-“ДДЭШТВ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧИД ҮНДСЭН 60, НЭМЭЛТ 25+ ТЕЛЕВИЗИЙН СУВАГ ҮЗЭХ, РАДИОГИЙН ТАВАН СУВАГ СОНСОХ БОЛОМЖТОЙ-
“ДДэшТВ” компани зүүн бүсийн хэрэглэгчдэдээ ойртож Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг “Жанжины зах” худалдааны төвд үйлчилгээний салбараа нээлээ. Тус компанийн үйлчилгээний хоёр дахь салбар нь даваагаас бямба гаригт 10.00-19.00 цагийн хооронд ДДэшТВ-ийн хэрэглэгчдэд бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх юм байна.
“ДДэшТВ” компани нь 2008 оноос эхлэн Монголд анх удаа телевизийн олон сувгийг хиймэл дагуулын тоон системээр дамжуулан эх орны маань хаана ч 85-аас дээш телевизийн суваг, радиогийн таван сувгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авах боломжтой. Зөвхөн Монголд төдийгүй Азийн 20 гаруй оронд амьдарч байгаа монголчууддаа “ДДэшТВ” үйлчилгээгээ хүргэж байгаа. Биднийг “Жанжины зах” худалдааны төв дэх “ДДэшТВ”-ийн салбарын нээлтийг сурвалжлах үед Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Б.Бадамцэнд шинэ хэрэглэгч болохоор ирсэн байлаа. Шинэ хэрэглэгч болохын тулд тавган антенна, хүлээн авагч, смарт карт, дуран, коаксиал кабель, алсын удирдлага, 12V холбогч, гарын авлага, нэг сарын үйлчилгээний эрх бүхий багцыг 180 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм байна. Тус үйлчилгээний салбарын хамт олон 30 км-ийн дотор төхөөрөмжийг суурилуулж, антенныг нь тохируулж өгдөг гэнэ. Өөр нэг үйлчлүүлэгч “ДДэшТВ”-ийнхээ төхөөрөмжийг солиулахаар ирсэн байлаа. Тэрбээр телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэн учраас телевизээ солих шаардлагатай эсэхийг лавлаж явсан юм. Үйлчилгээний ажилтан түүнд “Та нэмэлт төхөөрөмж, эсвэл тоон системийн телевиз худалдаж авах шаардлагагүй. Манай төхөөрөмжийг ямар ч телевизорт холбож үзэх боломжтой” гэдэг хариултын өгч байв. Энэ мэтээр “ДДэшТВ” компанийн үйлчилгээний шинэ салбар нээлтээ хийсэн өдөр “Жанжины зах” худалдааны төв хөл хөдөлгөөнтэй байв.
П.ХОСБАЯР: ТООН СИСТЕМД ШИЛЖСЭН Ч ТЕЛЕВИЗОРОО СОЛИХ ШААРДЛАГАГҮЙ
“ДДэшТВ” компанийн зүүн бүсийн үйлчилгээний төвийн нээлтийн үеэр Маркетинг, борлуулалтын албаны захирал П.Хосбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компанийн баруун бүсийн хэрэглэгчид Москва хорооллын өмнөх “Хөрс” худалдааны төв дэх салбараас үйлчилгээ авдаг. Хотын зүүн талд үйлчилгээний төвөө нээснээр хэрэглэгчдэдээ илүү ойртож байна гэсэн үг үү?
-“ДДэшТВ”-ийн шинэ салбар нээгдсэнээр Улаанбаатарын төв болон зүүн хэсгийн үйлчлүүлэгчдэд үйлчилгээгээ ойртууллаа. Зөвхөн нийслэл гэлтгүй зүүн аймгуудын хэрэглэгчдэд борлуулалт, засварын үйлчилгээг үзүүлж байна. Манай компани нийслэлээс гадна 21 аймаг, Азийн 20 гаруй оронд үйлчилгээ үзүүлдэг. Хамрах хүрээ өргөн учраас үйлчлүүлэгчдэдээ ойртох шаардлага байнга гардаг. Тиймээс ч үйлчилгээний салбаруудаа нэмж байгаад баяртай байна.
-Орон нутгийн үзэгчид телевизийн хэдэн суваг үзэх боломжтой юм бэ?
-2008 онд манай компанийн үйлчилгээ эхэлж байхад хэрэглэгчид маань дөрвөн телевизийн сувгийг том антеннаар үздэг байлаа. Харин одоо үндсэн багцаар үйлчлүүлбэл 60 суваг үзэх боломжтой. Үүн дээр нэмэлт багц сонговол спорт, энтертаймент, хүүхдийн, мэдээ мэдээллийн 25 сувгийг нэмэлтээр Монгол орон даяар тоон чанараар хүргэдэг. Нэмэлт багц сонгосон тохиолдолд үйлчилгээний тариф нэмэгдэнэ. Нэмэлтээр хүргэж байгаа 25+ контентууд нь үнэтэй учраас нэмэлт төлбөр төлөхөөс өөр аргагүй. Үүнээс гадна МҮОНРТ-ийн радиогийн нэг, хоёрдугаар суваг, Лавайн эгшиг, Гэр бүлийн радио, Шинэ монгол радио сувгуудыг хүлээн авагч дээрээ сонсох боломжтой болсон. Бид телевизийнхээ сувгуудыг улам олон болгох, хэрэглэгчдэдээ илүү ойртож чанартай үйлчилгээ хүргэхийг зорьдог.
-Манай улс өнгөрсөн долдугаар сарын 31-нээс телевизийн тоон системд шилжсэн. Үүнээс үүдэж иргэд телевизороо солих уу гэж эргэлзэж эхэлсэн. Танай компани үйлчилгээгээ тоон системд хэрхэн шилжүүлсэн бэ?
-Тоон системд шилжиж байгаатай холбогдуулан манай компани 2014 оны хоёрдугаар сард бүх хэрэглэгчдийнхээ төхөөрөмжийг сольсон. Тэр төхөөрөмж нь аналоги болон тоон систеийн бүх телевизорт таардаг. Ингэж технологийн том шинэчлэл хийсний үр дүнд хэрэглэгчид маань телевизор болон хүлээн авагч солихгүйгээр тоон чанараар үйлчилгээ хүлээж авах боломжтой болсон.
-Танай хэрэглэгчид интернэт, олон сонголтод суваг, WiFi зэрэг гурвалсан үйлчилгээг авах боломж бий болов уу?
-Хиймэл дагуулын технологи ийм бололцоог олгож байгаа. Гэхдээ интернэт татах урсгал нь өртөг өндөртэй. Тиймээс үйлчилгээний үнэ өндөр тусдаг. Одоогоор уул уурхайн компаниуд ийм үйлчилгээг авч байгаа.
Ж.ЖАМСРАН: АНТЕННАА ЗӨВ БАЙРЛУУЛБАЛ СУВАГ АЛДАГДАХГҮЙ
Орон нутгийн хэрэглэгчид нүүдэл хийснийхээ дараа телевизороо тохируулж чадахгүй байна гэх асуудал гардаг. Энэ талаар “ДДэшТВ” компанийн Ерөнхий инженер Ж.Жамсрангаас тодрууллаа.
-Орон нутгийн хэрэглэгчид нийслэлийнхэнтэй адил телевизийн үйлчилгээг чанартай хүлээж авч байгаа нь танай компанитай зайлшгүй холбоотой. Телевизийн дуу, дүрсний чанарыг хангахын тулд технологи орчин үеийнх байх шаардлагатай болов уу?
-Манай компани энэ онд дуу, дүрсний өндөр нягтшралтай хамгийн сүүлийн үеийн DVB-S2 технологид бүрэн шилжсэн. Ингэснээр хэрэглэгчдэд очих сувгийн тоо нэмэгдснээс гадна телевизорын дуу дүрсний чанар сайжирсан. Үүнд хэрэглэгчид маань сэтгэл хангалуун байгаа. Үүнээс гадна Жи-Мобайл компанитай хамтран интернэтийн үйлчилгээ, Мэдээлэл харилцаа, холбооны газрын захиалгаар тоон системд шилжих ажлын хүрээнд DVB-S2 дахин дамжуулах системийг хөдөө орон нутагт суурилуулах төслийг хэрэгжүүллээ.
-Шинэ технологи хэрэглэж эхэлснээр гацах, суваг алдагдах эрсдэл байхгүй болсон уу?
-Шинэ технологиор гацах асуудал үгүй болсон. Харин эх үүсвэрээс сигнал ирсэн тохиолдолд алдагдах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Бороо, цас орсон байгалийн үзэгдлийн үед түр зуурын унтралт үүснэ. Энэ талаар манай хэрэглэгчид ойлгосон. Үүнээс гадна антеннын байрлал, хэмжээ зэрэг давхар хүчин зүйлийн нөлөө байгаа. Тиймээс бид хэрэглэгчддээ антеннаа зөв байрлуулах, хөдөлгөөнгүй байлгах зэрэг ойлголтуудыг өгч байгаа. Антеннаа хөдөлгөөнгүй, зөв байрлуулах, нүүдэл хийхдээ төхөөрөмжүүдээ зөв тээвэрлэх зэргээс маш их зүйл шалтгаалдаг шүү дээ.
-Үзэж байгаа нэвтрүүлгээ буцааж, ухрааж үзэх боломжтой болов уу?
-Флаш диск ашиглан бичлэг хийх, суваг түгжих, ангилах бүрэн боломжтой.
-Засвар, үйлчилгээ хийлгэх бол хаана хандах вэ?
-Засвар, үйлчилгээг 24 цагийн туршид үзүүлэх боломжтой. Хиймэл дагуулаар төвөөс удирдаж, үйлчилгээ үзүүлэх боломжтой гэсэн үг. Орон нутагт инженер ажиллаж байгаа.
-Шинэ үйлчилгээний төвтэй ямар утсаар холбогдох боломжтой вэ?
-Баянзүрх дүүргийн нутаг Амгалан явах замд “Жанжин зах” худалдааны төв бий. Тус худалдааны төвийн хоёрдугаар давхарт манай үйлчилгээний төв ажиллаж байгаа. 9898000, 1800-1998 дугаарын утсаар холбогдох боломжтой. Мөн манай компанийн www.ddishtv.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Л.ДЭЛГЭР