Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэлэлцжээ.
Нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна хэмээн Улсын Дээд Шүүхээс мэдээлжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Прокурор тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн авлига авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.
Тиймээс гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж байна” хэмээн тайлбарлав.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй, мөн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй, иймээс хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.