Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын багш Ш.Чинсанаа: Шавь минь аваргыг ялж аварга боллоо DNN.mn


Узбекистан улсын Ташкент хотод жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар Дэлхийн аварга Соочи Хашимотог ялж алтан медалийн болзол биелүүлээд байгаа юм. Мөн олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль зүүгээд байна. Тэдний багш “One team” спорт клубийн дасгалжуулагч, спортын мастер Ш.Чинсанаатай ярилцлаа.


-Бэлтгэсэн шавь тань дэлхийн аварга боллоо. Ц.Цогтбаатар тан дээр ямар хүүхэд ирж байв?

-Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Л.Алтанзул бидний хамтарч бэлтгэсэн шавь минь дэлхийн аварга боллоо. Анх 2007 онд Шийрэв багш Бөхийн өргөөний сандал дээр уйлаад сууж байсан жаахан хүүг Спортын төв ордон руу дагуулж жүдо бөхийн бэлтгэлд оруулсан нь өнөөдрийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар. Өсвөр бөхийн барилдааны бүртгэлээс хоцорчихоод уйлж суусан нь тэр юм билээ. Бэлтгэлд ирэхэд нь 11-хэн настай хүүгээс жүдо бөхөд чин сэтгэлээсээ дуртайг нь анзаарч байлаа. Өглөөний бэлтгэл 09:00 цагт эхэлнэ. Цогоо хаа холын Толгойтоос бэлтгэлдээ ирдэг ч огт хоцрохгүй. Шалтгаан хэлж чөлөө авч байсан удаагүй. Нэлээн сахилгагүй, хөдөлгөөнтэй ч бэлтгэлийг сэтгэлээсээ хийдэг хүүхэд байлаа. Миний хувьд Цогоогийн энэ чанарыг их үнэлдэг байсан юм. 2007 оноос хойш жүдо бөхөөр хичээллэсэн гэж тооцохоор 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд дэлхийн аварга болж байна.

-Дэлхийн аварга Ц.Цогтбаатар бөх барилдах авьяастай хүүхэд байсан уу?

-Жаахан байхад нь авьяасыг нь анзаарч байсангүй. “Монгол Улс олимпийн аваргатай болчихлоо. Хоёр дахь аварга нь би болно” гээд л том ярьдаг жаахан хүү байсан юм. Тэмцээнд орж ялагдсан ч нэг их харамсаад байхгүй. Тамирчин хүний том давуу тал нь энэ. Ялагдлаа мартаж байж л дараагийн ялалт ирдэг. Цогоогийн тухайд гол онцлог нь энэ юм даа.


-Энэ жил шавийгаа Дэлхийн аварга болно гэж төсөөлж байв уу?

-Цогтбаатар одоо үндэсний шигшээ багт бэлтгэл хийдэг. Дэлхийн аваргын өмнө шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаяртай уулзахад бэлтгэлийн үеэрх дайралтад ороход өндөр үзүүлэлт гаргасныг нь хэлж байлаа. Зургаан минутын дайралтад ороход л 60 орчим мэх хийсний 33 нь амжилттай болсон байна лээ. Ийм үзүүлэлттэй тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө л өрсөлддөг. Энэ утгаараа медаль авах болов уу гэж харж байсан. Харин Соичи Хашимотой аваргын төлөө барилдахаар гарч ирэхэд нь огт эргэлзээгүй.

-Дэлхийн аварга Соичи Хашимотог Ц.Цогтбаатар ялна гэдэгт нь итгэлтэй байсан хэрэг үү?

-Тийм. Тэмцээний үеэр Хашимотогийн барилдааныг анзаарахад мэхээ дутуу хийгээд өөртөө итгэлгүй байсан. Хоёрдугаар тойрогт барилдах үеэрээ толгойгоо хагалсандаа эмзэглээд ч юм уу, барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй байсан. Харин нөгөө талд Ц.Цогтбаатар тайван, өөртөө итгэлтэй барилдаан үзүүлж шигшээд шалгарсан. Яг л тооцоолж байснаар Хашимото дутуу мэх хийхэд нь Цогоо голлож дайраад ялалтын үнэлгээ авсан. Шавь минь аваргыг ялж аварга боллоо. Хүүхэд байхдаа л давтдаг байсан солгой этэх мэхээрээ Хашимотог унагахад нь их баярласан. Хэдэн мянган удаа давтсан. Уйгагүй давтсан мэх нь л тулсан газар аминд нь орлоо гэж харлаа. Ер нь Ц.Шийрэв багшийн шавь бөхчүүд этэх мэхийг гаргууд эзэмшсэн байдаг. Тод жишээ нь улсын заан Б.Серик байна. Этэх мэхээр өндөр амжилт үзүүлсэн бөх бол Серик заан шүү дээ.

-Ц.Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гавьяатуудыг үлдээгээд явсан ч ялагдаж байлаа. Тухайн үед мөн ч их хэл аманд орсон шүү дээ.

-Тийм, амтай бүхэн л шүүмжилж байлаа. Тухайн үед жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга илүү холыг харж ийм шийдвэр гаргасан юм болов уу гэж ойлгодог. Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд оролцсон тулдаа л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүлээ гэж ойлгож байгаа. Риогийн олимпийн дараа шүүмжлэлд мөн ч их өртсөн. Жүдо барилдана гэсэн чин сэтгэлтэйдээ л тэр олон хүний хэл амыг давж гарсан байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд Цогоо маань том хагацал амссан. Гэсэн ч хатуужилтай байж Дэлхийн аварга болж, олимпийн наадмаас хүрэл медаль зүүлээ. Хүнд үед нь эхнэр нь түшиж сэтгэл санаагаар дэмжээд өгөхөд л манай хүн дорхноо сэргээд ирдэг. Бага байхдаа л холыг харсан хүний сэтгэл зүй өөр. Ямар ч саад бэрхшээлийг даваад л гарна.

-Ц.Цогтбаатарын суурийг багш нар нь зөв тавьж өгч дээ…

-Тухайн үед Л.Алтанзул багш Японд сургууль төгсөөд дөнгөж ирчихсэн. Би БНСУ-д сургууль төгсөж ирээд удаагүй байлаа. Л.Алтанзул багш хүүхдүүдэд япон техник сургана, би Солонгос техник, гол төлөв үүрээ мэхийг хүүхдүүдэд заадаг. Харин Ц.Шийрэв багш монгол бөхөөр барилдаж байсан хүний хувьд хүүхдүүдийн хөл мэхний техникт анхаарна. Ингээд харахад дугуйлангийн хүүхдүүддээ орон орны жүдо школын захаас л сургадаг байж. Миний бие Ц.Цогтбаатарын үүрэх мэхэн дээр их ажилласан. Цогтбаатар ч олон шилдэг тамирчдыг үүрч унагасан.

-Сая хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн Ц.Цогтбаатар нар хамт бэлтгэл хийдэг байв уу?

-Тийм, Л.Энхрийлэн маань 17 настайдаа Улаанбаатарын Гран при тэмцээнд түрүүлж байлаа. Дараа жил нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн. Их хүчтэй гарч ирсэн ч хүнд бэртэл авч амжилт нь буурсан. Гэсэн ч бэртлээ бүрэн илааршуулж формдоо орсон нь сая харагдлаа. Украины Дариа Билодид, Канадын Кристиа Дегучи гээд дэлхийн аваргуудыг ялж хүрэл медаль хүртлээ. Ирэх олимпийн наадмаар манайхны урдаа барих бөхчүүдийн нэг нь Л.Энхрийлэн байх болно. Барилдаануудыг нь анхааралтай ажиглахад алдаа огт гаргахгүй байна лээ.

-Олимп гэснээс нэг мэдэхэд л Парисын олимп хаяанд ирнэ. Ц.Цогтбаатараас ямар амжилт хүлээж байна вэ?

-Хамгийн гол нь бэртэл гэмтлээс хол байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ аварга болох бүрэн нөөцтэйгөө сая харууллаа. Жаахан хүү байхдаа л “Монголчууд олимпийн аваргатай боллоо. Хоёр дахь алтан медалийг нь би авна” гэж шууд хэлдэг байлаа. Олимпийн аварга болохыг үгүйсгэх арга байхгүй. Ямартаа ч олон тэмцээнд биднийг баярлуулах болно.

-Бид шинэ дэлхийн аваргатай боллоо. Олон хүүхэд жүдо спортод хөл тавьж байгаа болов уу. Энэхүү спорт амьдралд хэрэгтэй ямар чанарыг хүүхдэд суулгадаг юм бэ?

-Би сүүлийн 10 гаруй жил өсвөрийн хүүхдүүдтэй тулж ажиллаж байна. Өсвөр насны хүүхдийг ямар нэг спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Эрүүл мэнд талаасаа ч тэр, төлөвшил талаасаа ч чухал ач холбогдолтой. Эрүүл, чийрэг бие бялдартай болоход төгс сонголт бол жүдо урлаг. Мөн хүүхдэд ёс суртахуун, тэвчээр суулгана. Энэ чанарууд амьдрал дээр гарахад нь маш чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *