“Stratolaunch Systems” компани дэлхийн хамгийн том нисэх онгоцны нислэгийн зуны туршилтыг АНУ-ын баруун нутагт бямба гарагт явуулсан байна. Үүнийг нотлох дүрс бичлэг болон зургийг гэрэл зургийн сэтгүүлчид болох Мэтт Хартман, Жек Бейер нар нийтэлжээ.
“”Stratolaunch” нисэх онгоц анхны нислэгээ амжилттай үйлдэж чадлаа” гэж Хартман “Twitter” хуудсандаа жиргэжээ. Түүний бичсэнээр, уг онгоц Калифорни муж улсын Мохава цөлийн дээгүүр ниссэн байна.
Дэлхийн хамгийн том нисэх онгоцыг эзэмшигч “Stratolaunch Systems” компани туршилтын нислэгийг үзүүлээгүй аж. Нислэгийн хурд, өндөр зэрэг нислэгийн талаарх мэдээлэл тус компанийн “Twitter” дэх цахим хуудсанд одоогоор гараагүй байна.
“Stratolaunch” нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метртэй хоёр их биеэс бүрддэг бөгөөд “Pratt&Whitney” компанийн зургаан хөдөлгүүр суурилуулжээ. “Pratt&Whitney” нь цэргийн болон иргэний зориулалттай нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Америкийн компани юм.
“Stratolaunch Systems” компанийг “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг болох АНУ-ын тэрбумтан Пол Аллен 2011 онд байгуулжээ. Аллен өнгөрсөн онд 65 насандаа хорт хавдраар нас барсан билээ.
“Stratolaunch” нисэх онгоцыг “Pegasus XL” зөөгч пуужинг гарааны талбайд хүргэх зориулалтаар бүтээсэн байна. Уг зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулдаг. Эхний ээлжинд “Stratolaunch” нисэх онгоц нэг пуужин тээх бол цаашдаа их биеийн доод хэсэгтээ гурав хүртэл пуужин тээвэрлэх аж.