УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авахаар боллоо.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх заалтад тусгасан “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, улмаар 10 дугаар сарын 25-наас эхлэн уг заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг байнгын хороо хэлэлцэж, хүлээж авахаар болсон юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр уг дүгнэлтийг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын сонгуулиар олонх болсон нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл Дэгийн тухай хуулийн 37.4-т “Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ“ гэж заасан байна. Ийм заалтыг хэн оруулж ирсэн юм” гэж асуухад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд 2007 онд Дэгийн хуульд өөрчлөлт оруулахад нэмэгдсэн гэж хариулав.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэзээ хийхийг тодруулахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ жил Үндсэн хуулиар амьсгалж байна. Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад 320 мянган санал ирсэн. Тэр саналыг архив болгохын тулд манай ажилчид цаг наргүй ажиллаж байгаа. Үндсэн хуулинд олон асуудал тусгалаа олох ёстой” гэлээ.
Ингээд санал хураалгахад Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг гишүүдийн олонх нь хүлээж авах нь зөв гэж үзсэнээр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 37.4 дэх заалт хүчингүй боллоо. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх заалтыг Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх эрхийг санал оруулах болгож өөрчлөхөөр болов.