндэлгүй ажиллаж ирсэн Монгол төрийн нэгэн зүтгэлтэн гэдгийг Чимэд гуай тодотгож хэлсэн байдаг. Аав минь энэ мэт олон сайхан нөхөдтэй, өөрийн гэх хүрээлэлтэй байсан. Отгонбилэг гуай аав хоёр тийм дотны найзууд хэр нь ажил төрлийн холбоонд хувийн харилцаагаа оруулдаггүй байсан. Энэ тухай аав өөрөө ч хэлдэг. “За Отгонбилэг ээ, чи бид хоёр халуун зүрхний анд нөхдүүд. Гэхдээ ажил төрөл гэдэг өөр, анд нөхөд гэдэг тусдаа. Би ямар ч үед Монгол Улсын хуулийг нэгдүгээрт тавина” гэж шуудхан хэлдэг байсан. Гэхдээ Отгонбилэг гуай аавыг миний талд ажилла, буруу зүйл хий гэж хэлж шаардаагүй нь мэдээж. Тэр хүн ямар хүн байсныг ард түмэн сайн мэднэ. Харин Отгонбилэг гуайтай холбоотой асуудал аавыг дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байх үед сөхөгддөг л байсан.

-2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Өвөрхангай аймгаас сонгогдсон байдаг. Их хуралд байхдаа эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон. Гэхдээ дөрвөн жилийн албаа дуусгасан даа?

-2000 онд аавыг Өвөрхангайд нэр дэвшиж байх үед би Америкт байсан. Манай дүү Мөнх-Эрдэнэ их сайн мэддэг юм. Сонгуулийн ажилд арын албыг нь хариуцаж хамт явсан. Өөрийнх нь төрсөн нутаг Өвөрхангайн ард түмэн аавд минь өндөр итгэл үзүүлж Монгол төрийн түшээгээр сонгосонд ихэд баярладаг. Аав минь их баярладаг байсан. 2001 онд харвалт өгөөд жил орчим эмчилгээ хийлгэсэн. Тэр хугацаанд ажлаараа орж гардаг байлаа. Шүүхтэй холбоотой бүх л материал гадна дотны эмхтгэл тэр бүгд аавын гараар орсон. Орой үдэш ихэнх цагаа шүүхийн чиглэлийн ном уншиж өнгөрүүлнэ. НҮБ-ын Хүний эрхийн конвенцыг орчуулаад би хүүхэд байхдаа компьютерт эхийг нь бэлдэж цахим бичвэрт оруулж байлаа. Аавыг Их хуралд байхад “Нутгийн дүү” гээд Лүндээжанцан гуай манайхаар орж гардаг байсан. Энд би дүүгийнхээ тухай хэлмээр байна. Сургуульд орохоосоо өмнө л “Би аав шигээ мундаг хуульч болно” гэж ярьдаг байсан. Үнэхээр ч хэлсэндээ хүрсэн. МУИС-ийг хуулийн чиглэлээр төгссөн. Германд мөн хуулийн чиглэлээр суралцсан. Одоо хотын дарга С.Батболдын хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Өмнө нь Ардчиллын засгийн үед ЗГХЭГ-ын хуулийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Аав шиг бас л намчирхаад байдаггүй, аль ч засгийн үед төрд албаа хашдаг ийм л залуу бий.

-Таны ээжийг “Сити” их сургуулийн ерөнхийлөгч доктор, профессор Ц.Байгалмаа гэдгийг хүмүүс мэднэ. Аав ээж хоёр тань хэрхэн танилцаж байсан түүхээс сонирхуулахгүй юу?

-Далан долоо, далан найман оны үед танилцсан байх. 100 айлын хуучны цагаан байрууд гэж яригддаг даа. Тэнд аав ээж хоёр минь ах дүүсийндээ сууж байхдаа танилцаж гэр бүл болсон юм билээ. Ээж маань хүнд амьдрал туулсан. Би том хүүгийн хувьд нэг зүйлийг дандаа бодож ээжийгээ хайрлан хүндэтгэдэг. Бас их өрөвддөг. Бид эхээс гурвуулаа байсан. Би хоёр дүүтэй. Гэвч бага охин дүү маань цэцэрлэгт байхдаа бусдын буруугаас болж унаж тусдаг, тархи мэдрэлийн хүнд өвчтэй болсон. Дүүг минь эрүүл саруул болгочихсон гэж ээж минь үнэхээр зүтгэсэн. Залуу сайхан насаа өвчтэй дүүгийн минь дэргэд өнгөрөөсөн. Ганц охин нь тийм айхтар өвчтэй болно гэдэг эх хүнд үнэхээр хүнд тусдаг юм билээ. Гэвч ээж минь огтоос шантралгүй зүтгэсэн. Хажуугаар нь улсын ажил гэж том юм байна. Ээж маань тухайн үеийн багшийн дээд сургуулийн кино драмын ангид багшаар ажиллаж байсан. 1998 онд “Монголжингоо” дээд сургуулийг байгуулсан. Сургууль байгуулж байх үед зарим хүмүүс бодож л байсан байх. Дээд шүүхийн даргын эхнэр хувийн сургууль байгууллаа, аргагүй мөнгөтэй хөрөнгөтэй байна гэж. Гэвч сургууль байгуулахад аавын минь хувь нэмэр гэж байгаагүй. Аавын оролцоо ч байсангүй. Нөгөө л шулуун шударга, төр түмэндээ үнэнч зан чанар нь нөлөөлөх нь мэдээж. Ээж маань л ийш тийшээ гүйж хүн амьтнаас мөнгө зээлж, өөрийн хөлс хүчээр энэ сургуулийг хөл дээр нь босгосон. Түрээсийн байрнаас л бүх юмаа эхэлсэн. Өнөөдөр их сургууль болчихоод явж байгааг харахад бахархалтай санагддаг. Ээж минь үнэхээр дайчин, ухаалаг, үр хүүхдийнхээ бахархал болсон эмэгтэй.

-Энгийн зүйл асуухад, аавын тань сонирхдог зүйл юу байсан бол?

-Уран барилга, архитекторт их сонирхолтой. Өөрөө волейбол их сайн тоглоно. Спортын төв ордонд найз нөхөдтэйгөө волейбол их тоглодог байсан. Алхах дуртай, боломж л гарвал явган алхана. Нэг их гоё шляпан малгай тавьчихаад л сүр бараатай нь аргагүй алхана. Мөн модоор гоё сийлбэр хийдэг байлаа. Морины хусуур, ул боовны хэв хийнэ. Тэр бүгдийг нь бодохоор сайхан санагддаг. Арван жилийн сурагч байхдаа морин хуур хөгжим хийж байсан гэдэг. Гадны сонин содон гоё цэцэг, мод, ургамалд их дуртай. Би ч аавынхаа хоббиг дуурайсан байх. Сургууль дотроо олон төрлийн мод, ургамал, цэцэг тарьж цэцэрлэгт ногоон байгууламжийг бий болгосон. Монголд бараг байдаггүй дал модыг хүртэл суулгаж ургуулж байгаа. Нэг зүйлийг санадаг юм. Ерэн хоёр онд байна уу даа, аав дээд шүүхийн дарга байсан үе. Шинэ жилээр манайх шампанск байхгүй. Дүү бид хоёрт нэг нэг ундаа авч өгчихөөд “Монгол минь хэзээ нэг улс шиг болж хөгжин дэвших юм бол доо. Ард түмний амьдрал ядуу дорой байна. Гадаадад элбэг байдаг зүйл манайд байхгүй байна” гэж халаглан хэлж байсныг нь мартдаггүй. Гэхдээ монголчуудын амьдрал ирээдүйд улам сайхан болж, хөгжиж дэвшинэ гэдэгт бат итгэлтэй хүн байсан.

-Өвөрхангайн Бүрдийн хүн. Аавтайгаа ус нутгаар нь олон л очсон байх. Ер нь нутаг амьтай хүн байв уу?

-Аавын минь өвөг эцэг Цэвэг гэж хүн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их монгол уулаар нутагладаг байсан юм билээ. Тэгэхээр аавын минь удам Их монгол уул, Их монгол элс гээд Монгол Улсын төв цэг болсон түүхтэй нутагт үе дамжин нутаглажээ. Аав бол үнэхээр нутаг амьтай хүн байсан. Айрганд их дуртай. Дүү бид хоёрыг зуны амралт эхлэнгүүт л хөдөө нутагтаа аваачаад орхичихно. Аавын ах дүү, хамаатан садангууд Бүрд, Хужирт, Хархориноор байдаг. Ах нь Гэлэгпэлжээ гэж хүн байлаа. Хархорины наахна нь нутаглана. Тэднийх олон адуутай. Хурдны морь их уяна. Би чинь хурдны морь унаж байлаа. Тэрлэг өмсөөд морьтой хонинд явна. Үдэш айргаа бүлнэ. Хөдөөний хүүхэд шиг л өссөн. Аав минь дүү биднийг тэгж ус нутагтайгаа холбож, ойртуулж өсгөсөн дөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *