Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд дээгүүр харагддаг Чингис хаан

(Түүхэн хөрөг тэмдэглэл)

Нэг. Бодлын замаар

… Хөх тэнгэрийн доор хөрст дэлхийн хүн ардын дундаас тодорч гарсан алдартан хэн хэн билээ гэж молхи бичээч би өөрөөсөө асуулаа. Түүх судлаач, эрдэмтэн, зохиолч биш ээ. Үзэг мохсож, цаасан дээр мөрөө гаргаж яваа нэгэн. Миний бодоход дал, наяад насны дөрөөн дээр хөлөө өргөж яваа өвгөд, хөгшид Ленин багш гээд дуулж явснаас биш Чингисийнхээ төрж өссөн Хан-Хэнтий Дадал сумын Дэлүүн Болдогийн хаяа тэрлэж Баян-Дадал суманд төрсөн миний өчүүхэн бор толгойд Тэмүүжин гэдэг нэр орж байсан ч гарах хаалгаа олохгүй “Цоожтой” цонхны цаана түгжээтэй байжээ. Миний А үсэг заалгасан цагаас ЗХУ-ыг үндэслэн байгуулагч Владимир Ильич Ленинийг манайхан төдийгүй бараг дэлхий даяар ярьж магтдаг байж. Хувь заяа, хөдөлмөр бүтээлээр улс төрд тодрон гарсан Карл Маркс, Фрийдрих Энгельс, Ленин гээд заадаг, бичүүлдэг ч байлаа.

Тэр үед бид 1162 онд тунгалаг уст Онон их мөрнийхөө Дэлүүн Болдогт төрж Дундад зууны үеийн монголчуудынхаа сэргэн мандалтын үндэс суурийг тавьж, монгол туургатныг, нэгэн өрх гэр дээврийн доор нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулж хаанд өргөмжлөгдсөн Чингисээ магтан дуулах байтугай ярьж, бичиж чаддаг байсан бил үү. 1990-ээд оноос Монголд ардчилал мандаж. Дэлхийд дийлдэж дарагдаагүй Чингис хааныг маань Америкийн Вашингтон Пост сонин мянганы хүнээр 1995 онд тодруулснаас хойш дэлхий даяар Монгол! Монгол! Чингисийн Монгол гэх болсон билээ. Биднийг гарах гарцаа олохгүй мунгинаж байхад Францын түүхэн домогт хаан Наполеон Бонапартын амьдрал, тэмцлийн талаар 200000 гаруй ном, нийтлэл, судалгаа шинжилгээний уран бүтээл, зохиолууд гарсан гэж эрдэмтэн судлаачид тоймлон гаргасан байдаг. Наполеон 1804 онд Францын хаан болсон. Европыг нэгтгэж, нэг улс болгох зорилт тавьж, Москваг шатааж 1812 онд 600000 цэрэгтэйгээ Оросыг эзэлж авахаар дайтаж ялагдсаныг түүх мэднэ. Тэгвэл Тэмүүжин 28 настайдаа Хамаг Монгол Улсын хаан болж, мөнх тэнгэр төгс соёрхсон Хамаг Монголоо бүтэн болгов би гэж тангараг өргөн андгайлсан. Түүнд 1206 онд “Чингис хаан” гэсэн алдар цол олгосон түүх бий. Гэтэл 13 дугаар зууны Чингисийн монголчууд Ази, Европыг булаан эзэлж, галдан шатааж байсан гээд гадаадынхан төдийгүй манай түүхийн “Түүхий” сэтэртнүүд, Чингисээ муулж байсныг мэдэх мэргэд манайханд бас байгаа. “Өстөн өрвөлзөөгүй бол өөрөө дайрахгүй” гэсэн тангараг Тэмүүжинд байсан. Тийм ээ! түүхийн цаг хугацаа хатуухан хуультай.

Түүх түүхийрдэггүй нь үнэн. Чингис хааны нүүдэлчин монголчуудын тэнгэр үзэл, Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан тэр цаг үеэс эхэлсэн гэдэг. Тэнгэр бол өргөн уудам, хязгааргүй, бүх газар нутгийг бүрхдэг. Тиймээс ч Монголын хаад тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэх гэсэн тэнгэр үзэл гадаад бодлого явуулж байжээ гэж эрдэмтэд үздэг байна. Түүгээр ч зогсохгүй одоогийн даяарчлал бол тэнгэрчлэх үзлийн эх үүсвэр гэж хэлсэн эрдэмтний үгийг сонсож явлаа. Даяарчлалыг дэлхийчлэл гэнэ.

Чингис хаан даяар Монголынхоо төлөө “Алд бие минь алжаавал алжаатугай ахуй төр минь бүү алдартугай” гэж андгайлж явсан Хамаг Монголын хаан байжээ. “Дэлхийн түүх-хөх чонын орон” гэдэг номын VII ботид Чингис хаантай эн зэрэгцэх баатар дэлхийд огт гараагүй гэж бичжээ. Английн эрдэмтэн У.Саудерс “Монгол орон-Чингис хааны орон гэдэг үхэшгүй мөнх алдрыг авсан юм” гэжээ. Нууц товчоонд Хан Хэнтий Бурхан Халдуны нэр 27 удаа гарсан байдаг.

Тэмүүжин Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол Улсын үр сад бид, дэлхийн хөгжилтэй уралдаж, ирээдүйгээ цогцлоон бүтээж урагшилсаар байна. Эзэн Богд Чингис хааныхаа мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол түмний бахархлын өдөр болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай боллоо. Бидний бахархал бол өвөг их дээдсийн маань үлдээж өвлүүлсэн, өвөрмөц сонин, түүх соёл билээ. Өнөөдрийн ололт амжилтаа цэгнэн дүгнэж, маргааш, ирээдүйгээ хол харж шинждэг өдөр бидний бахархал. Төр засгаас 2013 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр эхлэн Бурхан Халдуныг бахархалт хайрхан болгож өргөмжилсөн билээ.

