Categories
гадаад мэдээ

Дэлхийн шилдэг 500 компанийг БНХАУ тэргүүлэв

Дэлхийд бизнесийн орлогоороо тэргүүлдэг 500 компанийг жагсаадаг “For­tune Global 500” жагсаалтад БНХАУ-аас хамгийн олон компани багтжээ.

Энэхүү жагсаалтад 143 компани нь багтсанаар компаниудынхаа тоогоор хоёр жил дараалан тэргүүллээ. Энэ удаагийн жагсаалтад Хятад улсын төрийн мэдлийн эрчим хүчний компани болох “State Grid” хоёрдугаар байрт бичигдсэн бол технологийн “Huawei” компани 44 дүгээрт жагсжээ. Тус компанийн хувьд АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг үл харгалзан 49 дүгээр байраас ийнхүү ахисан байна.

Мэдээлэл технологи, интернэтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон компани энэ оны жагсаалтад багтсаны дөрөв нь Хятадын компани байна. Тэдгээр нь “Xiaomi”, “JD.com”, “Ali­baba”, “Tencent” компаниуд юм.Энэхүү салбараас жагсаалтад багтсан нөгөө гурван компани нь АНУ-ын “Amazon”, “Alphabet”, “Face­book” ажээ. Эдгээр долоон компаниас “Xiaomi” хамгийн олон буюу 84 байраар ахижээ.

Өнгөрсөн онд Хятад улсаас 133 компани “Fortune Global 500” жагсаалтад багтсанаар тус улс анх удаагаа АНУ-ыг гүйцэж түрүүлсэн юм. Энэ оны жагсаалтад АНУ-аас 122 компани буюу өнгөрсөн оныхоос нэгээр илүү компани багтав. Япон улсын хувьд гуравдугаарт /53 компани/ жагссан байна.

Дэлхийн хамгийн шилдэг 500 компанийн нийт орлого 2021 онд өмнөх оныхоос 4.8 хувиар бууран 31.7 их наяд ам.доллар болжээ. Ингэснээр орлого нь сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарч байгаа аж.

“Ковид-19” цар тахлын улмаас эрчим хүч болон автомашины салбарын борлуулалт 10 гаруй хувиар буурсан бол өнгөрсөн оны жагсаалтад багтсан агаарын тээврийн зургаан компани бүгд энэ оны жагсаалтад багтаж чадаагүй байна.

Эх сурвалж: CGTN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *