Дэлхийн аварга Сумъяа аав, дүү нарынхаа хамт
Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга болов. Тэрбээр дэлхийн аваргын татамид жиндээ А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Өмнөд Солонгосын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас хоёр минут 38 секунд дутуу байхад цэвэр ялсан юм. Гавьяат тамирчин Д.Сумъяа ийнхүү Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн мөн дөрөв дэх жүдоч болж байна.
Энэхүү түүхэн үйл явдлын талаар шинэхэн аваргын аав Манкагийн Доржсүрэнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Танд баяр хүргэе ээ. Таны охин ард түмнээ дахин нэг баярлуулж, дэлхийн аварга боллоо. Охиноо дэлхийн аварга болно гэдэгт нь итгэлтэй байсан уу?
-Баярлалаа. Дэлхийн аварга болно гэдэгт нь бүрэн итгэлтэй байлгүй яахав. Ганц би ч биш монголын ард түмэн бүгд л охиныг минь аварга болно гэдэгт итгэж байсан байх аа. Барилдаан бүрт нь биднээс дутуугүй дэмжиж, захыг нь мушгиж суусан ард түмэндээ баярлалаа. Өнгөрсөн жил олимпоос медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан охиноороо бахархаж, баярлаж байлаа. Тэр үед мэдэрч байсан баярын сэтгэгдэл хуучраагүй байтал дахин биднийгээ ийн баярлууллаа. Охиноороо бахархаж байна. Мөн охиныг минь өдий зэрэгт хүргэсэн багш дасгалжуулагч, Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн хамт олонд нь, тусалж дэмждэг компани, байгууллагуудад нь чин сэтгэлээсээ талархаж байна. Спортын амжилт гэдэг дан ганц тамирчин хүний амжилт биш. Миний охины ард олон сайхан хүмүүс бий. Тэр бүх хүмүүст баярлаж байгаагаа уламжилъя.
Дэлхийн аваргын татами дээр зогсон төрийн дууллаа сонсож байна.
-Аваргын алтан медалийн төлөө Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдсан. Хоёр тамирчны барилдаан нэмэлт цагт шилжиж, нийт 12 минут 56 секунд, бараг 13 минут үргэлжилж, тэсвэр, тэвчээр, ухаан, хүч, бүх боломжоо шавхсан хэцүү барилдаанаас Д.Сумъяа ялалт авч чадлаа. Охиныхоо энэхүү барилдааныг нь хэрхэн хүлээн авч үзэв дээ?
-Ёстой хүч шавхсан барилдаан болсон. Би л лав өмнө нь ийм барилдаан үзэж байгаагүй юм билээ. Монгол хүний тэсвэр тэвчээр, спорт гэж юу байдгийг тод харуулсан барилдаан болсон доо. Тэр Япон бөх ч гэсэн охиноос минь дутахааргүй их мундаг барилдсан. Аргагүй л дэлхийн бөх гэдгээ харуулж байна лээ. Гэхдээ миний охин илүү байсан. Яг аваргын төлөөх барилдааныг нь үзэх гэтэл шууд дамжуулж байгаа телевиз нь кабелийн сувгаар гардаг юм билээ. Барилдаан юу юугүй эхлэх дөхчихсөн. Бушуухан Хороололд байх ахынх руугаа явсан даа. Биднийг очихтой зэрэгцээд барилдаан эхэлсэн. Тэнд манайхан бөөнөөрөө үзсэн дээ. Бүхэл бүтэн 13 минут барилдана гэдэг хүнд. Охин минь их л зүтгэсэн, хоёр нүднээс нь аварга болох хүсэл нь илт харагдаж байсан шүү. Үндсэн цаг дуусч нэмэлт цаг явж эхлэхэд “за алдаа гаргах вий дээ, уг нь илүү барилдаж байна даа” гэж сэтгэл түгшин харж суусан даа.
-Энэ их хүч, хөлс, хөдөлмөр, итгэл найдварын эцэст хүссэн зорилгодоо хүрнэ гэдэг юутай сайхан. Медаль гардуулах мөчид Сумъяа маань баярын нулимс унагаж байсан. Тэр үед охиныгоо хараад уйлав уу, та?
-Би ч уг нь уйлаад байдаггүй хүн л дээ. Гэхдээ охиныхоо олон жил хөдөлмөрлөж, спортод үнэн сэтгэлээсээ зүтгэн, ард олныхоо итгэлийг алдалгүй дэлхийн аварга болж чадсаныг нь бодоод дотроос нэг юм шууд л оргилсон шүү. Уртаас урт 13 минутын дараа ирсэн дэлхийн аваргын алтан медаль шүү дээ. Тэгээд охиныхоо нулимсаа арчихыг нь хараад өөрийн эрхгүй дагаад л уйлсан. Миний охин олимпоос мөнгөн медальтай эх орондоо ирчихээд “Аав аа, би дэлхийн аваргын татами дээр аварга болох торгон агшныг мэдэрмээр байна” гэж хэлж байсан шүү. Аав, ээжийнхээ ачийг миний охин хариулж чадлаа. Ард олныхоо итгэлийг миний охин алдсангүй. Эх орныхоо нэрийг миний охин нэр төртэй дуурсгаж чадлаа, бахархаж байна.
-Таны охин Их спортоор хичээллээд хичнээн жил болж байна вэ. Анх энэхүү спортоор хичээллэж эхлэхэд нь та хэрхэн хүлээн авч байв?
-Миний охин чинь анх зургадугаар ангид байхдаа л “Би бөх болно” гэдэг байсан л даа. Их багаасаа бөхийн спортод сонирхолтой, дуртай хүүхэд байсан юм. Доороо дөрвөн эрэгтэй дүүтэй, айлын том охин шүү дээ. Багын л дүү нартайгаа ноцолдож, тоглож байгаад бөх болох сонирхолтой болсон юм болов уу л гэж боддог. Би ч өөрөө бөхөд хайртай болохоор охиныгоо бөх болохыг нь хориогүй ээ. Тэр цагаас хойш өдгөө 13 жил энэхүү спортоор хичээллэж, зүтгэж, амжилт гарган явж байна даа. Олон сайхан уран бүтээлчид, охины минь талаар кино хүртэл хийлээ. Тийм болохоор түмэн олон охиныг маань биднээс дутахааргүй мэддэг болсон байна (инээв).
Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаан
-Дэлхийн хос медальтан, гавьяат тамирчин Сумъяа хэзээ эх орондоо ирэх бол. Дэлхийн аварга болсноос нь хойш охинтойгоо холбоо барив уу?
-Дэлхийн аварга болсноос нь хойш холбоо бариагүй байж байгаад өчигдөр л интенетээр холбогдлоо. Энэ сарын 4-нд багийн барилдаан нь болох юм байна. Түүндээ оролцчихоод 7-нд наашаа ирнэ гэж байна лээ.
-Та бүхэн охиноо хэрхэн угтан авах бодолтой байна. Ирснийх нь дараа нутаг руугаа явах уу?
-Нутаг руугаа явах үгүйг ирэхээр нь ярьж байгаад болох байх аа. Охин маань эх орондоо ирээд хэсэг хугацаанд амрах байлгүй. Одоогоор хэрхэн угтаж авах талаар ярьж хийсэн юм алга л байна. Гэхдээ ээж, аав хоёр нь охиныгоо тэврээд, үнсэхийг хүсч байна. Охиндоо хайртай шүү. Өнгөрсөн олимпоос медаль хүртчихээд эх орондоо ирэхэд нь ард түмэн нь үнэхээр сайхан угтаж авсан. Бид хоёр хүртэл төдийлөн тухтай уулзаж, үнсэж чадаагүй шүү дээ (инээв). Юутай ч охиноо тосчихоод нутаг буцаж, тариа ногоогоо хурааж авна гэсэн бодолтой байна даа, ах нь.