Аргын тооллыг баримтлагч барууны орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж буй шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үдсэн. Тэгэвч өнгөрсөн зууны 20-иод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн.
Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай, улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж, бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах, тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.
1. ЕВРЕЙЧҮҮДИЙН ШИНЭ ОНЫ БАЯР
Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэг жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Еврейчүүд энэ баяраа “Рош Ха-Шана” гэж нэрлэдэг бөгөөд Песаха ёслолоос 163 өдрийн хойно, есдүгээр сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд арав хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн арав хоногийг шүүн тунгаах, “Иом Кипур” буюу бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой.
2. ХЯТАДЫН ШИНЭ ЖИЛ
Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьяны хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу Чуньцзе хэмээн нэрийдэх болжээ.
3. ИРАНЫ ШИНЭ ОНЫ БАЯР
Иранчууд төдийгүй Иран, Персийн хуанлиг дагадаг хүмүүс “Новруз” /Перс хэлнээс орчуулбал “шинэ өдөр”/ буюу шинэ жилээ гуравдугаар сарын 21-22-нд эсванда сарын 30-наас шахривара сарын 1-нд шилжих шөнө, хаврыг угтан өргөн тэмдэглэдэг байна. Новруз нь байгалийн сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болдог.
4. КАЗАХЫН НАРНЫ БАЯРЫН УЛАМЖЛАЛ
Адай овог аймгийнхнаас бусад казахууд шинэ жилийн баяраа гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд “Наурыз” хэмээн нэрийддэг. Казахын Адай овог аймгийнхний адайчууд болон мангыстау хавийн оршин суугчид гуравдугаар сарын 14-ний өдөр шинэ оны баяраа тэмдэглэдэг байна.
5. ОРОС ШИНЭ ЖИЛ
Славянчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XVIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.
6. ЭНЭТХЭГТ ШИНЭ ОНЫГ НАР МАНДАХАД УГТДАГ
Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж, маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө Энэтхэгчүүд аз жаргалын бурхан – лашмид мөргөдөг.
7. ЯПОНЫ ШЁО ГАЦҮ
Япончууд шинэ оныг “Шёо гацү” гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.
8. НИДЕРЛАНДЧУУД ЖИГНЭМЭГЭЭР БЭЛГЭДДЭГ
Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагираган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.