Categories
гадаад мэдээ

Дээд хэмжээний чуулган өндөрлөв DNN.mn

Швейцарьт Энх тайвны дээд хэмжээний уулзалт хоёр хоног үргэлжлэн өндөрлөж, оролцогчид мэдэгдэлд гарын үсэг зурсан даруйд Украин дахь дайн дуусна хэмээн хүлээж байсан хүмүүсийн урмыг хугалав. Харин Орос бүх талаар саад болохыг хичээсэн ч Владимир Зеленскийн санаачилсан энэхүү дээд хэмжээний уулзалтад Украин хангалттай олон улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг цуглуулж чадсан бөгөөд үр дүнг нь Украины төлөөлөгчид өөрсдийн ялалт гэж үзэж байна.

Чуулганы төгсгөлийн мэдэгдэлд Украины шаардсан “Болж буй энэ дайн бол “Украины зөрчилдөөн” биш харин Оросоос Украины эсрэг өдөөсөн түрэмгий дайн мөн;Запорожье АЦС-ыг Украины мэдэлд шилжүүлэх шаардлагатай; Украинаас хууль бусаар зөөсөн бүх хүүхдийг эх орондоо буцаан өгөхийг шаардаж байна” гэсэн заалтууд орсон байна. Одоо эдгээр заалтыг дэлхийн дийлэнх улсууд албан ёсоор дэмжсэн нэгдсэн байр суурьтай болов. Швейцарийн Гадаад хэргийн сайд Игнацио Кассис “Энх тайвны дээд хэмжээний уулзалтаас баталж гарын үсэг зурсан энэхүү нэгдсэн мэдэгдлийг удахгүй Москвад албан ёсоор хүргүүлнэ” гэж мэдэгдэв. Харин Швейцарийн ерөнхийлөгч Виола Амхерд “Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл харгалзан Путин Швейцарьт болох дараагийн Энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцох боломжтой” гэж зарлав.

Өнөөдөр дэлхийн 90 гаруй улс орон дэмжиж байгаа энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурах улсын тоо цаашид эрчимтэй нэмэгдэнэ гэдэгт уг дээд хэмжээний уулзалтад оролцогчид итгэл дүүрэн байна. Учир нь энэхүү дээд хэмжээний уулзалтын өмнөхөн хэлсэн Путины “Энхийн саналууд” нь үндсэндээ Украиныг газар нутгаа надад өг гэсэн тулган шаардалт байсан нь Кремлийн удирдагчийг хэн бэ гэдгийг дэлхий нийтэд батлан харуулсан явдал болсон. Владимир Путин дайныг зогсоох нөхцөлөө зарлаж “Украины цэргийг өөрсдийгөө тунхаглан зарласан ДНР, ЛНР, Запорожье, Херсон мужаас гаргах, Украин НАТО-д элсэхээс татгалзах явдал” гэсэн бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Путин Киевт тулган шаардлага тавьж, хөрш орны газар нутгийг булаан авна гэж мэдэгдэж буй нь нацистуудын удирдагч Адольф Гитлертэй адил байна” гэж мэдэгдсэн билээ. Мөн Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Киев улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар ямар ч буулт хийхгүй гэж мэдэгдсэн. Харин олон улсын нэр хүнд бүхий улс төр судлаачид Путины энэхүү мэдэгдлийг “Энэ бол гадаад улсуудад нэр хүнд нь сэргэхгүйгээр унасан удирдагчийн дотооддоо нэр хүндээ авч үлдэх гэсэн арга ядсан оролдлого” гэж санал нэгтэй дүгнэсэн. Мөн болж буй дайнд Оросын цэрэг давшиж байгаа ч хүч нь сульдаж, барууны улам олон зэвсгээр Украины тал давуу байдалтай болж дайсандаа учруулах хохирол өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Энэ нь Путины нэр хүндийг олон улсад төдийгүй дотоодод нь унагах бас нэг гол шалтгаан болох магадлал маш өндөр болсон гэсэн үг юм. Энэ бүхэн олон улсад ирээдүйд итгэх илүү өөдрөг үзэл төрүүлэх үндсэн шалтгаан болж байна.

Швейцарийн Бюргеншток хотод болсон Энх тайвны дээд хэмжээний уулзалтад 92 улс,олон улсын найман байгууллагын төлөөлөл болсон 57 улсын төр, засгийн тэргүүн зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон юм байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *