Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэж байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 69 жилийн тэртээ 1945 оны 10 дугаар сарын 16–нд анхны хурлаа хийж үүсэн байгуулагдсан түүхэн өдрийг 1981 оноос “Дэлхийн хүнсний өдөр” болгон дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш өдгөө 33 жилийн нүүрийг үзэж байна.

Жил бүр энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулах зорилго агуулан тэмдэглэн өнгөрүүлдэг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2014 оныг “Өрхийн аж ахуйн олон улсын жил” хэмээн зарлан тунхагласантай холбогдуулан энэ оны дэлхийн хүнсний өдрийг “Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ” гэсэн уриан дорд элхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх юм. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голчлон өрхийн аж ахуйдад түшиглэн явагддаг. Дэлхий дахинд одоогоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 570 сая аж ахуй байгаагийн 500 сая нь өрхийн аж ахуйн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд хойд болон төв Америк тивийн хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 83 хувийг, Европ тивийн 68 хувийг, Ази тивийн 85 хувийг, Африк тивийн 62 хувийг, Өмнөд Америкийн 18 хувийг тус тус эзлэх талбайд үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна. 2013 оны статистикийн мэдээгээр Монгол улсад 145.3 мянган малчин өрх нийт мал сүргийн 87.2 хувьтай тэнцэх мал сүргийг уламжлалт өрхийн аж ахуйн хэлбэрээр адгуулан маллаж, мал аж ахуйн гаралтай хүнс үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байна. Газар тариалангийн салбарт 34.5 мянган өрхийн тариалан эрхлэгчид 191.6 мян.тон төмс, 101.8 мян.тон хүнсний ногоо хураан авч хүн амыг газар тариалангийн бүтээгдэхүүн ялангуяа төмс, хүнсний ногоогоор хангахад үнэлж байршгүй хувь нэмэр оруулж байгаа юм. Манай улсад “Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ” гэсэн уриан дор тэмдэглэх 2014 оны дэлхийн хүнсний өдрийг НҮБ-ын ХХААБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, ҮХААЯ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 10 дугаар сарын 15-ны өдөр ҮХААЯ-нд хэвлэлийн бага хурал, 10 дугаар сарын 16-ны өдөр ҮХААЯ болон МХААХҮХ-ны хурлын танхимд “Өрхийн аж ахуйг дэмжих талаар баримталж буй төрийн бодлого” семинар, “Өрхийн бүтээгдэхүүн” үзэсгэлэн, “Өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээр оюутны эрдэм шинжилгээний бага хурал, дайвар бүтээгдэхүүний үзэсгэлэн зэргийг зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *