ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн ОУХМ Г.Болдбаатарт түүний төрсөн нутаг Булган аймгийн Хангал сумын удирдлага, нутгийн зон олон хүндэтгэл үзүүлжээ.
Булган аймгийн Хангал сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Аварга” мялаалга наадамд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат болон аймгийн удирдлагууд, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны удирдлагууд, Хангал сумын нутгийн зөвлөл, Монголын жүдо бөхийн холбоо, залуучуудын байгууллагуудын төлөөлөл оролцжээ.
Дэлхийн аваргын мялаалга наадамд олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй алдартнууд шинэ аваргыг хүндэтгэн очжээ.
Спортын ууган мастер Б. Түвдэндорж аваргынхаа хөшөөнд цэцэг өргөж эхэлсэн тус мялаалга наадамд 64 бөх барилдаж, их нас, даага уралдаж хурсан олныг цэнгүүлсэн байна.
Г.Болдбаатар нь Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин бөгөөд түүний амжилтын нэгээхэн хэсэг болсон “Хангарьд”-ынхан шинэ дэлхийн аваргадаа 3 өрөө орон сууц, 25 сая төгрөг бэлэглэсэн бол Булган аймаг таван сая төгрөг, Хангал сум гурван сая төгрөг, амралт сувиллын зориулалтаар 1 га газар, Хангал сумын нутгийн зөвлөл 10 сая төгрөгөөр дэлхийн аваргын алтан медалийг мялааж аав, ээж, багшид нь хүндэтгэл үзүүлжээ.