Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хөрөнгийн захынхан литигийн хайгуулд гар татахгүй байна

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр тоглодог эрхмүүд литигийн хайгуулын төслүүдэд гар татахгүй байна. Литигийн хайгуул хийх компаниудад том биржүүдээс мөнгө босгох боломж зуу, хоёр зуун хувь байгаа гэсэн үг. Манай улсын хувьд литигийн хайгуулын хэд хэдэн төсөл эхэн шатандаа яваа юм байна. Мэдээж хөрөнгийн зах зээлийнхний сонирхож байгаа ховор металл учраас амжилттай хэрэгжээд эхэлсэн нь тодорхой. Хамгийн хөнгөн металл гэдэг литиг одоохондоо утас, компьютерийн батарейд ашиглаж байгаа. “Тесла”-гийн цахилгаан машин дэлхийн хэрэглээ болбол литигийн ханш хаданд гарна гэсэн таамаг бий. Ер нь технологи хөгжих хэрээр лити гэх мэт элементүүд “моодонд” орно гэж шинжээчид онцолдог. Европын холбоо гэхэд л өндөр технологид ашиглагдах ийм металлуудын нийлүүлэлтэд аль хэзээнээс анхаараад эхэлчихсэн. Лити бол ховор металл. Газрын ховор элемент биш ч нарийн технологийн үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг нь асар их. Технологийн ертөнцийн ус агаар гэх нь бий. Ховор металлд литигээс гадна бериллий, тунгстен, вольфрам, цезий, рубидий, циркони, гафний, антимони, кобалт, цагаан тугалга багтдаг. Ганц Европ ч биш дэлхий даяараа ховор металлд анхаарлаа хандуулж байна. Өндөр хөгжилтэй орнууд литигийн нөөц дажгүй улсуудад төсөл хэрэгжүүлээд эхэлсэн өчнөөн жишээ бий.

ЛИТИ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн халуун сэдэв болоод байгаа лити нь Мендеелевийн үелэх системийн элемент. Тодруулж хэлбэл, мөнгөлөг цагаан өнгөтэй металл юм. Бүх металлаас хамгийн хөнгөн нь. Хар тугалганаас зөөлхөн. Давтагдах, сунахдаа сайн. Хэд хэдэн металлтай хамтатгаж хайлш хийдэг. Халуун тэсвэрлэдэг хайлшууд хийхэд хөнгөн цагаан, магни, бериллийн хамт хэрэглэдэг. Литиг эдгээр металлтай хольж хийсэн хайлш өндөр үнээр үнэлэгддэг. Хэт хөнгөн, бат бөх, зэврэлтэд тэсвэртэй учраас ийм хайлшаар пуужингийн эд анги хийдэг. Металл лити, түүний нэгдлүүд нь пуужин, дуунаас хурдан онгоц, усан доогуур шумбагч онгоцны тусгай түлшний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог аж. Бас нисэх хүчин, сансар судлал, хар ба өнгөт металлург, цөмийн энерги, шил ба керамик эдлэлийн үйлдвэр, агааржуулалтын систем, хими ба нефтийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Литийн нэг хувийн хольц, хөнгөн цагааны хоёр хувийн хольцтой зэсийн хайлшууд гэхэд л маш бат бөх, зэврэлт, үрэлтэд тэсвэртэй, цахилгаан дулаан сайн дамжуулдаг давуу талтай байдаг. Лити атомын реакторт дулаан зөөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн энэ элементийг эмнэлгийн практикт сэтгэц, гутралын өвчний эмчилгээнд ашигладаг байна. Хүний биед литийн хэмжээ 70 мг байдаг гэнэ. Литийн нэгдлүүд амьтны элэг, бөөр, дэлүү, уушги, цус, сүүнд хуримтлагддаг. Литийн агуулгын дээд хэмжээ хүний булчинд илэрчээ.

ЛИТИГ МООДОНД ОРУУЛСАН ЦАХИЛГААН МАШИН ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛНО

Литиг хөрөнгийн зах зээлийн шуугиан болгосон “Тесла”-гийн цахилгаан машиныг дэлхий даяараа хэрэглэх цаг ойрхон байна. Ганц цахилгаан машин ч биш цахилгаанаар ажилладаг гэр ахуйн бүх л хэрэглээг зай хураагуураар шийдэх боломж байгааг “Тесла”-гийн эзэн Элон Маск ердөө хэдхэн сарын өмнө цахим орчинд жиргэсэн юм. Түүний жиргээ “лити” хэмээх мөнгөлөг өнгөтэй металлыг сонирхох хүсэл нь аль хэдийнэ асчихсан хөрөнгө оруулагчдыг “галзууруулж” орхисон хэрэг.

“Тесла”-г ирээдүйн машинуудыг бүтээгч гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. “Гэхдээ яг ч машин бүтээгч биш. Тэд бол машины зай хураагуур бүтээдэг компани” гэж барууны хэвлэлүүд онцолдог. “Тесла моторс” компанийн гол зорилго бол дэлхий нийтэд цахилгаан машины хэлбэр загвар, хүчин чадал, боломжийг бүрэн харуулах, цахилгаан хөдөлгүүртэй машиныг түлшээр ажилладаг машинтай өрсөлдөхүйц хямд зардалтай болгох юм.

“Тесла Моторс” компанийг Мартин Эберхард, Марк Тарпeннинг, Ж.Б Стрюбелл, Иан Врайт, Элон Маск тав үүсгэн байгуулж байж. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компанийн бүтээгдэхүүн загварчлалын дарга болж удирдлагыг гартаа авсан түүхтэй. “Тесла моторс” анх Tesla Roadster хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж 31 улсад 25000 ширхгийг борлуулж чадсан байдаг. Харин 2012 онд хоёр дахь машин болох дээвэр нь онгойдог, дөрвөн хаалга бүхий модел S загварыг болон зах зээлд чиглэсэн гурав дахь модел Х загвараа танилцуулсан нь олныг шуугиулсан мэдээний нэг болж байв. Модел Х загварыг өнгөрсөн оны эхээр үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэд машинаас гадна цахилгаан эрчим хүч дамжуулагч системийг Mersedes A Class, Daimler, Toyota гэх зэрэг компанид борлуулдаг. Тэгвэл саяхан тус компани салбартаа хувьсал хийх цоо шинэ загварын машин болох “Модел 3”-ыг танилцуулаад байна. “Тесла моторс”-ын эзэн Элон Маск танилцуулгаа хүлэмжийн хийн асуудал, дэлхийн дулаарлын сэдвээр эхлүүлсэн юм. Түүнийг ногоон дэлхийн төлөө тэрбум тэрбум доллар зарцуулж байгаа ухаалаг бизнесмэнүүдийн тод төлөөлөл гэдгээр нь дэлхий анддаггүй. Тэр бол хүн төрөлхтний хайртай бизнесмэн. Элон шинэ загвараа танилцуулахдаа “Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл эх дэлхийн ирээдүйд маш чухал” хэмээн онцолсон юм. “Модел 3” загварын үзүүлэлтүүд хүн төрөлхтнийг дуу алдуулж байгаа. Ирээдүйн машин гэгдэж буй “Модел 3” нэг удаагийн цэнэглэлтээр 346 км зам туулна, 100 км/ц хурдыг зургаа хүрэхгүй секундэд авна, таван том хүн суух боломжтой, автомат жолоодлого, супер цэнэглэлтийн горимтой. Цахилгаан машиныг 35 мянган долларын үнээр худалдаална гэж буй. Маскийн хэлснээр “Тесла”-гийн автомашинуудын хамгийн гол үзүүлэлт бол аюулгүй байдал. Тиймээс ч шинэ загвар хагас автомат горимтойгоор хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Мөн “Тесла” компани АНУ, Европ, Ази дахь супер-цэнэглэгч, цэнэглэгч станцуудын тоогоо 2017 оны эцэс гэхэд хоёр дахин нэмнэ гэдгээ мэдэгдээд байна. Эх дэлхийдээ ээлтэй төмөр хүлгийг “Тесла”-гаас авсан хүмүүст хүссэн газраа төвөггүй хүрэх боломж нээгдэж байгаа гэсэн үг. “Тесла”-гийн Fre­mont дахь үйлдвэр баригдаж дууссан тохиолдолд жилдээ 500 мянган машин үйлдвэрлэх юм байна.

Энэ жил 50 мянган ширхэг машин үйлдвэрлэсэн “Тесла” 2020 он гэхэд жилдээ дор хаяж 500 мянган машин үйлдвэрлэхээ мэдэгджээ. Хэлснээ хэрэгжүүлдэг Элон Маскийн хувьд энэ хүсэл нь биелнэ гэдэгт дэлхий нийтээрээ эргэлзэхгүй байгаа. Тесла компани “Модел 3”-ыг танилцуулах арга хэмжээ болохоос цагийн өмнө онлайн захиалгыг цахим хуудсаараа авч эхэлсэн юм. 24 цагийн дотор 115 мянган хүн мянган доллар төлж урьдчилсан захиалга өгсөн гээд бодохоор цахилгаан машин хүн төрөлхтнийг хуйлруулах нь тодорхой байна. Хараагүй байж захиалга өгнө гэдэг Теслагийн зиндаа, нэр хүнд, хийгээд бүтээчихсэн зүйлтэй том компани гэдгийнх нь тод илэрхийлэл. Байгальд ээлтэй, үзүүлэлт нь шагшмаар ч даруухан үнэтэй цахилгаан машинууд дараа жилийн сүүлээр захиалагчдадаа хүрнэ. “Тесла”-д ойрын хоёр жилийн дотор Хятадад үйлдвэрээ барьж тухайн орны хэрэглэгчдэд илүү хямд үнээр борлуулах төлөвлөгөө бий. Мэдээж ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж эхэлсэн Хятадын засгийн бодлогод “Тесла”-гийн төлөвлөгөө яг тохирно. Бас жилд 20 сая машин худалдаалагддаг аварга зах зээл тэнд байна. Тэгэхээр цахилгаан машинаа дэлхийн хэрэглээ болгох Элон Маскийн хувьд Хятад сонгохоос аргагүй улс.

Элон Маск нэг сонинд “Цахилгаан тээврийн хэрэгслийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд бүтэн жилийн турш Канадыг оролцуулаад хойд Америк даяар өргөжүүлэх төлөвлөгөө гарган, баруун, зүүн эрэгт байгаа станцуудыг гурав дахин нэмнэ” хэмээн ярьсан нь бий. “Тесла”-гийн сюрприз ингээд зогсохгүй. Элон Маск хоёр сарын өмнө цахим хуудсандаа удахгүй ахуйн хэрэгцээнд зориулсан эрчим хүч үүсгэх төхөөрөмж буюу айлуудыг цахилгаанаар хангаж чадах зай хураагуурыг танилцуулна. Теслагийн зай хураагуурыг зөвхөн машинд биш олон төрлөөр ашиглаж эхэлбэл нар, салхины эрчим хүч үүсгэх эх үүсвэртэй адил сэргээгдэх эрчим хүч болох юм.

“Тесла моторс”-оор зогсохгүй “Соларсити” ч дэлхийн дулаарлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг том компани. Үүсгэн байгуулагчийн нэг нь дэлхийн дулааралтай тэмцдэг Элон Маск. Үеэлтэйгээ хамтарч байгуулсан “Соларсити” нь Америкийн нарны эрчим хүчний хамгийн том нийлүүлэгч. Элон 2012 онд цахилгаан шугам сүлжээн дээрх нарны эрчим хүчийг тогтвортой хангахын тулд цахилгаан тээврийн хэрэгслийн зай ашиглахаа мэдэгдэж 2013 онд хөтөлбөрөө эхлүүлсэн байдаг. Хоёр жилийн өмнө тэр Америк дахь нарны эрчим хүчний хамгийн том үйлдвэрээс гурав дахин том байгууламжийг Нью-Йорк, Буфаллад байгуулахаа мэдэгдэж дэлхийн хамгийн том нарны эрчим хүч гаргах байгууламжийг босгосон түүхтэй. Дахиад ч нэлээд хэдийг барина гэж Элон Маск амласан. Товчхондоо манайд хайгуулын хэд хэдэн төсөл нь эхэлсэн литиг ийм гэгээлэг ирээдүй хүлээж байна.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН

Б.МАРАЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *