Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дээлтэй Монгол наадам” боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 12 дахь жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Дээлтэй Монгол наадам нь нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг юм. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохиогддог. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцлоо. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчид Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлтой танилцлаа.

Хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодрууллаа.

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, Уухай Монгол ТББ, Монголын Сурын холбоо, Гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбоо, Төмөр замын Дуу бүжгийн чуулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос болон Дээд Монголын төлөөлөл оролцлоо.

Гэрэл зургуудыг: Г.БАЗАРРАГЧАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *