Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан соёмбот төрийнхөө далбааг мандуулсан алдарт тамирчид, дасгалжуулагчдыг өчигдөр БСШУСЯ-ны удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийт тамирчин, дасгалжуулагчдад талархлын өргөмжлөл болоод Монголын түүхийн номыг дурсгал болгон гардуулан өгөв. Энэ үеэр “Будапешт-2017” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ жилийн ДАШТ-нд манай улсын баг, тамирчид ганзага дүүрэн буцаж ирлээ шүү дээ?
-Энэ жилийн дэлхийн аваргад оролцсон манай улсын жүдо, чөлөөт, боксын тамирчид үнэхээр амжилттай оролцлоо. Тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан нь харагдаж байсан. Дэлхийн аваргаас медаль хүртсэн баг, тамирчид, дасгалжуулагчдыг өнөөдөр (өчигдөр) Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд хүлээн авч уулзлаа. Тамирчдын хамтын амжилтыг төр засаг маань өндрөөр үнэлж, үргэлж тусалж дэмждэгт талархаж байна.
-Таны хувьд өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах болоод бүсийн томоохон тэмцээн уралдаанд оролцож, чамгүй амжилт гаргаж байсан…
-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, медаль хүртэж байсан. 2014 онд Солонгост болсон жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Манай улсын иргэд хамгийн их байдаг Солонгосын татамид барилдахад сэтгэл зүйн хувьд илүү байсан. Ер нь тамирчин хүнд хөгжөөн дэмжигчдийн уухай хамгийн их хүч оруулдаг гэж боддог.
-Жүдо бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Хүүхэд байхын л үеийнхэнтэйгээ ноцолдож, хувцас хунараа урж явлаа. Би чинь хотын унаган хүүхэд шүү дээ. Багаасаа л бөхийн спортод хорхойсож, сонирхож эхэлсэн л дээ. Сурагч байхдаа ч анги дотроо хөвгүүдтэйгээ ноцолдож, бооцоотой хоорондоо барилддаг байв. Ингэж явсаар 2003 оноос жүдо бөхөөр түлхүү суралцаж, хичээллэж эхэлсэн юм. Улмаар “Женко” клубт анх очиж Энхбаяр, Цэвэлмаа багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн дээ. Энэ дашрамд багш нартаа Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ гэдгээ хэлмээр байна.
-Мэдээж хэрэг монгол эр хүн бүр багаасаа барилдаж, ноцолдож өсдөг байх. Мөн бөхийн олон төрөл бий. Яагаад заавал жүдо бөхийг сонгон хичээллэж эхэлсэн юм бэ?
-Бөхийн спорт гэдэг өөрөө хүний бие болоод сэтгэлийг төлөвшүүлж, асар их тэвчээр хатуужлыг суулгаж өгдөг болов уу гэж боддог. Би анх чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Жүдо, чөлөөт, үндэс гээд бөхийн спорт л юм чинь ялгаа юу байхав гэж бодоод жүдо бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Татами дээр цагаан, цэнхэр өмсгөлтэй бөхчүүд сүр сар хийтэл нэгнийгээ үүрч байхыг хараад л жүдо бөхөөр хичээллэх хүсэл төрсөн дөө. Жүдо бөхийн барилдаан, уран мэх хийж учраа бөхөө цэвэр ялах гээд энэ спортод дурлах шалтгаан их ээ. Манай багш нар “Чи жүдогоор явбал их ирээдүйтэй бөх болно” гэж хэлж билээ. Багш нарынхаа зөвлөснөөр энэ спортоор хичээллэж эхэлсэн гэж хэлж болно. Миний хувийн сонирхол ч байсан. Хүн сонирхсон зүйлдээ илүү их амжилт гаргадаг шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Хүн сонгосон мэргэжил, спортдоо сонирхолтой, сэтгэл зүрхтэй байж гэмээнэ амжилтын үзүүрээс атгана. Нөгөө талаараа амжилтын оргилд хүрэх зам тийм ч дардан биш шүү дээ. Тэр ч утгаараа шантрах, урам хугарах тохиолдол цөөнгүй байсан болов уу. Тэр үед та юунаас зориг, сэтгэлийн хүчийг авч татами дээр итгэл дүүрэн гардаг вэ?
-Хүний амьдралд алдаа, оноо, сэтгэлийн тэвчээр шалгасан тохиолдол их л дээ. Спорт тэр дундаа бөхийн спорт гэдэг бэлтгэл сургуулилтаасаа эхлээд л шантрах зүйл их шүү. Хатуу, ширүүн бэлтгэлийн үеэр шантарч буцах хүмүүс ч байна. Би үүнийг тэвчээд, амжилт гаргахын төлөө, эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, ачит багш нарынхаа итгэлийг алдахгүйн төлөө шүд зуугаад ард нь гарах болно гэсэн сэтгэлийн асар их тэвчээртэй бөхчүүд ч бий. Тамирчин хүний амжилтын ард бүхэл бүтэн улсын нэр хүнд гэж бий. Анх жүдо бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байх даа ер нь бөх болох хэрэг ч байна уу даа гэж бодох үе байсан. Гэхдээ өөрийн хүсэл, зорилго, тэмүүллээ хүн хэзээ ч орхиж болохгүй юм шиг санагддаг. Надад урам зориг, сэтгэлийн дэм өгдөг хүмүүс их ээ. Багш нар, гэр бүл, найзууд гээд бүгд л надад итгэж, миний захыг мушгиж суудаг. Энэ их итгэл надад юунаас ч илүү урам зориг өгдөг.
-Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо. Таны дараагийн зорилго юу вэ?
-Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр ах “Тамирчин хүнд амжилтын шунал байх хэрэгтэй” хэмээн хэлсэн удаатай. Би энэ үгийг үргэлж боддог. Тийм болохоор өдгөө гаргасан амжилтынхаа буухиаг таслахгүй дараа, дараагийн тэмцээн уралдаанд амжилт гаргахын төлөө хичээх болно. Миний хамгийн том зорилго бол дэлхийн медалиа олимпийн медальтай хослуулах. Үүнийхээ төлөө тууштай бэлтгэл сургуулилт хийж, ард түмэн, ачит багш нарынхаа итгэлийг алдахгүйн тулд хичээх болно.
С.ОЮУНЖАРГАЛ