Монгол түүхийн тулгуур бичиг “Нууц товчоо”-нд олонтаа гардаг Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Хан Хэнтийн Бурхан Халдун хайрхан Монгол түмний бахархалт хайрхан мөнөөс мөн.

Хоёр. Бодох цаг

… Өнөөдөр дэлхий нийтээрээ Чингисийн байгуулсан Монголыг харж, сонжиж, 2016 онд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн уулзалтыг сонирхож байна. Дэлхийн 193 улс орны 156 нь ардчилсан тогтолцоотой гэдэг. Ази тивийн ардчиллын анхны алтан хараацай Монгол Улс Ардчилсан замаар 25 жил замналаа. Мэдээж АСЕМ-ийн уулзалтыг сайн зохион байгуулбал Чингисийн Монголын нэр хүнд дэлхийн тавцанд өсөн бэхжиж, олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдэнэ. Энэ бол Монгол Улсын гурван сая иргэн бүрийн бахархал, анхаарах асуудал. Бодох цаг. Иргэн баян бол улс баян гэдэг. Нэр төрийн асуудал.

Чингисийн Монгол гэж дуулж сонссоноос биш нүдээр үзэж хараагүй, холын хүмүүс ирж мэдэх нь. Тэнгэрээс заяат төрсөн, тэр гайхамшигт их хаан Тэмүүжин Чингисийн тань төрсөн газар, тоонот нутаг Дэлүүн Болдогийг үзье гэвэл яах болж байна. Улаанбаатараас 700-гаад км-ын алсад байгаа Хэнтий аймгийн Дадал сум, Дэлүүн Болдогт ойрхон гэж үү. Хан Хэнтийн Бурхан Халдуны салбар их уулс Онон мөрний хойморт байгаа тэр гайхамшигт ариун дагшин газарт машин унаагаар очно гэвэл унтаж өнжөөд, ундуй, сундуй үзээд ирмээр газар нутаг биш ээ. Энэ цагийн удирдлагууд АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах комиссынхон эрх биш анхаарна гэдэгт итгэнэм.

1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн байхдаа “Монголчууд ардчиллаа дэмжиж, Азийн ардчиллын загварыг эхлүүлж, ардчилалд эргэлт буцалтгүй орсныг дэлхий дахинд баталлаа” хэмээн Чингисийн талбайгаас мэдэгдэж байсан нь сонин хэвлэлүүдэд мөнхрөн үлджээ. Энэ бол Тэмүүжин Чингисийнхээ төрсөн өдрөөр тэмдэглэдэг монгол түмний бахархал. Бахархах зүйлээр дүүрэн он жилүүд уралдан одож, угтан тосох сайн сайхан ирээдүй ирж байна.

Гурав. Шинэ он айсуй

Дэлхийн бүх хүнд нас нэмж бэлэг гардуулахаар шинэ он, шинэ жил айсуй.

Холын зорилго, бодлогогүй явбал хормойн доор зовлон хуримтлагдана гэж өвгөд захижээ. 2016 он! Хазаараа даран хурдлах хүлэг морь шиг “дөхөөд” довтлоод ирлээ. Өнгөрүүлснээ эргэн харж дүгнэлт хийх цаг тулаад ирлээ. Архивт орох 2015 оны ажил амжилт бүтээлээр маруухан байсан болохоор шуугиан, дуулиан, ихтэй болжээ. Үүнд бүх монголчууд дүгнэлт хийж 2016 оноо баяр баясгалангаар дүүрэн угтах цаг ирлээ. Их эзэн Чингисийнхээ нэр барьж “Чингис бонд” гээчийг босгож Шинэчлэлийн Засгийн газар унах нүхээ өөрсдөө ухсанаа ухаарах цаг. Энэ нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчийн жишээ болсон юм. Ногоон доллар хаданд гарч, ноолууртай ямаанд гүйцэгдэхгүйгээр жилийж одсон гээд яриад бичээд байвал үг олдож, үхэр холдох бололтой. Цэг хатгаж жолоогоо татъя.

Хүнийг амьдралд сургадаг агуу их “ачтан” гэж аав, ээжид сургажээ. Ажилтай хүн баян, ажилтай хүнд цаг минут бүхэн үнэтэй. Урган төрж байгаа залуучууддаа залхуурлыг хая гэж уриалъя. Оюутан сурагчдадаа ихийг унш гэж уриалъя! Оюуны залхуурал бол уураг тархийг “тураадаг” ухаан бодлын дайсан гэж мэргэдийн хэлсэн үг байдаг. Карл Маркс “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэж тунхагласныг сана. 2016 он сонгуулийн жил, иргэн бүхний бодох цаг, сонгуулийн дүрэм худлыг өөрчилнө, өөрчлөхгүй гээд мэтгэлцэх юм. Ардчиллын далавчин доор эхлүүлсэн чөлөөт сонголт маань чөдөр, тушаанд хүлэгдчих вий. Анхаарцгаая.

Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг. Маргаашаа танья гэвэл өнөөдрөө сайн шинжихтүн гэж эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв “Дал” сониноороо дамжуулан зөвлөсөөр байна. Маргааш 2016 он гарч шинэ жил ирэх нь гэж бодоцгооё. Өчигдрийг мартаж болохгүй. Яагаад гэвэл тэр маргаашийн багш гэдгийг сайд, дарга, цэрэг, сурагч цөмөөрөө анхаарцгаая.

Дашболхойн Дамбадаржаа

(Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *