Categories
гадаад мэдээ

Дэлхийн ойжуулалтыг Хятад улс тэргүүлж байна DNN.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Байгаль орчны хөтөлбөрийн хамтран гаргасан “Дэлхийн ойн байдал 2020” тайланд дурдсанаар, 1990-2020 онд дэлхийн хэмжээнд нийт 420 сая орчим га ой устжээ. Газар тариалан өргөжин тэлж, ойр ойрхон түймэр дэгдэж, ашигт малтмалын олборлолт нэмэгдэж байгаагаас гадна дэд бүтцийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэйгээр дэлхийн хэмжээнд ойн доройтол, ойн хомсдол хурдсаж байна.Ойн доройтол, хомсдол хүрээгээ тэлж буйг зогсоохын тулд улс орнууд ойжуулалтын хүчин чармайлтаа өргөжүүлж жилд 16 сая га-гаар хэмжигдэж байсан ойн доройтлын хэмжээ 2015-2020 онд 10 сая болж буурчээ.

Энэ амжилтад Хятад улсын тууштай хүчин чармайлт ихээхэн хувь нэмэр болсон аж. НҮБ-аас 2021 онд явуулсан ойн нөөцийн талаарх судалгааны тайланд дурдсанаар, судалгаанд хамрагдсан 236 улс орон, засаг захиргааны тусгай бүс дотроос 1990-2020 онд гаргасан ойжуулалтын хүчин чармайлтаараа Хятад улс тэргүүлжээ. Дэлхий даяар тарьсан ой модны хэмжээ 1990 онд 170 сая га байсан бол 2020 онд 292.6 сая га болж нэмэгдсэн бөгөөд энэ өсөлтийн бараг гуравны нэгийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн байна. Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл, Хятад улс энэ хугацаанд Азийн таримал ойн бараг гуравны хоёрыг дангаараа бүрдүүлсэн нь гайхалтай амжилт бөгөөд дэлхийн ойжуулалтад Хятад улсын оруулсан хувь нэмэр зөвхөн тарьсан ойгоор хязгаарлагдахгүй.

Ой бол хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралыг тэтгэдэг үнэлж баршгүй баялаг юм. Ой мод нь хүн төрөлхтөн, ан амьтдыг цэвэр ус, агаараар хангаж, амьдрах орчин, усны хагалбарыг хамгаалах, хөрсний доройтол болон цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, ой модыг хамгаалахад хангалттай хөрөнгө оруулахгүйгээр тогтвортой хөгжлийг хангах боломжгүй гэж НҮБ үзэж байна. Хятад улс ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гарган тус улсын ойн бүрхэвчийн хэмжээ 1990 онд 157 сая га байсан бол 2020 оны байдлаар 220 сая га болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1990 онд тус улсын нийт газар нутгийн 16.4 хувийг ой эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 22.9 хувьд хүрсэн байна.

Хятад улс ойн бүрхэвчийн хэмжээг нэмэгдүүлж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон тооны арга хэмжээ хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, тус улсын Засгийн газар 1978 оноос хойш цөлжилттэй тэмцэж, элсний нүүдлийг зогсоох, ойн бүрхэвчийн хэмжээг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ногоон хэрэм” буюу “Умардын гурван хамгаалалт” хэмээх хөтөлбөрийг үе шаттайгаар маш амжилттай хэрэгжүүлж байгаа юм.


Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *